Баянзүрх дүүрэгт нэр дэвших магадлалтай хэн хэн байх вэ?

2024 оны 04 сарын 04

УИХ-ын 2024 оны сонгуулийн наймдугаар тойрог нийслэлийн Баянзүрх дүүрэг таван мандаттай. Өмнөх 2020 оны сонгуульд хүн амын тооноосоо шалтгаалан 22,23 дугаар гэсэн хоёр тойрог болон орж байсан тус дүүрэг энэ удаа бүсчилсэн тойргоор нэг болсон. Одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж буй УИХ-д баянзүрхчүүд Б.Энхбаяр, Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн, Х.Булгантуяа, Э.Бат-Амгалан гэсэн таван гишүүнийг илгээн төр түшүүлж байна. Бүгд МАН-ын төлөөлөл. Б.Саранчимэгээс бусад нь анх удаа сонгогдсон гишүүд. Тэднээс Б.Энхбаяр, Х.Булгантуяа нар “давхар дээл”-тэй.

Б.Энхбаяр гишүүн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга байсан, 2023 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байна. Үүнээс өмнө тус яамны дэд сайд асан тэрбээр “Сайн хууль амилах эсэх нь Монголын 500 гаруй шүүгчээс ихээхэн хамаарна” хэмээн шүүгчдээс томоохон хариуцлага нэхэж байв. “Нүүрсний сонсгол” удирдаж, “нүүрсчин” гишүүдийг орон даяар телевизийн дэлгэцээр “улалзуулж” явав. “Хөгжлийн банкны нээлттэй сонсгол”-д ч түүний оролцоо их байсан. Энэ оны нэгдүгээр сарын сүүлээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингаравын уулзварт дэлбэрэлт болсны дараа тэрбээр “Улаанбаатар хот маань газрын наймаа, утаа, авлига, нийтийн тээврийн асуудлаасаа эхлээд дарьтай торх болж хувирсан байна. Сүүлийн 20 жилийн газрын асуудлаас болж Улаанбаатар хот хэн ч гарч ирээд асуудлыг шийдэх боломжгүй түвшиндээ хүрч, чинээндээ тулжээ.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо орчмын газрыг хүний, өөрийнгүй хэсэгчилж зарсан байдаг. Энэ бол миний сонгогдсон тойрог. Улсын ерөнхий прокурор байсан хүнээс эхлээд Тагнуулын ерөнхий газрын удирдлага байсан хүн ч энэ газрын наймаанд оролцсон гэх мэдээлэл бий” хэмээн мэдэгдсэн. Тун удалгүй Засгийн газар, Ерөнхий сайдын бодлогын хүрээнд, УИХ-ын түвшинд Улаанбаатар хот дахь газар олголттой холбоотой асуудлыг хянан шалгах Түр хороо байгуулахаар болж түүнийг ахлах үүрэг Б.Энхбаяр сайдад ногд­сон юм. Нэг хэсэг тэрбээр МАН-ын бүлэг дотроо бараг сөрөг хүчний үүрэг гүйцэтгэе гэж явсан бол сайд болсноосоо хойш тийм байдал нь намжсан гэж хэлж болно. Тэрбээр энэ 2024 оны сонгуульд гарцаагүй дахин нэр дэвших эрхээ халааслачихсан нэгэн.

Түүнтэй нэг тойргоос сонгогдсон нөгөө гишүүн бол Б.Саранчимэг. Дүнжингаравын уулзварт болсон эмгэнэлт явдлын нэг буруутан буюу тухайн хэсэгт газар авсан УИХ-ын гишүүн асан Б.Наранхүү түүний төрсөн дүү. Тойргоо төлөөлсөн гишүүнийх нь дүү тэнд газар авахдаа хэрэг гарсан хэсэгт эргэлтийн цэгийг тооцоололгүй авто зам тавиулсан хэмээн иргэд буруутгасан. Түүнээс холгүй орших Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар Б.Саранчимэг гишүүн 2010-2015 онд ажиллаж байв.

Б.Саранчимэг гишүүн хоёр удаа УИХ-д сонгогдсон, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Гэхдээ сонгогдсон Баянзүрх дүүрэгтээ гарт баригдаж, нүдэнд харагдах дорвитой ажил хийсэн нь бага гэдэг учраас түүнийг 2024 оны сонгуульд уугуул нутаг Дундговь нь багтаж буй говийн бүсчилсэн тойрогт илгээж магадгүй дуулдана. Гэвч дүү Б.Наранхүү нь өмнө нь АН-ын нэр дээр Дундговиос УИХ-д сонгогдож байхдаа төрийн түшээгийн ажлаа цалгардуулж, бизнес, гадаад аялал зугаалгынхаа завсраар чуулганд суудаг хэмээн муу нэр дуулж явсан. Эгчийг нь тэнд очиж нэр дэвшихэд дүүгийн өмнөх муу нэр наалдаж сөргөөр нөлөөлөх вий гэсэн нэг тааруу таамаг бий.

