Байгалиа сүйтгэлгүй ирээдүйгээ хэрхэн тэжээх вэ?

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 20

Өлсгөлөн нь ядуурлын хамгийн хүнд илрэл юм. Энэ үзэгдэл дэлхийн улс орон бүрт бий. Өлсгөлөнгийн айдас хүний ДНК-д хүртэл бичигдэж, өлсгөлөн, айдастай өвөг дээдсээс уламжлагдан ирсэн. Энэ нь хүний яс, маханд нь шингэсэн байдаг.

Гэхдээ сайн мэдээ бий. Энэ нь сүүлийн жилүүдэд дэлхий дээр өлсгөлөнгийн түвшин буурч байна. Энэ амжилт хөгжиж буй улс орнуудын хүнсний хэрэглээний 80 хувийг үйлдвэрлэдэг 500 сая жижиг үйлдвэрийн ач гавьяа. Мөн энэ бол төрийн бус байгууллага, эдийн засгийн өсөлт, хүнсний бизнесийн нөр их хөдөлмөрийн үр дүн. Засгийн газар, олон улсын байгууллагуудын хувь нэмрийг дурдахгүй байхын аргагүй. Улстөрийн тогтвортой байдал ч үүнд нөлөөлсөн.

Сайны хажуугаар саар зүйл их. Саяхнаас эхлэн өлсгөлөнгийн түвшин нэмэгдэж ирэв. Дахиад л. Энэ долоо хоногт Дэлхийн хүнсний өдрийг манай гараг дээр 820 сая хүн хоосон ходоодтой тэмдэглэв. Өөрөөр хэлбэл, АНУ, Европын холбооны бүх хүн амыг нийлүүлсэнтэй тэнцэх тоо. 820 сая хүн бор хоногийг хоолгүй өнжиж, орой бүр хоосон ходоодтой хүүхдүүд орондоо орно.

Энэ мэдээ өнөөдөр хэнд ч сонин биш болжээ. Уур амьсгалын хямралын мэдээний нэгэн адил. Гэтэл, энэ хоёр нэг зоосны хоёр тал. Дэлхий дээр өлсгөлөнгийн түвшин нэмэгдэж буй нь уур амьсгалын өөрчлөлттэй шууд хамаатай. Үер, ган гачиг, ширүүн хар салхины давтамж ихэссээр. Жижиг хэмжээний газар тариалан эрхлэгчид хамгийн түрүүнд эдгээр байгалийн гамшигт өртөнө. Зуун жилд ганц удаа тохиодог цаг агаарын аюулт үзэгдэл байдаг л зүйл болж хувирсан.

Гэтэл хүнсний үйлдвэрлэл уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болж байна. Үхэр зэрэг хивэгч амьтан их хэмжээний метан хий ялгаруулж, газар тариалангийн талбайг нэмэгдүүлэх зорилгоор ойг устгадаг.

Тиймээс хүн төрөлхтөн хүндхэн сорилттой тулгараад байна. Бид байгалиа  сүйтгэлгүйгээр дэлхийг хэрхэн тэжээх вэ?

Ирэх жил гэхэд НҮБ-ын гишүүн орнуудын баталсан тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд арван жил үлдэнэ. Өлсгөлөнг бүрэн устгах зорилт эсрэгээр хэрэгжиж буйг хэрхэх талаар шийдвэртэй, яаралтай арга хэмжээ авах шаардлага дэлхий дахинд тулгараад байна.

Германы Засгийн газар ирэх жилийн зургаа­дугаар сард хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, бага орлоготой улс оронд тулгараад бус өлсгөлөнгийн түвшнийг бууруулах чиглэлээр олон улсын арга хэмжээ зохион  байгуулахаар төлөвлөжээ. Оролцогчид хөдөө аж ахуйн хөгжлийн асуудал, олон улсын бүтцийн сул байдлыг хэрхэн шийдвэрлэх тал дээр санал бодлоо уралдуулах юм. Өөрөөр хэлбэл, ихэвчлэн төрийн байгууллага, томоохон компаниудын хүртдэг бэлэн мөнгийг тариаланчдад хуваарилна гэсэн үг. Энэ нь хүнсний бүтээгдэхүүний хангамжийн сүлжээнд засгийн газрын болон хувийн хөрөнгө оруулалтыг чиглүүлж, оновчтой арга замыг тодорхойлно гэсэн үг.

Хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдлын дэлхийн хөтөлбөр тэр бүр амжилтад хүрэхгүй л байна. Уур амьсгалын өөрчлөлт, өлсгөлөн гэх хоёр хос сорилттой тулгараад буй өнөө үед энэхүү хөтөлбөр хэзээ хэзээнээс илүү чухал болж байна. Брексит хэрхэн шийдэгдэхээс үл хамааран Германд болох арга хэмжээ XXI зууны томоохон сорилтууд нэг болсон өлсгөлөнгийн асуудлыг хэлэлцэх боломж юм. Энэ зуун дөнгөж эхэлж, дүр төрхөө одоо л олж авч байна. Энэ зуунд санаанд оромгүй, гайхамшигтай технологиуд бий болж, соёлын асар их өөрчлөлтүүд гарна. Гэвч хүн төрөлхтний өнө эртний дайсан болох өлсгөлөнг даван туулж чадахгүй байхад технологийн утга учир бий юу? Тиймээс ирэх он сорилтын эсрэг зоригтой алхам хийх цаг нь ирсний дохио болно гэж итгэж байна.

Хоол тэжээлийн дутагдалтай ирээдүй

Таваас доош насны гурван хүүхэд тутмын нэг нь хоол тэжээлийн дутагдалтай эсвэл илүүдэл жинтэй, хоёр хүүхэд тутмын нэг нь амин дэм, тэжээллэг бодисын хомсдолтой байна гэж НҮБ-ын Хүүхдийн сан анхааруулж байна.

НҮБ-ын хүүхдийн сангийн тайланд дурдсанчлан, оновчгүй хүнсний систем хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна. Сая сая хүүхэд өөрсөд нь хэрэгтэй зүйлсийг маш бага идэж, мөн тэр хэмжээний хүүхэд өөрсдөд нь хэрэггүй зүйлсийг ихээр идэж байна. Шим тэжээл муу хоол хүнс дэлхийн хүн амын эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж, төрөл бүрийн өвчин эмгэгийн суурь шалтгаан болж байна гэж сэрэмжлүүлжээ.

Их Британид гэхэд энэ нь томоохон асуудал болжээ. Тус улсад хоёр сая хүүхэд хоол хүнсний дутагдалд нэрвэгдэж буй бол бага сургуулиа төгсөж буй гурван хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй, хэт таргалалттай байна.

Дэлхий даяар гачигдал, ядуурлын улмаас таваас доош насны 200 сая хүүхэд хагас өлсгөлөнгийн байдалд байгаа бол 340 сая хүүхэд амин дэм, эрдэс бодисын “далд” өлсгөлөнд нэрвэгджээ.

Ядуу гэр бүлийн хүүхдүүд бүх хэлбэрийн хоол, тэжээлийн дутагдалд орсон гэж НҮБ-ын Хүүхдийн сан илтгэлдээ онцолжээ. Ядуу гэр бүлийн зургаан сараас хоёр ойтой таван хүүхэд тутмын нэг нь эрүүл өсөж бойжих, тархины хөгжилд нь шаардлагатай шим тэжээлийг хамгийн доод хэмжээгээр авч байна.

Дэлхий дахин эрүүл хооллолтын төлөөх дайнд ялагдаж байна гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн гүйцэтгэх захирал Хенритта Фор онцлоод өнгөрсөн олон арван жилд хүн төрөлхтөн технологийн, соёлын, нийгмийн асар их дэвшилд хүрсэн ч бид “ядмаг хооллож байсан хүүхдүүд тарчиг амьдардаг” гэсэн хамгийн чухал баримтыг орхигдуулжээ хэмээсэн байдаг.

Сая сая хүүхэд эрүүл бус хоол, хүнсээр амиа зогоож буй нь илүү сонголт үгүй болохоор л тэр. Хоол, тэжээлийн дутагдлын талаарх ойлголтыг бид өөрчлөх хэрэгтэй. Энэ нь хүүхдэд хангалттай хоол, хүнс өгөх тухай бус эрүүл, зөв хоол, хүнсийг тэдэнд өгнө гэсэн үг юм. Энэ нь өнөөдөр бүх нийтийн сорилт болжээ.

