“Энержи Ресурс”, “МАК” зэрэг хувийн компаниуд дүүлж байхад Засгийн газар мөлхөж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 11

Таван толгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулахтай холбоотойгоор хэвлэл мэдээллийнхэн болон иргэд өөр өөрийн байр суурийг илэрхийлж байна. Тэд янз бүрийн мэдээлэлтэй байгаа нь ажиглагдаж байна. Чөлөөт сонинуудын төлөөлж болсон "Хувийн мөрдөгч" сонин болж дараах байдлаар редакцийн байр сууриа илэрхийлжээ.

    Монголын парламент Таван толгойн баян ордыг “Ард түмний өмч” хэмээн зарлаад Засгийн газарт түүнийг ашиглах эрх олгож, иргэн бүртээ 536 ширхэг хувьцаа өгөхөөр болсон. С.Батболдын толгойлсон гүйцэтгэх засаглал Монголын ард түмнийг диваажингийн цэцэрлэгт аваачих ухааны юм ярьж том ам гарч байгаагийн эхлэл нь энэ. Үнэндээ нүүрсний үнэ өсөөд хэрэгцээ ч улам нэмэгдээд байгаа болохоор Засгийн газар ийнхүү баясаж буй. Монгол улс 150 тэрбум тонн нүүрсний нөөцтэйгөөс Таван толгойн ордын одоогоор тогтоогдсон нөөцийн хэмжээ нь 6.5 тэрбум тонн. Түүний 1.8 тэрбум тонн нь коксжсон нүүрс юм. Дэлхийн зах зээл дээр чулуун нүүрс тонн нь 70-110 ам.доллар бол коксжсон нүүрс тонн нь 250-300 ам.доллар. Монголын өнцөг булан бүрээс нүүрсний баялаг орд өдөр өдрөөр олдсоор байгаа болохоор Засгийн газар ард түмнээ диваажинд хүргэнэ гэж ам гарахаас ч яах вэ. Гэвч одоогийн нөхцөл байдлыг ажаад байхад харийнхны “олз” болчих вий дээ гэсэн хар буугаад байгааг нуух арга алга. Таван толгойг ашиглах компаниудын шалгаруулалтыг явууллаа. Гэтэл дандаа л харийн компани, банкууд шалгарчээ. Хэрэв ард түмний мэдэлд Таван толгойг өгсөн нь  үнэн юм бол яагаад ашиглалтаа эхлүүлэхгүй хүлээлгэнэ вэ. Харийнханд ашиглах зөвшөөрөл өгсөн нь ямар учиртай вэ. Монголчууд эргэлзэж эхлэв. Оюу толгой юу болсныг ард түмэн мартаагүй. Харийнхан мянган төгрөг олчихоод талыг нь үйлдвэрлэлийн зардал гэж зарлана. Гурван зууг нь халаасалчихаад үлдсэнийг нь Засгийн газарт өгнө. Засгийн газар болохоор түүний дөрөвний нэгийг л ард түмэнд олдсон нь энэ гээд л шидчихнэ. Өөрөөр хэлбэл, дундаас нь харийнхан их завшина, өөрийн маань ноёд шамшигдуулна. Яагаад гэхээр өнөөгийн Засгийн газарт дандаа баячууд буй. Ихэнх нь тэрбумтан. Монголын төлөө гэхээсээ илүүтэй хувийнхаа эрх ашгийг хамгаалдаг нь тэдний араншин. Бараг цөмөөрөө баяжиж хөрөнгөжсөн атлаа ханаж цадахгүй байгаа нь нууцгүй үнэн. Таван толгойн ордыг ард түмний өмч гэж хичнээн чангаар зарлаад ч Засгийн газар ашиглах эрхийг нь аваад харийнханд өгчихсөн болохоор ард түмэн өөрийн “жинхэнэ” хувийг хүртэх эсэх нь эргэлзээтэй. Учир нь ард түмний өмнөөс Засгийн газар ашиглах учир мөнөөх тэрбумтангууд “Жаахан хүлээзнэ, удахгүй хувь хишиг тараана” гэж хойш татсаар суугаад өөрсдөө хөлжих магадлалтай. Хэрэв харийнханд бус, Монголын компанид, тэр дундаа “Монгол-999 нэгдэл”-д өгч ард түмнээ диваажингийн цэцэрлэгт аваачих гэсэн бол байдал өөрөөр эргэх байсан ч байж мэднэ. Дээлийн шинэ нь, хүний хуучин нь гэдэг үг бий. Баримтаар жишээлье. Монгол Улс саяхан хүртэл зэс, ноолуур, мах, алтаар орлогождог байсан бол уржнан жилээс эхлэн нүүрснээс их хэмжээний орлого олдог болсон. Орлогын хажуугаар их хэмжээний алдагдал хүлээж байгаа нь нууц биш юм. Учир нь, хятадууд маш хямдаар манай нүүрсийг зөөгөөд байгааг дээр дооргүй л мэддэг ч гар хумхин суугаад л байна. 2009 онд долоон сая тонн нүүрс экспортолсон бол 2010 онд 18 сая тонн нүүрс экспортлов. Зах зээлээ мэдэрсэн монгол эзэнтэй хувийн компаниуд ч нүүрс экспортлох ажилд шамдан орсон юм. Тухайлбал, 2010 онд “МАК”, “Энержи Ресурс” гэдэг манай хоёр компани тус бүртээ таван сая тонн нүүрс экспортолсон байна. Нэг тонн чулуун нүүрс 100 ам.доллар, коксжсон нүүрс 300 ам.доллар гэж үзээд таван саяар үржүүлээд үзээрэй. Хэдэн оронтой тоо гарах нь вэ. Хоёрхон монгол компани гэхэд давгүй. Мэдээж тэд орлогоо зөвхөн өөрсдөө л шуудайлна. Гагцхүү татвар л улсад төлнө. Нэг үгээр хувийн компаниуд Засгийн газрыг ардаа хол хаячихжээ. Дэндүү нүсэр хүнд суртал манай гүйцэтгэх засаглалд бугшчихаж. Өөрсдөө яаж идэхээ төлөвлөх гэж  улиран хойшлуулаад байна уу, эсвэл ухаан дутаад байгаа юмуу. Тэд зөвхөн цаасан дээр л ажиллаж байна. Төрийн өмчийн хорооны мэдэгдэж буйгаар Таван толгойн ордоос гарах коксжсон нүүрсний нөөц 1.5 тэрбум бөгөөд нийт үнэ нь 225 тэрбум ам.доллар. Таван тэрбум тонн чулуун нүүрсний нийт үнэ 500 тэрбум ам.доллар. Нийтдээ 725 тэрбум ам.доллар орж ирнэ. Энэ бол Төрийн өмчийн хорооны цаасан дээрх бичиглэл. Засгийн газар хөл удаан, бөгс нь суудал дээрээ хадаастай байж байхад “Энержи Ресурс”, “МАК” зэрэг хувийн компаниуд маань хэзээний мөнгийг үржүүлээд үлгэрт гардаг шидтэн шиг маш овтой цогтой ажиллаж байна. Харин манай Засгийн газар дэндүү удаан, хөлдүү ...
    Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top