Монголын баячууд улам олон болох болтугай

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 01

 Монголчууд нэг үеэ бодвол хөрөнгөжиж байна. Дэлхийн энтэй баячууд ч цөөнгүй бий гэдэг. Одоогоор Монголын толгой баян хүнээр "МСS холдинг"-ийн ерөнхий захирал Ж.Оджаргал тооцогддог. Өнгөрөгч онд Хонконгийн хөрөнгийн биржид IРО хийж, монгол хүний хөрөнгө чинээг дэлхийд таниулснаараа ийнхүү нэрлэгддэг юм билээ. Ж.Оджаргалын бизнес зөвхөн архи, шар айраг, ундаа, үүрэн телефоны сүлжээ, залуучуудын зугаа цэнгээний газраар тогтохгүй. Тэрбээр уул уурхайн салбарт ч томоохон хөрөнгө оруулалт хийж "Энержи ресурс"-ийг толгойлж буй.

Түүний компаниудын дийлэнх нь хувь нийлүүлсэн хэлбэртэй боловч Ж.Оджаргал ихэнх хувийг нь эзэмшдэг. Түүний эзэмшлийн "Спирт бал бурам" гэхэд улсад 20 шахам тэрбум төгрөгийн татвар төлсөн гэдгээрээ "Эрдэнэт", "Мобиком", "Бороо гоулд" гэх мэт акулуудын дараа ордог. "МСS Соса Соlа", "МСS электроникс", "Канон" төв, "Юнител", "Скай ресорт", "Орчлон" дунд сургууль, цогцолбор гээд түүний хөрөнгийг тоочих гэвэл цаг, цаас нэлээд гарздах биз. Зөвхөн кока кола ундааг үйлдвэрлэх эрхийг дөрвөн сая доллараар худалдаж авч монголчуудыг гайхшруулж байсан. "Энержи ресурс" компани нь Ухаа худагийн уурхайг түшиглэн Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргачихаад байгаа. "Моngolian minning corporation" буюу ММС-ийнх нь хувьцаа зарагдаж эхэлсэн өдрөөсөө амжилт олж, төлөвлөж байснаасаа илүү их ашигтай байгаа гэсэн. Энэ компанийн хувьцааны дийлэнхийг "МСS холдинг" атгадаг бөгөөд ТУЗ-ийн даргаар нь Ж.Оджаргал ажилладаг. Түүний хөрөнгийг нийтдээ 50 тэрбум гаруй гэж ярьдаг.


Тэрчлэн уул уурхайн вант улсыг бүрдүүлэгч МАК-аар овоглосон Б.Нямтайширын мэдэлд Монголын нүүрсний 40 хувь нь байдаг гэлцдэг. Хуучнаар НАХЯ-ны уул уурхай хариуцсан тасагт ажиллаж байсан түүний хувьд Монголын уул уурхайн баялгийн талаар арван хуруу шигээ мэднэ. Тэр бас тагнуулч хүн. Хэнтийн Хар ус нуурт ойн цоорхойд ангийн отог байгуулж, Монголын тэргүүн баячууд, бизнесменүүд зөвхөн нисдэг тэргээр, мориор тэнд нь очиж тухалдаг гэдэг. Монголын төдийгүй гадаадын тэрбумтан ч уг отогт очиж ан хийж, алжаалаа тайлах дуртай аж. Отогт нь халуун, хүйтэн устай ваннаас эхлээд орчин үеийн тансаг зэрэглэлийн харш ч бий хэмээн тэнд очсон нэгэн ам алдсан   байдаг. Охиныхоо хуримыг уг отогтоо хийсэн гэх яриа байдаг юм билээ. Монголдоо хамгийн тансаг 40 давхар харш сүндэрлүүлж байгаа Б.Нямтайшир өөрөө бус, хүүгээ улс төрд оруулахаар Ерөнхий сайд асан Д.Содномын сургаалаар МАН-ын хаяаг түшүүлсэн. Олны өмнө төдийлөн гарч ирээд байдаггүй зан нь Б.Нямтайширын тагнуулч мэргэжилтэй нь холбоотой гэдэг.

Монголын толгой баячуудыг эхнээс нь цухас дурдахад ийм. Хүний хөрөнгийг илүү харж билүү долоосондоо бус, ухаантай, авхаалжтай хэн ч эдэнтэй адил хөрөнгөжиж, мөнгөжиж, хэнээс ч дутахгүй сайхан амьдарч болдог гэдгийг л залуустаа сануулах гэснийх. Бид хөрөнгө чинээтэй нэгнээ муусайн баячууд, олигархиуд гэж хичнээн чичлээд ч нэмэргүй. Баячуудын дунд хар амиа бодож, зөвхөн өөрийн хэтэвчээ зузаалахыг л эрхэм болгодог нэгэн байхад эх орны хөгжилд бага ч болов нэмэр болохыг хүсдэг нь түүнээс олон гэдэгт би итгэдэг. Улсын хөрөнгийг идэж, завшсан нэгэн байхад эцэг эхийн буян, энэ биеийнхээ эр чадлаар хөрөнгө цуглуулж хөлжсөн нь бас тэднээс олон гэдэгт найддаг.

Монголын баячууд олон болох тусмаа л сайн биш үү. Бид "Петровис", "НИК"-ийн Ж.Оюунгэрэл, "Женко" Х.Баттулга, "Бодь"-ийн Л.Болд, "Жигүүр гранд"-ын   Д.Баттөр, "Наран групп"-ын С.Болдхэт, "Макс"-ын Д.Ганбаатар, "Жаст"-ын Д.Батхүү, "Бридж"-ийн Д.Ганхуяг, "Хурд"-ын Б.Чойжилсүрэн гээд толгой баячуудаа тоолоод барахгүй. Цөөхөн монголчуудьш хувьд толгой эргэм их тоо гарна. Манай бизнесменүүд, баячуудад маань нэг л юм дутагдаад байх шиг санагддаг. Тэд тус тусдаа жижиг сажиг бизнес хийх бус, нийлж нэгдээд улсдаа хэрэгтэй томоохон үйлдвэр байгуулж, зам харгуй засч тавьж болно. Ганц нэгээрээ компани толгойлж, хөрөнгөжихийн сацуу гэр бүлээрээ бизнест одтой яваа хүн ч манайд олон бий. "АПУ-гаар овоглосон ах дүү гурав Г.Батхүү, П.Батсайхан,            Г.Батчимэг, "Монос"-ын Ч.Хүрэлбаатарын гэр бүл, "Таван богд", "Говь", "ХААН банк, "Эйр линк", "Кемпински" зочид буудал зэрэг аж ахуйн нэгжүүдийг эзэмшигч Ц.Баатарсайханы гэр бүл, "Номин"-гийн А.Шагдарсүрэнгийн гэр бүлүүдийг нэрлэж болно.

Монголын баячууд улам олон болох болтугай.Тэд Монголынхоо төлөө хамтарч зүтгээсэй. Тэгж чадвал та нарыг энэ тэр гэж цоллохгүй, илүү үзэхгүй байж чадахсан даа, эгэл борчууд чинь. Баячууд нь хөгжүүлсэн баян орны иргэн гэж хэлүүлэх цаг ойрхон гэдэгт итгэж байна.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top