Монгол Улс ФАТФ-ын "Саарал жагсаалт"-аас гарсан туршлагаа хуваалцжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 04 сарын 04

Монгол Улс ФАТФ-ын "Саарал жагсаалт"-аас гарсан туршлагаа Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн /СХН/ гишүүн орнуудад хуваалцжээ. 

СХН нь олон улсын хэмжээнд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр харилцан туршлага хуваалцаж, бодлого зохицуулалтын орчныг сайжруулах зорилготой ажилладаг нийгэмлэг юм.

Нийгэмлэгт 84 орны 89 санхүүгийн зохицуулагч байгууллага гишүүнчлэлтэй ажилладаг. Санхүүгийн зохицуулах хороо 2010 онд гишүүнээр элссэн бөгөөд улмаар нийгэмлэгийн захирлуудын зөвлөлд 2 удаа, Зүүн Европ, Төв Азийн бүсийн санаачилгын даргаар 2021-2023 онд ажилласан. Ажиллах хугацаанд зах зээлийн хөгжлийн чиг хандлагад тулгуурлан бүс нутгийн онцлогт тохирсон бодлого зохицуулалтын шинэ санал, санаачилга дэвшүүлэн ажилласан юм. Мөн нийгэмлэгийн 7 ажлын хэсэгт идэвхтэй ажиллаж, өнгөрсөн оны есдүгээр сард Цахим санхүүгийн үйлчилгээ (DFS)-ний ажлын хэсгийн дэд ахлагчаар СЗХ-ны төлөөлөл сонгогдсон юм.

Тус нийгэмлэгийн гишүүн болох 12 орон Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад орсон бөгөөд Монгол Улсаас ФАТФ-ын “саарал жагсаалт”-аас хэрхэн гарсан туршлагаасаа хуваалцах хүсэлтийг тавьсан юм. Үүнтэй холбоотойгоор СХН-ээс цахим уулзалт зохион байгуулж, СЗХ-ны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх албанаас “саарал жагсаалт”-аас гарахтай холбоотой хорооноос хэрэгжүүлсэн арга хэмжээ, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог ФАТФ-ын стандартад нийцүүлж, хамтын ажиллагааг идэвхжүүлсэн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар өгч, туршлагаасаа хуваалцсан байна. 

Түүнчлэн уг цахим уулзалтаар Ла Троб их сургуулийн профессор Лиүс дэ Кокер ФАТФ-ын “саарал жагсаалт”-ын эдийн засагт үзүүлэх хор нөлөөг тайлбарлаж, Базелийн засаглалын хороо, Зимбабве Улсын Сангийн яам мөн өөрсдийн туршлага, үнэлгээний талаар мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.119.216) 2024 оны 04 сарын 05

Авилгаас өөр туршлага байдаг юмуу

0  |  0
Ц(202.9.47.26) 2024 оны 04 сарын 04

Авилгаар яаж ухарсанаа яриач

1  |  0
Top