Амиа алдсан эмэгтэйн хэргийг Малайзын цагдаагийн газар шалгаж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 14

Хотын цагдаагийн газрын орлогч дарга Датук Лау Хон Сүний мэдээлснээр Ампанг дүүрэгт амиа алдсан монгол эмэгтэй 27 настай аж. Талийгчийг Д.Отгонтуяа гэдэг бөгөөд зургаан давхраас ням гаргийн 11 цаг 30 минутын үед унаж амиа алджээ. Датук Лау Хон Сүн ярихдаа “Хэрэг одоогоор гэнэтийн үхэл гэсэн ангилалд багтаж байгаа бөгөөд мөрдлөгийн явцад туслаач хэмээн Монголын элчин сайдын яамнаас орчуулагч гаргаж өгөхийг хүлээж байгаа” гэлээ. Мөн талийгчтай хамт амьдардаг гурван монгол бүсгүйтэй хэл нэвтэрч чадахгүй байгаа тул байцаалт явуулахад хүндрэлтэй байгаа гэжээ. Тэрээр “Бид ямар нэгэн дүгнэлт гаргахаас өмнө сэжигтнүүдээс байцаалт авахыг чухалчилж байна” гэсэн юм. Малайзын “Malay Mail” сонинд бичсэнээр хэрэг гарахын өмнө дөрвөн монгол эмэгтэй согтуу байсан бөгөөд эмэгтэйг унахын өмнөхөн маргалдаж байсан гэж бичжээ. Энэ талаар цагдаагийн эх сурвалж хэлэхдээ “Маш олон архины хоосон шил олсон. Мөн тэдний байшингийн балконы гүйдэг шилэн хаалга эвдэрсэн байсан” хэмээн ярьлаа. Үүнээс гадна хөршүүд нь хэрэг болохын өмнө чангаар хашгирч байхыг сонссон байна. Дөрвөн монгол бүсгүй бүгд хүчинтэй пасспорттой байсан ч Цагаачлалын департмент тэд Малайзад оюутны виз эсвэл аялалын визээр ирсэн эсэхийг шалгаж байгаа аж. Д.Отгонтуяа өнөгрсөн 11 дүгээр сард Малайзад очсон бөгөөд өнгөрсөн сард Малайзын Олон улсын исламын их сургуульд элсэн орсон болохыг цагдаа нар тогтоожээ. Харин сэжигтнүүд 23-32 насны эмэгтэйчүүд гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top