"Өмхий" мах борлуулсан БНХАУ-ын компанид оноосон ялыг ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 01

Эмээлтэд байрлах махны үйлдвэр нь нянгаар бохирдсон “өмхий” мах нийлүүлж байсан гэх хэргээр БНХАУ-ын иргэн Чен Бин болон “Эм Ди Си Пи” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Цогтгэрэл нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн шалгаж эхэлсэн.

Улмаар, анхан шатны шүүхээс тус компанид 70 сая төгрөгийн торгууль оногдуулж, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жилээр хасаж,  шүүгдэгч Чен овогт Бинд 2 зүйлчлэлээр оногдуулан торгох ялыг нэмж нэгтгэн нийт 25.400.000 /хорин таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулшийдвэрлэсэн байдаг. 

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Эм Ди Си Пи” ХХК-д 70.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 70.000.000 /далан сая/ төгрөгийн торгох ял оногдуулж,  “Эм Ди Си Пи” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч Чен овогт Бинд 2 зүйлчлэлээр оногдуулан торгох ялыг нэмж нэгтгэн нийт 25.400.000 /хорин таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулж, 

 “Эм Ди Си Пи” ХХК-ийн махны үйлдвэрийн 5-н хөлдөөгч бүхий агуулахад хадгалагдаж буй 234.864 килограмм мах, махан бүтээгдэхүүн,  969.8 грамм жинтэй зүүн гарын гоёо гэх ховор ургамлыг устгаж, устгасан талаарх баримтыг шүүхэд ирүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст даалгаж шийдвэрлэсэн. 

Гэвч анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг шүүгдэгч нарын зүгээс эс зөвшөөрч  зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгдэгч Чен Бин /Chen Bin/-ийн өмгөөлөгч Г.Должинсүрэн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан. 

Тэгвэл энэ хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хууль зүйн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэж өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, хэргийн зүйлчлэл болон оногдуулсан ял шийтгэлийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top