Алт сандайлсан говьчууд дахиад битгий даараасай

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 30


    21-р зуунд өмнийн говийн баялаг Монголыг тэжээх зураг төөрөгтэй байж. Харин говийн ард түмэн тэр баялгийнхаа буяныг эдлэх хувьгүй улс аж. Оюутолгой, Тавантолгойн нэр сүрээр улсаасаа илүү танил болсон Өмнөговь аймгийн Даланзадгад хотын ард түмэн энэ өвлийг тог цахилгаангүй, дулаан пааргүй хана тэмтэрч, хөнжилдөө дагжиж үдлээ. Аймгийн төвийн цахилгаан станцыг 1998 онд УИХ-ын гишүүн С.Баярсайхан хөөцөлдөж байж 10 гаруй тэрбум төгрөгөөр босгосон юм гэнэ. Тэгэхдээ хорвоогийн хэдэн талаас таарах таарахгүй баахан эд анги авчирч хольж хутгаж угсарсан нь өнөө хүртэл ийнхүү доголдож, эвдрэх шалтгаан нь болжээ. Дээрээс нь дэндүү өндөр өртгөөр баригдсан тухай яриа байдаг. Одоо нэгэнт хүйтний ам цаашилж хөхүүрийн ам наашилж байгаа болохоор энэ хэрэг явдал ингэс тэгэсхийгээд л намжина. Баярсайхан гишүүн дахиад л сонгогдоно. Өмнийн говийнхон дахиад л пааргүй, гэрэлгүй өвөлжинө. Баярсайхан гишүүн зурагтаар хөмсгөө зангидаж зовлон тоочно. Онцгой байдлынхан шалгалт үзлэг хийнэ. Байдал ийм байхад огт өөр гарц хаймаар байна. Шуудхан хэлэхэд, шинэ станц л барьчих. “Оюутолгой” ХХК, “Таван толгой” ХК, Эрдэнэс Таван Толгой” ХХК, “Энержи Ресурс” ХХК, “Таван толгой транс” ХХК, “Чинхуа Мак” ХХК, “Овоотын алтны орд”, “Сабс гоби сэндс” гээд л өмнийн говийн баялгийг хүртэхээр л нэг болж байгаа эрхмүүд ганц хоёр сая доллар хялайхад л говийн ард түмэн шинэ станцтай болно. Тэрнээс ч их мөнгө босгож болно. Энэ зэргийн “муусайн” станцыг арав хориор нь барьчих мөнгө Өмнөговьд ганцхан жилийн дотор үйлдвэрлэгдэж байна. Зуун жил талаад, түлээд дуусахгүй говьчуудын албан ёсны эзэмшлийн “Таван толгой” ХК-ийн нүүрс хаяанд нь хэвтэж байхад төсвөөс “моторны” түлш гуйгаад явж байдаг Баярсайхан гишүүний зангараг арай л биш ээ.
Чоно борооноор гэгчээр говиос төрсөн гишүүдийн энэ унхайгүй байдлыг нь далимдуулж өнөөх “Тендерийн мангас” чинь засгийн газрыг лоббидоод Өмнөговь руу өндөр хүчдэлийн шугам татах шийдвэр аль эрт гаргуулаатхаж. МСS групп одоо тэр ажлаа эхлүүлэх гээд сонин, сайт болгоноор пиардаж байна. Манайх туршлагатай л гэнэ, говьд эрчим хэрэгтэй л гэнэ. Худлаа гэвэл харахгүй юу та нар, говийнхон чинь гэрэлгүй, галгүй байна гээд л говийн ард түмнийг их басамжилж, доромжилж байна аа. Ёстой хойноос ирээд хот минийх, хотонд ирээд хуц минийх гэдэг шиг говийн ард түмний хэдэн үеэрээ сахиж, тахиж ирсэн уул овоо, газрын хөрсийг сүйтгэж, нүүрсийг нь зөөж байгаа харийн “наймаачид” галзуурч байх шив. Оджаргал гэдэг хүн говийн ард түмэнд санаа зовж байгаа гэвэл ёстой үлгэр болно биз. Цаад санаа нь ердөө л бизнес. Гадны банкнаас өндөр хүүтэй мөнгө авч Мандалговь, Өмнөговь руу өндөр хүчдэлийн шугам татчихаад дараа нь хүүтэй, ашигтай нь төрөөс нэхэж авах юм гэнэ. Тийм л юм бол “Энержи ресурс” ХХК Тавантолгой дээр цахилгаан станц барих ямар хэрэгтэй юм. Үр ашиггүй байсан бол Оджаргал хармаанаасаа ганц цент унагаж харагдаач. Хэзээнээс л ядарсан ард түмний толгой, ходоод хоёроор хангалттай даажигнаж байгаа МСS групп говьчуудын цахилгааны асуудлыг шийдэх нэрээр төсвөөс мөнгө “хусах” гэсэн л арга. Оджаргалтангуудын хармаа түнтийж л байвал Монголд ашигтай, ашиггүй ямар хамаа байна аа.
    Хэрвээ Өмнөговь аймгийн төвд дорвитойхон цахилгаан станц барьчихвал нүүрс нь бэлэн байна, хэрэглэгч нь бэлэн байна. Ойрын хэдэн сумд болон уурхайнуудаа эрчим хүчээр хангаад дээрээс нь Дундговийн захын сумдад ч эрчим хүч нийлүүлж болно. Хамгийн гол нь станцын орлого аймгийн төсөвт орно. Төрдөө ч, говьдоо ч зардал буурна. Төвөөс татсан өндөр хүчдэлийн шугам төсөвт дарамт учруулж, Өмнөговийг өрөнд баригдуулж дуусахаас цааш гавьтай ирээдүй харагдахгүй байна. Хэрвээ төсвөөс тийм их мөнгө гаргах боломжтой юм бол Улаанбаатараас цахилгааны шугам татах мөнгийг Өмнөговьд өгчих л дөө. Тэнгэр газар шиг зөрөөтэй энэ бодит байдлыг Баярсайхан болоод Өмнөговийн бусад улс төрчид анзаарахгүй байна гэж үү.
Ажил хийвэл дуустал давс хийвэл уустал гэдэг дээ. Аль эрт хийсэн нүглээ цайруулж Баярсайхан гишүүн шинэ станц бариасай. Алт сандайлсан гуйлгачид шиг говийн ард түмэн дахиад битгий даараасай. Говьчуудын гэрэлгүй, галгүйн зовлон дээр харийн хэрээ дахиад битгий гуагалаасай.
Р.Зоригт Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top