Сонгуулийн тогтолцоо 26:50 хувилбар дээр тогтох уу!

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 02

Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлах бол хуулиараа энэ сарын 15-ны дотор багтах ёстой.

Өнгөрсөн баасан гарагт /2019.11.29/ МАН-ын Удирдах зөвлөл хуралдахдаа ирэх оны УИХ-ын сонгуулийг 50 нь тойргоос, 26 нь улс нэг тойрог хэлбэрээр явуулах хувилбарыг боломжтой гэж үзжээ.

Өнөөдөр /2019.12.02/ УИХ дахь МАН-ын бүлгээр үүнийг хэлэлцэж дэмжвэл сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөх зам шуударна гэсэн үг. Эрх баригч намын хувьд 2016 онд төрийн эрх авснаасаа хойш Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуулийг нэгтгэсэн Сонгуулийн тухай хуулийг задлах ёстой гэсэн байр сууриа илэрхийлсээр ирсэн. Өнгөрсөн хавар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн дэвшүүлсэн төслөөр бол улс нэг тойрог хувилбар яригдаж байлаа. Гэхдээ ингэж явуулах тухай яриа гарахад сөрөөд саналын хуудасны хэмжээ хэт том болох тул боломжгүй гэх асуудал сөхөгдөж байсан юм.

2012 оны УИХ-ын сонгуулиар 28 нь намын жагсаалт, 48 нь тойрогт өрсөлдсөн. Тухайн үед сонгогчид тойрогт нэр дэвшигчээс гадна давхар намын нэр дугуйлсан. Тэгээд намд өгсөн саналд хувь тооцох зарчмаар намуудын жагсаалтын эхэнд байсан хүмүүс УИХ-д орж байв. АН, МАН-ын хувьд ийм байдлаар сонгууль хийвэл жагсаалтын эхний 10-т байгаа улсууд шууд гишүүн болох боломжтой нь тэр сонгуулиар харагдсан. Дээр нь яг ийм л шалтгаанаар МАХН-аас О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нар УИХ-ын босгыг давж байлаа. Гэхдээ тэр сонгуулийн дараа Үндсэн хуулийн цэцээс “Иргэний сонгох эрхийг зөрчсөн” гэж үзээд сонгуулийн пропорционалийн энэ хэлбэрийг хориглосон юм. Өнөөдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хуульд “хүн сонгох” гэсэн үг бий. Үүгээр тооцвол нам дугуйлах хэлбэр нь Үндсэн хууль зөрчөөд байсан хэрэг. Харин сая баталсан Үндсэн хуулийн өөрчлөлтөөр “УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. УИХ-ын ээлжит сонгуулийн явуулахын өмнө хуульд өөрчлөлт оруулж, батлах, өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж оруулсан. “Хүн сонгох” гэсэн үгийг авчихсан байгаа биз. Гэхдээ энэ өөрчлөлт 2020 оны тавдугаар сарын 25-наас хэрэгжих учиртай.

Харин мажоритарын хувьд олон хэлбэртэй. Улс нэг тойрог, бүсчилсэн тойрог, жижиг тойрог гэх мэт. Тэгэхээр 50:26 гэсэн өнөөдөр яригдаж байгаа хувилбар нь энгийнээр бол 50 нь бүсчилсэн тойрогт, 26 нь улс нэг тойрогт өрсөлдөнө гэж ойлгогдоно. Тэгэхээр Үндсэн хууль зөрчсөн болохгүй. 26 нь улс нэг тойрог гэж сонгуульд орно гэхээр бусад аймаг, дүүргүүдийн мандат хасагдах нь ойлгомжтой. Говь-Алтай, Булган, Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар зэрэг УИХ-ын сонгуульд нэг тойрог болдог аймгууд хэвээрээ үлдэнэ. Бусад 16 аймгаас нэг мандат, Улаанбаатар хотоос 10 мандат хасаж таарах болов уу. Мэдээж, АН, МАН-ын хувьд улс нэг тойрогт манлайлаад явчих лидерүүдтэй. Бас тойрогт аргалж чадах ч улс нэг тойрогт орчихвол явахад хэцүү улстөрчид ч бий. Аль алиныг нь бодолцсон байх. АН-ын хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байх үеэр сонгуулийн холимог тогтолцоог оруулах санал гаргаж байсан. Өнөөгийн яригдаж байгаа 26 нь улс нэг тойрог хэлбэр бол АН-ын гаргасан саналтай адил зүйл юм. Тэгэхээр сөрөг хүчний хувьд хуулийг ингэж өөрчлөнө гэвэл дэмжих нь тодорхой.

Гол нь ийм хувилбар олны танил улстөрчдөд илүү ашигтай тусна. Анх удаагаа УИХ-д сонгогдохоор нэр дэвшиж буй хүмүүсийн хувьд улс нэг тойрог руу ороход сонгогдох магадлалаар бага. Дээр нь тойрог 50 хуваагдана гэхээр тодорхой хэмжээнд томорч өөрийгөө таниулахад хүндрэлтэй тусах болов уу. Гэхдээ 76 жижиг тойрогт өрсөлдөхөд гардаг “царцааны нүүдэл” зэрэг асуудал багасах сайн талтай. Мөн улс нэг тойргоос сонгогдсон 26 хүн жалга довны гэгддэг үзэл гаргахгүй явах давуу тал ч бий. УИХ-д анх удаа сонгогдсон гишүүд энэ шинэ хувилбараас болгоомжилж хуучин тойрог дээрээ өрсөлдөх хэрэгтэй гэсэн үг хэлэх болсон. Хуулийг гишүүдийн олонх дэмжихгүй бол хуучнаараа явж таарна. МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэр бүлэг дээрээ унасан тохиолдол ганц нэгээр тогтохгүй. Тэгэхээр ирэх оны сонгуулийн дүрэм ямар болохыг ирэх өдрүүдэд харах нь ээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top