Д.Сугар дарга аа, Таван толгойн талаар мэдээлэл өгөөч, Ерөнхийлөгчид уншуулах гэсийн!

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 16

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн асуудлаар холбогдох албан тушаалтнуудтай уулзлаа. Уулзсан ч гэж дээ, зандарлаа, загналаа. Ёстой сэтгэлд хүртэл сайхан ч хэлнэ лээ. Ерөнхийлөгчид загнуулсан албан тушаалтнууд бол  Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Сангийн сайд С.Баярцогт, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, “Эрдэнэс МГЛ” компанийн захирал бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Энэбиш болон бусад “мундагууд”. УИХ-ын гишүүн Б.Батбаяр, Н.Батбаяр, З.Энхболд, Д.Зоригт, Ерөнхий сайд асан Д.Содном гуай, Гавьяат уурхайчин Б.Хурц, иргэдийн “Альяанс” төвийн тэргүүн Ж.Занаа, эдийн засагч Н.Дашзэгвэ, “Соёмбо” хөдөлгөөний тэргүүн Ч.Лхагважав нар Ерөнхийлөгчийн уулзалтанд хамрагдаж, “хошуу” нэмэрлэсэн юм.
Ерөнхийлөгчийн тавьсан гол асуудал бол Таван толгойн талаар мэдээлэл авах. Тэрээр “Яагаад иргэдэд 536 ширхэг хувьцаа олгов, нэмж худалдаж авч болох уу, Баруун, зүүн Цанхи гэж юу юм, хөрөнгө оруулагч, оператор компанийн тендер яав, эрчим хүч, усны хангамж шийдэгдэх үү, нүүрс ямар үнэтэй байна, эндээс 20 доллараар авчихаад цааш нь 120 доллараар зардаг нь ямар учиртай юм, нүүрсний квот гэж яригдаад байгаа нь юу юм” гээд сүүлийн үед хэвлэл мэдээллээр сенсаацлаад байгаа ч ард иргэд тодорхой мэдэхгүй байгаа бүхнийг албан тушаалтнуудаас асуусан юм.
Тэр уулзалтын үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарыг загнаж, “Эрдэнэс МГЛ”-ын захирал Б.Энэбишийг “Чадахгүй бол ажлаа өгөх өргөдлөө өгөөрэй” гэж шуудхан хөөсөн. Ч.Хүрэлбаатар “Миний мэдэх асуудал биш” гэж хэлээд загнуулна билээ. Засгийн ажлыг мэддэггүй Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга гэж байх уу. Ерөнхийлөгч энэ бүхнийг мэдэхгүй дээ биш, ард түмний өмнөөс асууж, бас нэхэж буй хэрэг гэдгийг тэд ойлгосон. Үнэндээ мэдээлэл дэндүү чамлалттай байна. Тавантолгой төслийг зангидаад, базаад сууж байгаа Д.Сугар, Б.Энэбиш нар гудамжинд гараад асуугаач. Тавантолгойн талаар ямар ч тодорхой мэдээлэл алга. Худлаа гэвэл нарийн бичгээсээ асуугаарай. Танд хариулт өгч чадахгүй дээ.
Ер нь манай Засгийн газар сүх далайтал үхэр амар гэдэг шиг нэг тендер зарлаад таг болчихож байна. Тэгж байснаа цуцлаад хаячихдаг. Дахиад л зарладаг. Энэ хооронд хичнээн их хугацаа алдаж байгааг бид харсаар байна. Яагаад мэдээжийн зүйлс дээр хугацаа алдаад байгааг харахад нэг зүйл л ажиглагдана. Өөрийн суудал сэнтийг далимдуулж, Монголд хөрөнгө оруулах сонирхолтой гадныхныг өөртэйгөө эхлээд ойлголцуулах тактик манай сайд, гишүүдийн хамгийн том эрх ашиг болсон гэдэг нь нууц биш. Энэ хоёр эрхэм тийм л зүйл хүсээд байх шиг.
