Таван Толгойн 6.5 тэрбум тонн нүүрсийг ямар компаниуд эзэмшдэг вэ?

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 21

Өмнөговь  аймгийн  Цогт-Цэций сумын нутагт байрлах Таван толгойн орд газрыг гурван компани хуваан эзэмшдэг.  Нэгд, том Таван толгой буюу өнөөдөр бид 536 ширхэг хувьцааг нь эзэмшиж байгаа “Эрдэнэс Таван Толгой” ХК. Төрийн өмч давамгайлсан тус компани орд газрын нийт лицензийн талбайн 94%-ийг эзэмшиж байна. Нүүрсний нөөц нь урьдчилсан байдлаар 6 тэрбум тонн. Хоёрт, орон нутгийн “Таван толгой” ХК буюу Өмнөговь аймаг 51%, хувийн хэвшил 49% эзэмшдэг  төр, хувийн хэвшлийн холимог өмчлөл бүхий жижиг Тавантолгой орно. Орон нутгийн “Таван толгой” ХК нийт лицензийн талбайн 2% орчим хэсгийг эзэмшиж, 45 жилийн турш олборлолт явуулж байгаа тухайн ордын ууган олборлогч юм. Нүүрсний нөөцийн хэмжээ 170 сая тонн боловч ил аргаар олборлох хэмжээ нь үлэмж багассан.
Гуравдугаарт, 100% хувийн өмчит “Энержи Ресурс” ХХК Өмнөговь аймгийн Таван толгойн ордын Ухаа Худаг дахь  коксжих нүүрсний ордыг эзэмшдэг. Нийт лицензийн талбайн 4%-ийг эзэмшдэг боловч эдийн засгийн өгөөж хамгийн өндөртэй хэсгийг хамардаг ажээ. Нүүрсний нөөц нь 470-490 сая тонн гэсэн мэдээлэл байна.

“Тавантолгой” ХК
“Таван Толгой” ХК нь 1967 оноос олборлолт хийж эхэлсэн бөгөөд 2009 оны 9-р сарын байдлаар нийт 9,8 сая тонн орчим нүүрс олборложээ. Тус уурхай 1967-2004 онуудад нийт 2,45 сая тонн, жилд дунджаар 40,0-60,0 мян.тонн нүүрс олборлож аймаг орон нутгийн хэрэгцээг хангаж байв.  2005 оноос эхлэн нүүрс экспортлож 2005-2009 онуудад 7,35 сая тонн орчим нүүрс олборлосон байна Таван толгойн орд газарт тусгай зөвшөөрөл эзэмшигч “Эрдэнэс МГЛ” ХХК, “Дайцүки” ХХК-иуд одоогоор олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй байна. Таван толгойн ордыг ашиглах урьдчилсан ТЭЗҮ-ийг ОХУ-ын ГИПРОШАХТ институт 1990 онд боловсруулсан ба нийтдээ 6,42 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэсэн тооцоо хийжээ. Үүнээс коксжих нүүрс 1,8 тэрбум буюу 28% үлдэх 4,6 тэрбум буюу 72% нь эрчим хүчний нүүрс байна. Таван толгойн ордод нийт 9 ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон ба талбайн хэмжээ нь 71754 га газрыг хамарч байна.

“Эрдэнэс Таван Толгой” ХК
“Эрдэнэс Таван Толгой” ХК нь Төрийн өмчийн “Эрдэнэс МГЛ” ХХК –ийн охин компани юм. Тодруулбал Таван толгойн орд газрыг эзэмшигч “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн 51%-ийг “Эрдэнэс МГЛ” ХХК эзэмшиж байна.
“Эрдэнэс МГЛ” ХХК нь стратегийн ач холбогдол бүхий орд, улсын төсвийн хөрөнгөөр эрэл хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордын ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшин үйл ажиллагаа явуулах, стратегийн ач холбогдол бүхий ордыг ашиглах үеийн төрийн оролцоог хэрэгжүүлж, төрд ногдох ашгийг төвлөрүүлэх, ашигт малтмалын нөөцийн үнэлгээ хийх, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн өмчийн оролцоотой компаниудын төрийн мэдлийн хувьцааг борлуулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх үндсэн үйл ажиллагаа явуулах юм.

“Энержи Ресурс” ХХК
Хайгуулын 5 тусгай зөвшөөрлийг “Энержи Ресурс” ХХК эзэмшиж байгаа бөгөөд нийт 70569 га газрыг хамарч байна. Тус компани нь “Ухаа худаг” төслийн үйл ажиллагааг идэвхжүүлж богино хугацаанд  800 гаруй ажлын байр бий болгожээ. Үүнээс 150 нь Өмнөговь аймгийн иргэд байв. Түүнчлэн цаашид төмөр зам барих явцад мэргэжлийн ажилтан, ажилчид олноор нэмэгдэх бөгөөд уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллах үед 1500 орчим хүнийг ажлын байраар хангах боломжтой гэж тооцож байна.
Уул уурхайн мэдээллийн алба. Zindaa.mn
   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top