Д.Бат-Очир: Эх барих, эрчимт эмчилгээ, сэхээний эмч олдохгүй байна

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 12

 Эдийн засгийн хямралаас болж  энэ онд эмнэлэгүүдийн эм, эмнэлгийн хэрэгслийн төсвийг танасан нь багагүй хүндрэл учруулаад байгаа. Энэ талаар III амаржих газрын Ерөнхий эмч Д.Бат-Очироос тодрууллаа.

-Эмнэлгүүдийн эмийн төсөв хасагдсан байгаа. Мөн төрөлтийн тоо өндөр байгаа гэдэг мэдээлэл бидэнд ирсэн. Энэ танайд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Манай эмнэлгийн эмийн төсвийг 28 хувиар танасан. Төрөлт урьд жилүүдийнхтэй адилхан хэвийн л байгаа. Хэт өндөрссөн намссан гэдэг тоо байхгүй. Хэдийгээр эм хангамж маань танагдсан ч гэсэн бид аль болох нөхцөл байдалдаа тааруулаад л ажиллаж байна.

- III Амаржих газрын барилгын ажил үндсэндээ дууссан гэж байсан. Хэзээ шинэ байрандаа нүүж орохоор төлөвлөж байгаа вэ?

- 150 ортой, зоорийн давхартай, таван давхар байшин баригдаад дууслаа. Ашиглалтад орох дөхөж байгаа. Гэхдээ барилгыг улсын комисс хүлээж аваагүй байгаа учир яг хэзээ орох талаар тодорхой хэлж мэдэхгүй байна. Бид нар өөрсдийнхөө хэмжээнд НМХГ, НЭМГ, Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газартай хамтраад  шинэ барилгаа стандартад нийцүүлэхээр ажиллаж байна. Манай инженер техникийн ажилтнууд, угаалга цэвэрлэгээний бригад ажиллаж байгаа. Шинэ байр болохоор хийх ажил их байдаг юм байна. Улсын комисс барилга дээр ажиллаад бас ямар үүрэг даалгавар өгөхөөс шалтгаалаад зургаадугаар сарын 1-н орчимд шинэ байрандаа нүүж орох төлөвлөгөөтэй ажиллаж байна.

- Шинэ байрандаа нүүж орохоор ажлын орон тоо нэмэгдэх үү?

- Энэ онд шинэ амаржих газартаа нүүж орж, үйлчлүүлэгч нэмэгдэх учраас 75 хүний орон тоо нэмэхээр Сангийн яамтай тохиролцож 2015 оны төсөвт зардлаа нэмж тусгуулсан байгаа. Эх барихын, эрчимт эмчилгээний, сэхээн амьдруулах эмч нэн шаардлагатай байна.  75 ажлын орон тоондоо эх барих эмэгтэйчүүдийн эмч, сэхээн амьдруулах эмч, эрчимт эмчилгээний эмч, нярайн эмч, сувилагч гэсэн үндсэн мэргэжлээр ажилтан авна.  Одоогоор эх барихын, эрчимт эмчилгээний, сэхээн амьдруулах эмч нэн шаардлагатай байна. Эмнэлгийн захиргааны зүгээс зар түгээж, сонгон шалгаруулалт явуулахаар төлөвлөж байгаа ч эмч олдохгүй байгаа.

- 150 ортой болж байгаатай холбоотойгоор эмнэлгийн бусад зардал нэмэгдэх байх. Энэ жил эмнэлгүүдийн эмийн төсвийг 20 гаруй хувиар танасан. Танайх хэдэн хувиар тануулсан бэ?

- Манай эмийн төсөв 28 хувиар танагдсан. Өнөөдрийн байдлаар төсөв мөнгөнөөс шалтгаалаад эмчилгээ үйлчилгээ доголдсон асуудал байхгүй байна.  Бусад эмнэлгүүдтэй харьцуулахад олон сая төгрөгөөр яригдах эмийн өргүй байгаа ч бас өр хуримтлагдаад эхэлчихсэн. Шинэ байрандаа орж, 150 ортойгоор үйл ажиллагаа явуулахаар эмийн зардал болон бусад төсөв мөнгөний асуудал яригдах шаардлагатай болох байх.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top