Ж.Чинбүрэн гишүүн монголчуудын эрүүл мэндийн төлөө зүтгэж ажиллахаа илэрхийлж анх гишүүн болсон. Гишүүн болсныхоо дараахан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байхад “Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой гэсэн заалтыг тус хуульд тусгах хэрэгтэй. Аккумлятор, автомашины тос, масло солихтой холбоотой хөрсний бохирдолд анхаарах шаардлагатай. Хүнд металлаас шууд хамааралтай хорт хавдрын өвчлөл иргэдийн дунд түгээмэл байдаг” гээд өөрийн сонгогдсон Баянзүрх дүүрэгт орших “Да хүрээ” зах болон түүний эргэн тойрны авто машинд үйлчилгээ үзүүлэх ажил эрхэлдэг байгууллагуудыг онцолж байв. Монгол хүний элэг өндөр градустай архийг задлаж дийлдэггүй учраас донтох өвчин тусах магадлал өндөр тул хэрэглээг зохицуулах, зөөлөн архийг хэрэглээнд нэмэгдүүлэхийг бодлогоор дэмжих нь чухал гэсэн. Сүүлийн үед дэлгүүрт зарагдаж буй архины градусыг аажим аажмаар бууруулж буй нь түүний санаачилга биелэл болж байгаагийн илрэл гэж хэлж болох байх. Тэрбээр эмийн үнэ хэт өндөр байгаа болон Монголд үйлдвэрлэж байгаа эмийн зохист бодисын тун хэмжээ багаас шалтгаалж өвчнийг гүйцэд илааршуулж чадалгүй архагшуулдаг болсонд дүгнэлт хийж “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” Түр хорооны даргаар ажиллаж байна. Гишүүн Ж.Чинбүрэн УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчийн нэгээр тодрох магадлал өндөр байгаа дуулддаг.

Гишүүн Х.Булгантуяагийн тухайд дөрвөн жил Сангийн дэд сайд байхдаа олны хүндлэлийг хүлээж байсан юм. Энэ ажлаа сайн ч хийсэн. Бие давхар байхдаа ч энэ хариуцлагатай ажлыг түүртэлгүй хийж, амаржингуутаа л ажлыг яралзтал үргэлжлүүлсэн. Засгийн газрын хуралдааны завсарлагаанаар Төрийн ордны хойд цэцэрлэгт нялх хүүгээ хөхүүлж байгаа зураг нь олон нийтэд хүрч, түүнийг иргэд улам ч хайрлах болсон. Түүнийг сайд Б.Чойжилсүрэнгээсээ илүү гэж үнэлэх хүн олон байв.

Харин УИХ-ын гишүүн болоод өмнөх дэд сайдынхаа энг гүйцсэнгүй. Яг тэр үеийнх шигээ эрч хүчтэй ажиллана гэж сонгогчид нь ч, бусад хүмүүс ч хүлээсэн. Гэтэл гишүүн болоод санаа амарсан уу, эрч нь саарч орхисон. 2023 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар томилогдож, тун удалгүй Б.Тулгад уг ажлаа хүлээлгэж өгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болсон юм. Бас МСДЭХ-ийн ерөнхийлөгчөөр сонгогдон МАН-ын бүсгүйчүүдийг удирдах болсон.

Тэрбээр өдгөө ч дуулиан тасраагүй байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуультай нэр холбогдож хэрэг мандуулсан удаатай. Уг хуулийн төслийг санаачлах ажил дээр Х.Ганхуяг гишүүн эмэгтэй гишүүдээс П.Анужин, Д.Өнөрболор, Х.Булгантуяа нартай хамтарсан юм. Уг хуулийн төслийн 12.1.6 -д “Гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгө оруулалтыг Монгол Улсад хийснийг үндэслэн олон удаа зорчих виз, оршин суух эрх олгох” хэмээн оруулсан нь 2021 оноос хойш өнөөдрийг хүртэл шүүмжлэл дагуулсаар байна. Хэрэг бишдээд ирмэгц П.Анужин, Д.Өнөрболор нар хуулийн төсөл санаачлах ажилд оролцоогүй тухайгаа цахимаар яаран сандран зарлаж, Х.Ганхуяг, Х.Булгантуяа хоёроо “шаварт шигтгэж” хаяад “бултсан”.

