БАЯЛГИЙН ҮР ШИМИЙГ ХАМГИЙН ШУДАРГААР ХҮРТЭЭХ АРГА БОЛ ДОТООДЫН КОМПАНИУДЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ ЯВДАЛ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 15

Монгол улсын байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц олон улсын анхаарлыг татах болсон өнөө үед энэ салбарт бизнес эрхлэгчдийг хооронд нь холбох олон арга хэмжээ зохиогдох болсны нэг нь 2011 оны 4 сарын 15-16-нд Мишээл төвд зохион байгуулагдаж байгаа "Mongolia Mining–2011" уул уурхайн үзэсгэлэн юм. Уг үзэсгэлэнг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга, Үндэсний өрсөлдөх чадварын хүрээлэнгийн захирал Т.Баттулгатай хийсэн ярилцлагыг дор нийтэллээ. Тэрээр баялгийн үр шимийг монголчуудад хамгийн шударгаар хүртээе гэвэл уул уурхайн салбарт дотоодын компаниудын оролцоог аль болох ихээр нэмэгдүүлэх хэрэгтэй гэдгийг онцолж байна.

- Юуны өмнө "Mongolia Mining" уул уурхайн үзэсгэлэнгийн талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
- Монголын үндэсний өрсөлдөх чадварын хүрээлэн, Австрали–Монголын хамтарсан Майнекс Монголиа компани хамтран, ЭБЭХЯ-ны дэмжлэгтэйгээр Mongolia Mining уул уурхайн экспог “Уул уурхайн салбарын хамтын ажиллагаа-Үндэсний эдийн засгийн хөгжлийн түлхүүр” гэсэн уриатайгаар Улаанбаатар хотод 4 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Сүүлийн жилүүдэд Монголын уул уурхайн салбарт гарч байгаа ололт, ашигт малтмалын томоохон ордууд олон улсын анхаарлыг татаж, энэ салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх болсон. Тиймээс Mongolia Mining экспо нь уул уурхайн салбарт ажиллаж байгаа бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг бий болгох, өргөжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байна.
Үзэсгэлэнд уул уурхайн хайгуул, олборлолтын компаниуд, тэсэлгээний бодис, хөдөлмөр хамгааллын хувцас, тоног төхөөрөмж, хүнд машин механизм гэх мэт төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн ханган нийлүүлэгчид, өрөмдлөг болон катеринг, ложистик, үнэлгээ, консалтинг, банк санхүүгийн байгууллагууд гэх мэтчилэн энэ салбарт оролцоо бүхий 80 орчим байгууллага оролцож, өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилж байна. Mongolia Mining уул уурхайн экспо 2011 онд анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд цаашид жил бүр уламжлал болон зохион байгуулагдана.
 - Уул уурхайн салбарынхан, ялангуяа энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа дотоодын компаниудын хамтын ажиллагаа өнөөдрийн байдлаар ямар түвшинд байгаа бол?
- Уул уурхайн салбарын үр шимийг иргэн бүр хүртэх ёстой гэж иргэд ч, улс төрчид ч байнга ярьдаг. Монгол хүн бүр баялгийнхаа үр шимийг хүртэх нь зүйн хэрэг боловч Монгол орны байгалийн баялгийг гагцхүү шударгаар хуваарилах нь зүй ёсны шаардлага. Миний бодлоор байгалийн баялгийн үр шимийг Монголчуудад хамгийн зөв, шударгаар хүртээх арга зам бол энэ салбарт дотоодын компаниудын оролцоог аль болох нэмэгдүүлэх явдал юм.
Уул уурхайн лицензүүд дотоодын ч, гадаадын ч компаниудын эзэмшилд байгаа. Гэхдээ аль ч тохиолдолд уул уурхайн томоохон төсөлд олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт хийгддэг. Лиценз үндэсний компаниудын гарт байгаа тохиолдолд ч гэсэн ихэвчлэн гадаадын хөрөнгө оруулагчтай хамтрах, эсвэл хувьцаагаа олон улсын бирж дээр арилжих замаар капитал босгон, уул уурхайн олборлолтын үйл ажиллагаагаа явагдаж байна. Монголын ашигт малтмалын ордод үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай компанийн өрөмдлөгийг нь гадаадын компани хийж өгөөд, консальтинг, ложистик, катерингийн үйлчилгээг нь ч гадаадын компани хангаад яваад байвал хөрөнгө оруулалтаар орж ирсэн мөнгөний ихэнх нь гадагшаа буцаад гараад явчихна. Харин уул уурхайн салбарын төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг Монголын компаниуд ханган нийлүүлж байвал дотоодын компаниудын тогтвортой ажиллах, өсөж хөгжих нөхцөл бүрдэнэ. Ингэснээр тухайн компаниудад ажиллаж байгаа Монгол улсын иргэд л ажлын байртай, тогтмол орлоготой болно. Компаниудынхаа орлого, улсад төлөх татвар, ажилчдынх нь цалин хөлсөөр дамжуулан үндэсний эдийн засгийн цар хэмжээ өсөн нэмэгдэж, Монгол улс баялгийнхаа үр шимийг илүүтэй хүртэнэ. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад ханган нийлүүлэх ажлыг Монголчууд бид өөрсдөө хийх нь тухайн бараа, үйлчилгээгээ гадаадын зах зээл дээр экспортлохтой нэгэн адил ач холбогдолтой юм.
