Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба Боксын холбоонд эргэн ирлээ

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 03 сарын 18

Монголын боксын холбооны Удирдах зөвлөл өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хуралдаж, хэд хэдэн томилгоо хийжээ.

Тухайлбал, тус холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан У.Баатар болон холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Батнасан нар сонгуульт ажлаа хүлээлгэн өгсөн тул холбооны шинэ удирдлагуудыг сонгожээ.

Монголын боксын холбооны Ерөнхийлөгчөөр тус холбооны Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан А.Ганзориг сонгогдсон бол Ерөнхий нарийн бичгийн даргаар Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба томилогдсон байна. 

Дэлхийн аварга шалгаруулахы тэмцээний алт, хүрэл медальт, "Бээжин-2008" олимпын мөнгөн медальт, шилдэг тамирчин П.Сэрдамбын хувьд өмнө нь мөн Боксын холбооны генсекээр ажиллаж байсан туршлагатай. Боксчдын хувьд одоо олимпын эрх олгох ганц л тэмцээнд оролцох боломж үлдсэн. Ямартай ч ийм эгзэгтэй цаг үед холбооны хариуцлагатай албыг хүлээн авах шийдвэрийг тэрбээр гаргажээ. 

Сануулахад, өнгөрсөн хоёрдугаар сард боксын Шигшээ багийн дасгалжуулагчаар Олимпын хүрэл медальт, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Азийн наадам болон Ази тивийн аварга, Гавьяат тамирчин Д.Отгондалай томилогдсон бол Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Б.Эрдэнэбаяр ажиллаж байгаа билээ. 
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top