460 мянга гаруй үнэт цаасны данс нээгджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 15

“Эрдэнэс Таван Толгой” ХК-ны үнэ төлбөргүй эзэмшүүлэх 536 хувьцааныхаа дансыг нээлгэхийн тулд хувь хүн иргэний үнэмлэхтэйгээ очиж, таван мянган төгрөгийн хураамж, харин аж ахуйн нэгж 50 мянган төгрөгийн хураамж төлнө. “Эрдэнэс Таван Толгой” компанийн нийт иргэдэд ижил хэмжээгээр үнэ төлбөргүй эзэмшүүлэх 10 хувь буюу 1.5 тэрбум хувьцааг шинэчилсэн бүртгэлд хамрагдсан 2 сая 500 гаруй иргэн эзэмшиж, нэг иргэн 536 ширхэг хувьцааны эзэн болсныг Ерөнхий сайд С.Батболд Монголын хөрөнгийн бирж, Лондонгийн хөрөнгийн бирж хоёр “Ажлын мастер гэрээ” байгуулж, гарын үсэг зурах үед зарласан. Тэрбээр шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй иргэд даруй түргэн хамрагдахыг ч сануулсан билээ. Энэ үеэр мөн Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв /ҮЦТТТХТ/ цахим хуудастай болж, иргэд “Эрдэнэс Таван Толгой” компанийн хувьцаа эзэмшсэн эсэхээ шалгах боломжтой болсныг ч олон нийтэд мэдэгдсэн. Хэрэв та шинэчилсэн бүртгэлд хамрагдсан бол http://registration.schcd.mn гэдэг цахим хуудсанд зочилж, регистрийн дугаараа бичээд “Эрдэнэс Таван Толгой” компанийн 536 ширхэг хувьцааны эзэн болсон эсэхээ шалгаж болно. Энэ талаар иргэдийн дунд буруу ойлголт их байгаа тул ҮЦТТТХТ-ийн Олон нийттэй харилцах албаны менежер Ж.Байгальмаагаас тодруулга авч, одоогийн байдлаар яг хичнээн иргэн үнэт цаасны данстай болсныг лавлаж асуув. Дашрамд хэлэхэд, шинэчилсэн бүртгэлд хамрагдаж “Эрдэнэс Таван Толгой” компанийн 536 ширхэг хувьцааны бичилт хийгдсэн бүх иргэн ҮЦТТТХТ-д данстай гэсэн үг биш юм. Гэхдээ та шинэчилсэн бүртгэлд л хамрагдсан бол данстай, дансгүй таны нэр дээр “Эрдэнэс Таван Толгой” компанийн 5636 ширхэг дансны бичилт хийгдсэн байх ёстой. Мэдээж 536 хувьцааныхаа ноогдол ашгийг хүртэж, зарж борлуулж, шинэ хувьцаа нэмж авахад үнэт цаасны данстай байх зайлшгүй шаардлагатай. Гэхдээ хэрэв та шинэчилсэн бүртгэлд хамрагдаж, 536 хувьцааны бичилт танд хийгдсэн бол /үүнийг дээрх цахим хуудаснаас шалгаж болно/ хүссэн үедээ дансаа нээлгэж болно. Одоогийн байдлаар “Эрдэнэс Таван Толгой” компанийн хувьцаа ямар үнэтэй байх нь тодорхойгүйгээс гадна нүүрс олборлож, зарж эхлээгүй байгаа тул иргэд яарах хэрэггүй гэж холбогдох албаны хүмүүс хэлж байгаа. Харин шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй иргэд түргэн шуурхай хамрагдаж, Эрдэнэс Таван Толгой компанийн 536 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшиж байна гэсэн бичилтээ хийлгэх ёстой. Иргэд өөрсдийн харьяа дүүрэг дээрээ очиж шинэчилсэн бүртгэлд хамрагдаж болох аж. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-ний байдлаар ҮЦТТТХТ-д нийт 450.077 данс нээгдсэн байна. Харин 2011 оны нэгдүгээр сарын нэгнээс дөрөвдүгээр сарын 10  хүртэл дээрх 450.077 дансан дээр нэмж 13.749 данс нээгджээ. Эдгээрийн 13.283 дансыг Монгол Улсын иргэд, 150 дансыг гадаадын иргэд, 309 дансыг дотоодын аж ахуйн нэгж байгууллагууд, 7 дансыг гадаадын аж ахуйн нэгж байгууллагууд нээлгэсэн байна. Дээрх тооноос харахад шинэчилсэн бүртгэлд хамрагдсан 2 сая 500 гаруй иргэдийн ихэнх нь үнэт цаасны төвлөрсөн хадгаламж дахь дансгүй байгаа юм байна. Гэхдээ дахин сануулж хэлэхэд, үнэт цаасны дансгүй байлаа гээд “Эрдэнэс Таван Толгой” компанийн 536 хувьцааг эзэмшээгүй гэсэн үг биш. Хэрэв та шинэчилсэн бүртгэлд хамрагдсан бол таны нэр дээр бичилт хийгдсэн байх ёстой. Тиймээс заавал өнөө маргааш гэлгүй, цаг заваараа брокер дилерийн компаниудаа судалж, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэгээ зузаатгасны дараа дансаа нээлгэх хангалттай хугацаа танд байна.

