ХК ба ХХК-ийн ялгаа

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 17

Компаниуд  нэрийнхээ ард  хувьцаат компани буюу "ХК", хязгаарлагдмал хариуцлагатай компани буюу "ХХК" гэж  компанийн хэлбэрийг тодотгож өгдөг.
ХК: хувь нийлүүлэгчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь нийтэд чөлөөтэй арилжаалагддаг нээлттэй буюу хувьцаат компани;
ХХК: хувь нийлүүлэгчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь компанийн дүрмээр хязгаарлагддаг хаалттай буюу хязгаарлагдмал хариуцлагатай компани гэсэн 2 хэлбэртэй байна.
Нээлттэй буюу хувьцаат компани
      Нээлттэй буюу хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчийн саналыг харгалзахгүйгээр өөрийн эзэмшиж байгаа хувьцааг чөлөөтэй захиран зарцуулах эрх эдэлнэ.
      Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн тоог компанийн дүрмээр хязгаарлахгүй.
     Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хувьцаат компани нь нээлттэй буюу хаалттай захиалгын үндсэн дээр хувьцаа болон бусад үнэт цаас гаргаж болно. Хаалттай захиалгын үндсэн дээр нэмж гаргасан хувьцааг худалдан авагч нь цаашид түүнийг чөлөөтэй захиран зарцуулах эрх эдэлнэ.
      Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчид өөр хоорондоо тохиролцсоны үндсэн дээр хувьцаагаа захиран зарцуулах эрхээ харилцан хязгаарласан гэрээ байгуулж болно. Энэ гэрээний үйлчлэх хугацаа нь 10 жилээс дээшгүй байх бөгөөд гэрээг хэдэн ч удаа сунгаж болно.
     Хаалттай буюу хязгаарлагдмал хариуцлагатай компани
      Хаалттай буюу хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үүсгэн байгуулагчдын тоо 50-иас дээшгүй байна. Хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулагдсаны дараа хувьцаа эзэмшигчдийн тоог хязгаарлахгүй.
      Хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хувьцаа, тэдгээрийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хөрвөх үнэт цаасыг зөвхөн хаалттай захиалгын үндсэн дээр гаргана. Тэдгээрээс бусад үнэт цаасыг компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хувьцаат ба хаалттай захиалгын үндсэн дээр гаргаж болно.
      Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчид нь компанийн бусад хувьцаа эзэмшигчийн худалдах хувьцаа, тэдгээрийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хөрвөх үнэт цаасыг гурав дахь этгээдэд санал болгох үнээр эзэмшиж байгаа хувьцааныхаа тоонд хувь тэнцүүлэн энэ зүйл болон компанийн дүрэмд заасан журмын дагуу тэргүүн ээлжинд худалдан авах эрхтэй.
      Хувьцаагаа худалдахаар санал тавьж байгаа хувьцаа эзэмшигч нь саналаа бусад хувьцаа эзэмшигчдэд бичгээр мэдэгдэнэ. Энэ мэдэгдэлд худалдах гэж байгаа хувьцааны төрөл, тоо, худалдах үнэ, тэргүүн ээлжинд худалдан авч болох хувьцааны тоо, худалдан авах хугацаа, журмыг тодорхойлсон байна.
     Хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах хувьцаа эзэмшигч нь энэ шийдвэрээ тогтоосон хугацааны дотор бичгээр компанид мэдэгдэнэ. Энэ мэдэгдэлд худалдан авч байгаа хувьцаа эзэмшигчийн овог, нэр, хаяг, худалдан авах хувьцааны тоо, төлбөр хийсэн баримт зэргийг тусгасан байна. Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хувьцаа эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчдийн хувьцааг тэргүүн ээлжинд авах эрхээ бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хэрэгжүүлэх, эсхүл энэ эрхээ бүхэлд нь буюу зарим хэсгийг нь бусад хувь нийлүүлэгчдэд шилжүүлэх эрхтэй.
    
      Уул уурхайн алба. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мал(202.126.89.231) 2024 оны 04 сарын 21

Шал тэнэг

0  |  0
Ч. Номин(202.9.46.136) 2024 оны 04 сарын 21

Тэнэг юм бичдэг юм бэ? Юу ч ойлгохгүй байна.

0  |  3
Top