Ашигт малтмал ба Африкийн сургамж

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 19

Zindaa.mn сайт уул уурхайн чиглэлээр цогц мэдээллийг уншигчдадаа хүргэх зорилтынхоо хүрээнд уул уурхайн салбарын асуудал дэвшүүлсэн, мөн танин мэдэхүйн ач холбогдолтой цуврал нийтлэлийг уншигчдадаа хүргэж байгаа билээ. Бид энэ удаа Африкийн уул уурхайн ололт хийгээд эмгэнэлийн талаар бичиж байна. Тэндээс суралцахаас илүүтэй сэрэмжлэх зүйл олон байгааг өнөөдрийн манай улсын нийгэм, эдийн засгийн байдал илтгэж байгааг та бүхэн анзаарч уншаарай. Zindaa.mn сайтын сэтгүүлч Б.Отгонбаярын нийтлэлийг хүлээн авна уу.

Монголын газар доорх баялаг дэлхийн сонорыг мялааж, бөмбөрцгийн баячууд хөрөнгө оруулах боломжийг судалсаар байна.  Баялагтай бүхэн баяждаггүй гэдгийг ч дэлхийн томоохон эдийн засагчид бас сануулж байгаа юм. Судлаачид ихэвчлэн Африкийн жишээг татаж ярьдаг. Энд амжилт, алдаа аль аль нь зэрэгцэж байна. Иймээс тэндхийн зарим орны туршлага, эмгэнэлт хувь тавилангаас товч өгүүлье.


Баялгаа зөв зарцуулан хөлжиж буй Алжир

Баялгаа “чулуу” болгож баяжсан Африкийн орнуудын нэг нь Алжир улс ажээ. Уулын орон Алжирын баялгийн дийлэнх хэсэг нь Зүүн Сахарт байдаг бөгөөд Засгийн газраас нь баялгаа юу ч үгүй цөлмөхөөс сэргийлж, аль 1980 оноос газрын тосны экспортонд квот тогтоосон ч 1990-ээд оноос бага зэрэг үрэлгэн байдал руу шилжсэн байна. Гэхдээ бүрмөсөн жолоогоо тавиад туучихаагүй. 1995 оноос нефть, байгалийн хийн баялгаа эдийн засгийн гол хөдөлгүүр болгож чаджээ. Иймээс Алжир улс инфляцийг ердөө нэгхэн хувьд барьж байдаг дэлхийн цөөн орнуудын эгнээнд багтсан байна. Түүгээр зогсохгүй төсвийн алдагдлыг бууруулж, эдийн засаг нь жилд ойролцоогоор 4 хувийн өсөлттэй болжээ. 1999 онд 28 тэрбум ам.долларын гадаад өртэй байсан тус улс баялгийн орлогоо зөв хуваарилсны хүчинд энэ өр нь өдгөө тавхан тэрбум ам. доллар болтлоо буураад байна. Ингэж үсрэнгүй амжилт олсон Алжирчууд өнөөдөр Европын холбооны байгалийн хийн импортын 25 хувийг дангаараа хангадаг гэхээр бахархмаар байгаа биз. Алжир улс 160 их наяд шоо дөрвөлжин фунт байгалийн хийн нөөцтэй. Энэ нөөцөөрөө дэлхийд наймдугаарт бичигдэж байна. Түүнчлэн 11,8 тэрбум баррель газрын тосны нөөцөөрөө дэлхийд 18-д ордог. Газрын тосны үнэ тэнгэрт хадаж байсан 2000 оны эхээр Засгийн газар нь ухаалаг, хэмнэлттэй, нарийн тооцоотой ажиллаж орлогоо дэмий үрээгүйн ачаар уналтыг амсаагүйг эдийн засагчид өндөр үнэлдэг юм билээ. Тухайн үед тус улсын валютын нөөц бараг гурав дахин өссөн гэдэг. Эдийн засаг нь ашигтай байх тусам тэд “бүсээ чангалж” төсвийн зарлагаа танаж байсан байна. Амжилтаа улам ахиулахын тулд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татаж, уул уурхайн орны давуу талыг харуулж чадсан юм. Төмөр, цахиур, зэс, сурьма, калиман тэнд элбэг бий. Ийнхүү эрчимтэй урагшлах замдаа орсон алжирчууд өнгөрсөн онд л гэхэд гадаад валютын авдартаа 149,3 тэрбум долларын нөөцтэй гарсан байлаа. Нэг үгээр хэлбэл, Алжир бол байгалийн баялгийг зөв хуваарилвал хөгжилд хүрдгийг баталсан орны нэг ажээ.



Суданы сульдалт

Африкийн буурай орнуудын тоонд Судан багтдаг. Байгалийн баялгийн нөөцөөрөө Алжираас дутахгүй. Хөдөө аж ахуйн орон гэгдэж байсан тус улс 1999 оноос түүхий нефть экспортолж эхэлсэн юм. Яг л манайхан Хятад руу нефть ачуулж байгаа шиг. 2008 оноос газрын тосны олдворлолтоо огцом өсгөж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг асар их татсан байна. Гэвч хүн амын 40 гаруй хувь нь ядуурлын доод түвшнээс доогуур аж төрдөг хэвээрээ үлдэв. Юуны өмнө тэд баялгаа зөв хуваарилж чадаагүйн дээр дайн, улс төрийн тогтворгүй байдалд ниргүүлсээр ядуурлыг бууруулж чадахгүй байгаа юм. Мөн эдийн засагт нь хувийн хэвшил бараг байхгүй шахуу байгаа нь бүр ч хүнд байдалд оруулахад нөлөөлж аж. Боловсруулах аж үйлдвэр ч хөгжиж амжаагүй. Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг хандивлагч байгууллагуудын зөвлөмж, дэмжлэгийг хөсөр хаясан нь дайн самуунтай холбоотой ч Засгийн газрынх нь бүтэл муутай бодлогооос ихээхэн шалтгаалж байлаа. Одоо тэд гадаад өр зээл хамгийн өндөртэй улс орнуудын тоонд ороод байна. Алан хядах бүлэглэлүүдийг илт дэмждэг Засгийн газартай хөл нийлж хол явахгүйгээ иргэд нь сайтар мэддэг ч элдэв холбоо хөдөлгөөнүүдэд нэгдэн баялгаа булаацалдах, алан хядагчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор хөрш орнууддаа ч хааяа түүхий нефть шахаж, үймээн бужигнаан үүсгэдэг тул АНУ сүүлдээ худалдааны харилцаагаа зогсоогоод байна.  