- Уул уурхайн салбарын нарийн мэргэжил шаардсан ажил үйлчилгээг Монголын компаниуд нийлүүлж чадах уу?
- Монголчууд энэ салбарын бүх ажлыг хийж чадна. Их хэмжээний хөрөнгө бас нарийн мэргэжил шаардахгүй ажлуудыг Монголчууд тэртэй тэргүй өөрсдөө хийгээд уул уурхайн салбарт ч, бусад салбарт ч амжилттай ажиллаж байна. Хүчиндээ итгэж, ирээдүйг өөдрөгөөр харж, хэтийн зорилготой ажиллаж байгаа олон компани энэ салбарт ажиллаж, үйл ажиллагаа нь өргөжин тэлж байна. Нарийн мэргэжил шаардахгүй бензин шатахуун, хоол хүнс, хөдөлмөр хамгааллын хувцас нийлүүлэх гэх мэт ажлыг үндэсний компаниуд бэлтгэн нийлүүлж байна. Харин их хэмжээний хөрөнгө оруулалт, өндөр технологи, нарийн мэргэжил шаардсан ажилд энэ салбарт олон жил ажиллаж ирсэн гадаадын компаниуд давуу талтай гэдэг нь тодорхой. Харин тэрхүү нарийн мэргэшсэн гадаадын компаниудтай өрсөлдөхүйц болохын тулд бизнесийн байгууллагуудын өөрсдийн хүчин чармайлтаас гадна, үндэсний эдийн засгийн оновчтой бодлого, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн боловсон хүчин бэлтгэх боловсролын тогтолцоо юу юунаас чухал.
- Та боловсон хүчний асуудлыг онцоллоо. Нэг үеэ бодвол манайхан дээд сургууль руу хошуурахаа больж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-үүдийг сонгон, уул уурхайн чиглэлээр нарийн мэргэжил эзэмшихийг зорих болсон байна?
- Манай улсад ажилгүйдлийн түвшин өндөр гэдэг ч үнэн хэрэгтээ хөдөлмөрийн зах зээл, ялангуяа уул уурхайн салбарт шаардлагатай мэргэжилтнүүд дутагдалтай байгаа. Цаашид үндэсний эдийн засгийн гол хөдөлгүүр болох олон орд газрууд эргэлтэд орохын хэрээр энэ салбарт ажиллах боловсон хүчний эрэлт хэрэгцээ хэдэн зуу дахин өснө. Тийм учраас энэ чиглэлийн мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвүүдийг улам өргөжүүлж, хүчин чадлыг нэмэгдүүлж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган, орчин үеийн өрсөлдөх чадвартай уул уурхайн ажилчид, инженерүүд, машинистууд, мастеруудыг бэлдэх шаардлагатай. Уул уурхайн чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэн хүмүүс дээд мэргэжил эзэмшигчдээс илүү зах зээлд эрэлттэй байхаас гадна орлого нь ч илүү бөгөөд найдвартай байх болно. Гадаадад явж айл нүүлгэж, аяга таваг угаахын оронд эх орондоо уурхайд ажиллаад хэд дахин илүү орлого олох боломжтой. Нөгөө талаар хүн бүхэн ямар ч хамаагүй мэргэжлээр дээд сургуульд цаг мөнгөө дэмий үрэх гэж хошуурах шаардлагагүй. Өнөөдөр дээд сургууль төгсөгчдийн 30 хувь нь л мэргэжлээрээ ажиллаж байна гэсэн судалгаа бий.
