“Эрдэнэс-Тавантолгой” ХК байгуулах тухай

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 17

2010 оны 10 дугаар                                                                                      Улаанбаатар

сарын   20-ны  өдөр                                 Дугаар 272                                           хот

 

 

                                                       “Эрдэнэс-Тавантолгой” ХК байгуулах тухай

 

 

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь заалт, Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

 

1. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн охин компани хэлбэрээр байгуулсугай.

 

            2. Дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Төрийн өмчийн хороо    (Д.Сугар)-нд даалгасугай:

 

2.1. Компанийн өөрийн хөрөнгийг бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг  “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн толгой компани болох “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн хөрөнгөөс гаргах. 

 

2.2. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн дүрмийг яамдаас өгсөн саналыг тусгасны үндсэн дээр зохих журмын дагуу баталж мөрдүүлэх.

 

3. Дараахь ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэхийг Төрийн өмчийн хороо (Д.Сугар), “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш нарт даалгасугай:

 

3.1. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны 10 хувийг Монгол Улсын иргэдэд үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдах, 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр арилжаалахдаа хувьцааны үнэ, тоо, нөхцөл болон компанийн үнэлгээтэй холбоотой асуудлыг боловсруулж Засгийн газарт тухай бүр танилцуулан шийдвэрлүүлж байх.

 

3.2.  Компанийн хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн биржид арилжаалах бэлтгэл ажлыг эхлүүлж, шаардлагатай олон улсын зөвлөх компани, аудитор, хөрөнгө оруулалтын банкийг холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулж хамтран ажиллах.

 

4. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг үнэ төлбөргүй эзэмших иргэд болон компанийн хувьцааг нэрлэсэн үнээр худалдаж авах эрх бүхий үндэсний аж ахуйн нэгжийн тоог тодорхой болгох ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай.

 

5. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшүүлэх, нэрлэсэн үнээр  худалдаалах, бирж дээр арилжаалах болон компанийн үнэлгээ хийлгэх асуудлыг олон нийтэд нээлттэй, ил тод байлгах арга хэмжээ авч, ажлын явцын талаар тогтмол танилцуулж байхыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт даалгасугай.

 

 

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                         С.БАТБОЛД

 

 

            Монгол  Улсын  сайд,

            Засгийн газрын Хэрэг

            эрхлэх газрын  дарга                                                                     Ч.ХҮРЭЛБААТАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top