Дорнод аймгийн иргэн, хуульч Ч.Эрдэнэбат 2021 оны 10 дугаар сард Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргаж  Х.Ганхуяг, П.Анужин, Д.Өнөрболор, Х.Булгантуяа нарыг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах тухай хүсэлт илгээж дуулиан тарив. Үргэлжилсэн их шүүмжлэлийн дараа 2022 оны гуравдугаар сард Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар хуулийн төслөө буцаан татсанаа мэдэгдсэнээр өнгөрсөн өвөл дахин сөхөгдөх хүртлээ намжсан. Хуулийн төслийг УИХ-аар дахин хэлэлцэх гэснээс болж бас л маргаан дэгдэж, өдгөө түр хойшлуулан бас “түр мартагдаад” байна. Х.Булгантуяа сайд хүүхдийг хүчирхийллээс хамгаалахын тулд шүгэл өгч явуулж байх санал гаргасан нь санаа нь зөв ч бас л нэг шүүмжлэлийн бай болсон. Түүний хэвлэлийн бага хурал дээр үлээсэн шүгэл сийгээд дуугарсангүй. Тэрнээс гадна хүүхэд зүггүйтэн дахин дахин шүглээ үлээсээр жинхэнэ хэрэг гарахад хэн ч тоохоо болих вий гэсэн болгоомжлолыг нийгэмд төрүүлсэн. Түүний Хөдөлмөр, нийгмийн хамгаалын сайд байх үед төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэж буй нь дахин нэр дэвшихэд нь нэмэлт оноо болж мэднэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын танхимын бүсгүй гишүүдийг жагсаалтад багтааж толгойг нь илэхгүй гэдгээ мэдэгдсэн учир Х.Булгантуяа сайд тойрогт нэр дэвших нь тодорхой болж байна.

Тус дүүргийн бас нэг гишүүн нь Э.Бат-Амгалан. Тэрбээр Баянзүрх дүүрэгт Засаг дарга байсан. Анхлан Э.Бат-Амгаланг дүүргийн Засаг даргаар томилохыг эсэргүүцэж Баянзүрх дүүргийн 300 гаруй иргэн жагсаж байв. Харин тэднийг нулимс асгаруулагч хий, бороохойгоор албадан тараасан нь олныг бухимдуулж байсныг иргэд одоо ч санадаг л байх. Түүнийг Төрийн ордонд архи ууж бусад гишүүддээ агсарсан гэх яриа гартал тойргийнхноос нь бусад хүмүүс гишүүн гэж нэг их анзаардаггүй байлаа. Харин нэг л өдөр залуу гишүүдийн нэг Э.Бат-Амгалангийн халамцуу байрын зураг нийтэд дэлгэгдсэн нь шуугианы бай болов. Гэтэл мань гишүүн үүнийгээ “Огт архи амсдаггүй. Найтаах гэж байхад зураг дарчихаж” хэмээн эерүүлэх гэж оролдсон. Хэрэг дээрээ гишүүн болохоосоо өмнө Сансар хавийн бааруудыг атгадаг, түүгээрээ ч хөлжиж гишүүн болсон л гэдэг. Бас согтуугаар машин жолоодож зам, тээврийн осол гаргаж байсан гэх хар тамгатай юм гэсэн. Ийм нэг гишүүн бүрэн эрхээ өндөрлүүлэх дөхөж, дахин нэр дэвшихээр горилогчдын тоонд орохоор сүйхээчилж явна.

Тэгвэл Баянзүрх дүүрэгт нэр дэвших магадлалтай хэн хэн байх вэ?

Хэрэв Х.Булгантуяа гишүүнийг МСДЭХ-ийн ерөнхийлөгч гэдгээр харж үзэж жагсаалтад багтаавал УИХ-ын гишүүн асан З.Алтайн охин, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын даргаар ажиллаж байгаад УИХ-ын даргын зөвлөх болсон А.Энхзул нэр дэвшиж магадгүй сурагтай. Мөн Баянзүрх дүүргийн одоогийн Засаг дарга Н.Баярмөнхийг дуулиан ихтэй Э.Бат-Амгалангийн оронд нэр дэвшүүлж магадгүй гэсэн яриа гарчээ.

АН-аас МоАХ фракцийн Ганболдын Болормаагийн нэр дуулдаж эхэлжээ. Тэрбээр өмнө нь Иргэний нийгмийн байгууллагын идэвхтэй гишүүн байсан бөгөөд нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга асан, эрх зүйч, Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын дарга байсан ажээ. Мөн хуучин Баянзүрх дүүргийн Засаг дарга, сүүлд Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх асан Д.Пүрэвдаваа, АН-ын залуу гишүүдийн нэг, Баянзүрх дүүргийг төлөөлөн НИТХ-д сууж буй төлөөлөгч М.Тулгат, нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт нарын нэрс Ардчилсан намын зүгээс дуулдаж буй ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top