- ШУТИС зэрэг мэргэжлийн сургууль төгссөн, дээд мэргэжилтэй инженер техникчид МСҮТ-д дахин суралцаж байж, уурхайд ажиллах боломжтой болж байна. Тэгэхээр ур чадвар олгох практик дадлага дутагдаад байна уу даа?
- Мэргэжлийн боловсролд шаардагдах ур чадвар олгох практик дадлага дутагдаж байж болох юм. Эмч хүн зөвхөн ном уншиж, онол судалсаар байгаад төгсөөд өвчтөн эмчилнэ гэж байхгүйтэй нэгэн адил нарийн мэргэжлийнхэнд дадлага маш чухал. Одоо үед практик дадлага хийх ажлын байр, орчин хангалттай болсон. Нэгэнт уул уурхайн үйлдвэрлэл жинхэнэ утгаараа хөгжөөд ажиллах, дадлагажих орчин бий болсон учраас цаашдаа шаардлага хангасан, чадвартай мэргэжилтнүүд бэлтгэгдэнэ гэдэгт итгэж байна.
- Mongolia Mining үзэсгэлэнгийн “Хамтын ажиллагаа - хөгжлийн түлхүүр” уриа ямар утга агуулж байгаа вэ?
- Бүх хэрэгцээгээ дотооддоо үйлдвэрлэн хангадаг улс орон гэж байхгүй. АНУ, Япон гэх мэт хүчирхэг эдийн засагтай, өндөр хөгжилтэй орнууд ч мөн адил. Харин улс болгонд ямар нэг өрсөлдөөний давуу тал бий. Давуу талаа зөв ашиглаж чадсан нь тухайн салбарт өөрийн хэрэгцээгээ хангаад зогсохгүй дэлхийн зах зээл дээр өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг. Тухайлбал, Япон улс электрон барааны үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг бол Америк улс боловсролын системээрээ, Швейцарь улс цагаараа, Голландчууд цэцгээрээ, Италичууд сайн чанарын гутлаараа дэлхийн зах зээлийг байлдан дагуулдаг. Манай орны хувьд өрсөлдөөний хамгийн гол давуу тал бол эрдэс баялгийн  нөөц юм. Гэхдээ энэ салбарт орж ирж байгаа гадаадын хөрөнгө оруулалтаас бид зөвхөн татвараар дамжуулж мөнгө аваад, түүнийгээ иргэддээ зүгээр тарааж өгөөд байх юм бол энэ давуу тал биш болно. Хамгийн гол нь энэ салбарт шаардагдах төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг Монголчууд өөрсдөө үйлдвэрлэж нийлүүлээд, тэр хэрээрээ үндэсний компаниуд хөгжиж байвал энэ нь жинхэнэ утгаараа Монгол улсын эдийн засгийн давуу тал болж чадна. Үүнийг л уул уурхайг түшиглэсэн хөгжил гэж үзнэ. Жишээлбэл, Монголын өрөмдлөгийн компани дотооддоо уул уурхайн салбарт үйлчилгээгээ нийлүүлж, өсч хөгжөөд, технологи, санхүүгийн хувьд хэнээс ч дутахгүй болчихоод Монголоор тогтохгүй Австрали, Канадад өрөмдлөг хийж яагаад болохгүй гэж, бас Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн дэлхийн олон орны уул уурхайн салбарт эрэлттэй бүтээгдэхүүн болж яагаад болохгүй гэж. Шведийн уул уурхайн тоног төхөөрөмж, тэр дундаа өрөмдлөгийн төхөөрөмж нь дэлхийд алдартай. Ашигт малтмалын нөөц, тэр дундаа өндөр агууламж бүхий төмрийн хүдрийн нөөц ихтэй энэ улс уул уурхайн салбарт ашиглагдах тоног төхөөрөмжүүдийг дотоодын хэрэгцээг хангах зорилгоор үйлдвэрлэж эхэлсэн нь цаашид дэлхийн зах зээл дээр хамгийн чанартай, хамгийн өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнүүд болсон. Ийм л нөхцлийг бид бий болгох ёстой. Үүний тулд нэг талаас Монгол Улсын төр томоохон орд газруудаа гадаадын компаниудад ашиглуулахдаа Монголчуудыг түлхүү ажиллуулж, дотоодын ханган нийлүүлэгчдээс эн тэргүүнд бараа бүтээгдэхүүн худалдан авах нөхцлийг баттай бүрдүүлж, нөгөө талаас компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ улам чанаржуулж, олон улсын түвшинд өрсөлдөхүйц болгохыг зорилгоо болгох ёстой.

 Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top