          -Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан бүх хүнд “Эрдэнэс Таван Толгой” компанийн 536 ширхэг хувьцааны бичилт хийгдсэн. ҮЦТТТХТ-д данстай иргэдийн хувьд бол хувьцаа нь шууд дансанд нь орсон байгаа. Харин дансгүй иргэдийн хувьд бол нэр дээр нь хувьцааны бичилт орсон. Үүнийг “Эрдэнэс Таван Толгой” компанийн хувьцааг эзэмшлээ гэж ойлгож болно. Эдгээр иргэд хэрэв данс нээлгэнэ гэвэл 47 брокер дилерийн компанийн аль нэгийг сонгож үйлчлүүлэн дансаа нээлгэж болно. Одоо иргэд “Эрдэнэс Таван Толгой” компанийн хувьцаа эзэмшсэн эзэмшээгүйгээ, данстай дансгүйгээ заавал ҮЦТТТХТ-д ирж нягтлах шаардлагагүй. Манай цахим хаягаар орж шалгах боломжтой болсон гэж Ж.Байгальмаа ярьсан юм.

          Дээр дурдсан http://registration.schcd.mn гэдэг цахим хаягаар орж өөрийнхөө регистрийн дугаараа шивэхэд нэг анхаарах зүйл бол windows-ийн стандартын гарын драйвер ашигладаггүй. Тиймээс үсгийн фонд солигч цахим хуудсанд орж /http://badaa.mngl.net/convert/con2uni.htm/ хувиргах хэрэгтэй гэж зарим хүмүүс зөвлөж байна.

Брокер дилерийн компанид данс нээлгэхэд

          Хэрэв та брокер дилерийн компанид данс нээлгэх гэж байгаа бол тухайн компанийнхаа шимтгэлийн хураамж, үйлчилгээ, зөвлөгөө өгч байгаа зэрэг байдлыг нь шалгах хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна. Мөн Хөрөнгийн биржийн үйл ажиллагаанд хэр оролцдог, туршлага зэргийг нь харгалзах учиртай ажээ. Хувь хүн данс нээлгэхэд иргэний үнэмлэхтэйгээ очиж, 5000 төгрөгийн хураамж төлнө.  Харин ААН 50 мянган төгрөгийн хураамж төлнө. Хэрэвзээ сонгосон брокер дилерийн компанийн чинь үйл ажиллагаа таалагдахгүй байгаа бол өөр брокер дилерийн компанид холболтын данс нээлгэж болно. Үүнд 1000 төгрөгийн хураамж төлдөг. Хуулиар нэг иргэн 4-5 холболтын данстай байж болно. Тиймээс заавал ганц брокер дилерийн компанид хадагдах албагүй.

Эх сурвалж: “МОНЦАМЭ мэдээ”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top