НҮБ-ын Хүүхдийн сангийн тодорхойлсон таваас доош насны хүүхдийн өлсгөлөн, тэжээлийн дутагдал, илүүдэл жингийн гурвалсан дарамт хүүхдийн амь нас, биеийн болон оюуны хөгжилд  эрсдэлд оруулсаар.

Судалгаанаас үзвэл, Зүүн Азид хүүхдүүдийн 50 хувь нь өлөн зэлмэн эсвэл жингийн илүүдэлтэй байна. Хоол тэжээлийн дутагдлын түвшин Зүүн болон Өмнөд Африкт 42 хувьтай байгаа бол Баруун болон Төв Африкт 39 хувьтай байна. Далд өлсгөлөнд хүүхэд, эмэгтэйчүүд илүү нэрвэгджээ. Төмрийн дутагдал хүүхдийн сурах чадварыг бууруулдаг бол төмрийн дутагдлаас үүдэлтэй цус багадалт эмэгтэйчүүдийн төрөх явцад эсвэл төрсний дараа амиа алдах эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Дэлхий дахинд таваас доош насны 149 сая хүүхдийн өсөлт удааширсан байдалтай байгаа бол 50 сая хүүхэд өсөлтөөс гадна жингийн дутагдалтай буйг судалгаа харуулжээ. Энэ дүр зураг Азид түгээмэл буюу таваас доош насны долоон хүүхэд тутмын нэгд нь ийм шинж тэмдэг илэрчээ. Бүх тивд илүүдэл жинтэй хүүхдийн тоо өссөн байна. Дэлхий даяар хүүхэд, залуучуудын дунд таргалалт түгээмэл болж байгаа бөгөөд үүнээс үүдэн хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин “залуужиж” байна. 1975 онтой харьцуулбал илүүдэл жинтэй охидын тоо арав дахин, хөвгүүдийн тоо 12 дахин нэмэгдсэн статистик тоо бий.

Их Британийн ядуу гэр бүлээс гаралтай хүүхдүүд чинээлэг үе тэнгийнхнээсээ илүүдэл жинтэй байгаа нь түргэн хоолны сүлжээнүүд бага орлоготой “хүнсний цөл” гэж нэрлэгддэг дүүрэгт илүү олон тоогоор нээгдсэнтэй холбоотой.

Түүнчлэн НҮБ-ын Хүүхдийн сан хөхний сүүг орлох бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж буйд санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Дэлхий даяар зургаан сар хүртэлх насны таван хүүхэд тутмын хоёр нь л хөхөөр хооллож байна.

2008-2013 оны хооронд хөхний сүү орлуулагчийн борлуулалт 41 хувиар, Бразил, Хятад, Турк зэрэг дундаа дээш орлоготой улсад 72 хувиар өсжээ. Дэлхий даяар зургаагаас 24 сартай хүүхдүүдийн 44 хувь нь жимс, ногоо идэж чадахгүй байгаа бол 59 хувь нь өндөг, сүүн бүтээгдэхүүн, загас, мах идэх бололцоогүй гэр бүлд өсөж байна.

Даяаршил, хотжилт, уур амьсгалын өөрчлөлт эрүүл бус хоол хүнсийг нэмэгдүүлж буйг илтгэлд онцолжээ. Дэлхийн боловсруулсан хүнсний 77 хувийг зөвхөн 100 орчим томоохон компаниуд үйлдвэрлэж байна. Уур амьсгалын хямрал, биологийн төрөл зүйлийн хомсдол, ус, агаар, хөрсний бохирдол сая сая хүүхэд, залуучуудын хоол, хүнсний тэжээллэг чанарт сөргөөр нөлөөлж байна гэж НҮБ-ын Хүүхдийн сан сэрэмжлүүлжээ. Бангладешт гэхэд 19 сая хүүхэд байгалийн гамшгийн аюултай бүсэд амьдарч байна.

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top