Эцэст дүгнэхэд, Ерөнхийлөгчийн хэлсэн шиг, асуусан шиг тодорхойгүй бүхэнд тодорхой хариулт өгдөг нэгдсэн, албан ёсны мэдээлэл Таван толгойн хувьд дутагдаад байгаа нь маш ойлгомжтой байна. Төр засаг иргэдээ мэдээллээр хангах сонирхолгүй байна уу, эсвэл ерөөсөө дэлгэсэн шигээ нэгтгээд тавьж болдоггүй мэдээлэл үү. Манай сайтын редакциас “Эрдэнэс МГЛ”, ТӨХ, МХБ, ҮЦТТТХТ зэрэг төрийн байгууллагуудтай хамтран ажиллах, албан ёсны мэдээлэл авч ард иргэдэд хүргэх хүсэлтээ долоо хоногийн өмнө гаргасан ч Монголын Хөрөнгийн Биржийн мэдээлэл олон нийттэй харилцах албаны менежерээс өөр албан тушаалтантай холбогдож чадсангүй. Очих болгонд хаалттай, хуралтай, гадаадад айлчлалтай, дараа нь, маргааш гэсэн хариултыг албан тушаалтнууд өгч байна. Сэтгүүлчдэд ийнхүү хандаж байгаа юм чинь энгийн иргэд бол очоод хэзээ ч мэдээлэл авч чадахгүй юм байна. Бид ТӨХ-ны дарга Д.Сугараас мэдээлэл нийтэлье, санхүүжилт өгөөч гэж нэхээгүй. Гэтэл төлбөр төлж мэдээлэл түгээдэг агент маягийн зүйл ажилладаг гэх зүйл чих дэлслээ. “Эрдэнэс МГЛ” ХК-иас бас реклам өгөөч гээгүй.  Манай сайтын үндсэн үүрэг бол иргэдэд мэдээлэл түгээх. Бид үүргээ биелүүлж байна аа, эрхэм үү дээ. Та нараас бас мөнгө авахгүйгээ бид мэднэ. Яагаад гэвэл тэр чинь дараа нь “ацагтай” байдаг. Чамд би төсвөөс мөнгө өгч байгаа юм чинь, чи намайг битгий муулаад бай гэж хэлдэг дарга нарыг маш олныг мэднэ. Бид мэдээлэл үүргээ л биелүүлэхийн төлөө ажиллаж байна. Харин Д.Сугар дарга, Б.Энэбиш захирлын хувьд тэр мэдээлэл иргэдэд хүрнэ үү, үгүй юу падгүй бололтой.
Нэгэнтээ албан бичиг шидээд, ном горимоор нь яваад, хүсч гуйгаад өгдөггүй юм бол Монголын иргэн бүрийн өмнөөс Таван толгойн талаар тодорхой мэдээлэл саадгүй, ямар нэгэн хүнд сурталгүй гаргаж өгөхийг эрхэм “ноёд”-уудаас шаардаж байна. Наад компани чинь Монгол хүн бүрийн өмч гээ биз дээ. Та нэг залгаач. Манай хаяг, утас, имэйл бүгд таны ширээн дээр байгаа.
Хэрвээ мэдээлэл өгөх боломжгүй бол яагаад, ямар учраас боломжгүй гэдгээ олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр дамжуулан хариулна уу. Манай сэтгүүлчид, мэдээллийн менежерүүд ТӨХ-ноос л гэхэд мэдээлэл авах гэж яг 14 хоног гүйлээ. Албан бичиг өгөхөөр ийм стандарт, тийм шаардлага хангаагүй гээд буцаасан. Тэгээд хэлсэн дагуу нь засаад явуулснаас хойш дахиад долоо хонолоо. Одоо Д.Сугар даргын ширээн дээр манай сайтаас явуулсан албан бичиг, мэдээлэл гуйсан нэг хуудас цаас ер нь байгаа юу. Та нэг үзээч.
Маргааш бид сайтаараа дамжуулаад дахиад нэг холбогдъё. Та хэдэн цагт ажил дээрээ байх вэ. Бид очих уу, Та ирэх үү. Иргэд яаж мэдээлэл авах вэ? Сэтгүүлчид танай газрын хэнтэй нь уулзах вэ?
Ө.Мэргэндүү. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top