Баялгаа хувааж зараад баларч буй Нигер 

Нигер бол Африкийн “гээгдмэл” орнуудын нэг. Манайхтай л адилхан “Алтан дээр суусан” гуйлгачин улс. Ялгаа нь гэвэл газрын доорх баялгаа аль эрт харийнхантай хуваагаад идчихсэн. Идчихсэн ч гэж дээ, зарчихсан. Яг манайх шиг эхлээд тэд “Яндаж баршгүй их баялгаа яаж ард түмэндээ тэгш хуваах вэ” гээд дээр дооргүй бужигналдаж байлаа. Энэ бол 1960-аад он шүү дээ. Эрх баригч улс төрийн хүчин нь “Үндэсний баялгийг ашиглах нийт ард түмний хөтөлбөр” нэртэй сүржин баримт бичиг батлаад гаргачихсан таахалзаж байв. Тэд 30 жилийн хугацаанд уг хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр болсон. Ингэснээр үндэснийх нь орлого наад зах нь дөрвөөс зургаа дахин өсч, ядуурал үүрд баяртай гэж хашгиралдах ёстой байв. Нигерийн хөнгөн цагаан, хар тугалга, газрын тос хуучин социалист орнуудын жинхэнэ хорхойг хүргэж байсан юм. Капиталистууд ч тэдэнтэй өрсөлдөн Нигер рүү хамаг анхаарлаа хандуулаад байв. Мэдээж тэд бүхнийг мөнгөөр шийднэ. Социалистууд ч ялгаагүй мөнгөөр л Нигерийг цохиж унагахаар ажиллаж эхэлсэн юм. Юмтай хүн юмаараа гайхуулав гэгчээр Нигерийн эрх баригчид ийнхүү тал талаас улайрсан олон ашиг сонирхлын дунд сүүлдээ яг л согтуу хүн шиг болж хоцорчээ. Нэг л их баялаг байгаад байдаг. Хааш нь хэнд худалдах, ард түмнээ хэрхэн баяжуулах гэх мэт өнөөх гайхуулаад байсан хөтөлбөр нь аяндаа мартагдаад төрийн толгойд гарсан хэдхэн хүний тоглоом төдий зүйл болж хувирчээ. Төрийн бодлого хазайхыг тэвчихгүй шударга иргэд нь ч удалгүй олон янзын хөдөлгөөн зохион байгуулан тэмцэж эхэлжээ. “Шударга ёсны төлөө ард түмний форум” гэгч иргэний байгууллага, “Ашигт малтмалыг үндэсний хөгжилд зориулах иргэдийн хөдөлгөөн”-тэй дуу нийлүүлэн төр засгийнхаа гуйвамтгай бодлогыг шүүмжлэн гарч ирсэн юм. Монголд өрнөөд байгаа олон хөдөлгөөн, холбоод шиг янз бүрийн шаардлагуудыг тавьцгаажээ. Иргэний жагсаал цуглаан үй түмээрээ гарав. Заримдаа бүр учир тоймоо алдсан гэдэг. Гэвч ард түмнийхээ хүсэн хүлээсэн үр дүнд хүрч чадсангүй. Иргэний хөдөлгөөнүүд, эрх баригчид аль аль нь хоорондоо үгсэн хуйвалдаж баялаг нь будаа болох зам руугаа эргэлт буцалтгүйгээр орж явчихсан байна. Гайхамшгийг авчрах  30 жилийн хөтөлбөр нь эхнийхээ арван жилийг ч элээлгүй замхарчээ. Үндэсний эдийн засгийн яамных нь мэдэлд байсан 140 гаруй лицензийг Ерөнхий сайд болон түүнийг тойрон хүрээлсэн хэдхэн хүн гартаа авсан байв. Бас нэлээд хэсгийг нь “Эх орон, ард түмнийхээ төлөө” хэмээн сүр бадруулан хашгираад байсан иргэний хөдөлгөөний удирдагчид эзэмшжээ. Эрх баригчид нь иргэний хөдөлгөөнүүддээ хишиг хүртээх замаар баялгаа ийнхүү үрэн таран хийв. Ялангуяа эдгээрийн дотроос үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь Ерөнхий сайдынхаа бүлэглэлийн баялаг эзэмшсэн хэмжээнээс нэг их дутахааргүй эзэмшилтэй болж, гадаадын олон улс оронд зарсан гэдэг. Үүнийг харсан гадаадын шударга хэвлэлүүд “Нигерийн төр, үйлдвэрчний эвлэлтэйгээ хамтран ард түмнээ дээрэмдлээ” хэмээн дэлхий нийтэд хандан бичиж байлаа. Одоо ч энд байдал дээрдээгүй байна.




Уул уурхайн мэдээллийн алба. Б.Отгонбаяр Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top