АЙЛЧЛАЛ: Шуурганд өртсөн АНУ-ын иргэдэд 100 мянган ам.долларын ТЭМЭЭНИЙ НООСОН хөнжил бэлэглэлээ

Н.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 09 сарын 20

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Цагаан Ордны урилгаар 2018 оны 9 дүгээр сарын 18-наас Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал эхлүүлээд байна. Ерөнхий сайд айлчлалынхаа эхэнд өчигдөр АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пэнстэй Цагаан ордонд уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Уулзалтын талаар Цагаан ордны албан ёсны цахим хуудаст "АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пэнс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хоёр улсын харилцан ашигтай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцлоо. Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын "МСК" 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор болж байгаа юм. АНУ-ын зүгээс НАТО-гаас Афганистанд явуулж байгаа ажиллагаанд цаашид үргэлжлүүлэн дэмжихийг хүсэв. Мөн хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын боломжуудыг хэлэлцэв. Монгол Улс "Флоренс" хар шуурганд өртсөн АНУ-ын иргэдэд 100 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний тэмээний ноолууран хөнжил бэлэглэв" хэмээн мэдээлжээ. 

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пэнс мөн өөрийн твиттер хуудастаа "Маш сайхан уулзалт боллоо. Шуурганд өртсөн иргэдэд 100 мянган ам.долларын ноосон хөнжил бэлэглэсэнд талархаж байна" хэмээн жиргэжээ.

 

 

 

 Ерөнхий сайдын айлчлалын талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн харилцаа нь эдийн засгийн хамтын ажиллагаагаа илүү эрчимжүүлж өргөжүүлнэ энэ айлчлалын хүрээнд Эдийн засгийн хамтын ажиллагааны замын зураг хэмээх тусгай баримт бичиг гарна. Эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдааны харилцаагаа эрчимжүүлэхийн зэрэгцээ соёл хүмүүнлэг, боловсролын чиглэлийн хамтын ажиллагаа илүү өргөжнө. Энэ бол хоёр орны харилцааны цар хүрээ улам нэмэгдэж, шинэ түвшинд гарч байна гэсэн үг. Өнөөгийн түвшнээсээ ахиулсан харилцаанд хоёр талаасаа зорилготой хамтарч ажиллана гэсэн үг. Тэр хүрээнд ч баримт бичгүүд гарч байна.

Айлчлалын хүрээнд “Мянганы сорилтын корпораци”-ийн 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох гэрээний хүрээнд Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурна. Ингэснээр 350 сая ам.долларын буцалт тусламжийн гэрээ нэг мөр шийдэгдэж, хэрэгжихэд бэлэн болж байна гэсэн үг. Энэ санхүүжилтээр Улаанбаатар хотын усан хангамжийн асуудлыг шийдэж, олон шинэ худаг гаргана. Дэлхийн ихэнх оронд нэвтрээд байгаа саарал ус гаргаж авч үйлдвэрлэлд ашиглах технологийг нэвтрүүлнэ. Энэ төсөл нь хоёр орон харилцан ээлтэй хандаж буйн тод илрэл юм.


Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрээ албан ёсны айлчлалынхаа үеэр танилцууллаа. Саяхан тус улсын Зүүн эргийн Хойд Каролина, Виржиниа мужуудад "Флоренс" хар шуурга, хар салхи дэгдсэн. Үүнээс болж эдийн засгийн маш их хохирол учирч, хүний амь нас эрсдсэн байгаа. Харин Монгол Улсын Засгийн газрын зүгээс үүнтэй холбогдуулан харамслаа илэрхийллээ. Түүнчлэн сэтгэлийн дэм болгож 100 мянган ам.долларын тусламж үзүүлэх шийдвэрийг гаргаснаа уламжиллаа. Энэхүү тусламжаа бид тэмээний ноосон хөнжил хэлбэрээр олгохоор болсон" хэмээв.

 Ерөнхий сайдын айлчлал үргэлжилж буй бөгөөд маргааш АНУ-ын Төрийн Депертамент, ОУВС, Дэлхийн банк зэрэг байгууллагад уулзалт хийх юм байна. Мөн айлчлалын дүнд талууд Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн тухай Монгол Улс, АНУ-ын хамтарсан мэдэгдэл гаргаж, хоёр улсын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тухай замын зураглалыг тохиролцох юм. Түүнчлэн айлчлалын хүрээнд АНУ дахь Монголчуудтай уулзалт хийхээр төлөвлөөд байгаа юм.

Айлчлал АНУ-ын нийслэл Вашингтон хотод үргэлжилж буй бөгөөд дараа нь Нью Йорк хотод айлчилж, Социалист Интернационал байгууллагын төр, засгийн удирдагчдын жилийн уулзалтад оролцож үг хэлнэ.

Айлчлалын ФОТО-гоос:




Н.Гантуяа

Гэрэл зургийг Ц.Ган-Өлзий

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(64.119.20.1) 2018 оны 09 сарын 20

BUTSALTGUI TUSLAMJ 350 SAYA DOLLAR BOLJ BAINA. AMJILT

0  |  0
Иргэн(202.126.89.43) 2018 оны 09 сарын 20

ОФФШОР ЦОГОО, ШАНАГА ХҮРЛЭЭ НАР ӨӨР ӨӨРСДИЙН ХУВИЙН АШИГ СОНИРХОЛ ХӨТЛӨГДӨЖ, ШҮЛС НЬ САВИРЧ ЯВАА ДАА ХӨӨРХИЙЙ ДӨӨ...

0  |  0
Top