АЛДАРТНУУД | Харгис хэрцгий, тэнэгдүү, ухаалаг нэгэн хүртэлх Жон Малкович

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 14

 

"Эрхэт Монгол Медиа Холдинг"-ийн харьяа ТВ8 телевизийн бүтээл "Жүжигчдын түүх" цуврал нэвтрүүлгийг Zindaa.mn сайт онцлон хүргэж байна. Алдарт кино найруулагч хийгээд жүжигчид ямар замыг туулан өнөөгийн шилдгүүдийн эгнээнд багтсан бол? Тэдний амьдрал, уран бүтээлийн замдал хэрхэн өрнөсөн бэ? Энэхүү асуултын хариултыг лхагва гараг бүр ТВ8 телевизээр цацагдах "Жүжигчдын түүх" нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй. Энэ удаагийн дугаарт бид жүжигчин Жон Малковичийг онцоллоо.

 


Америкийн алдарт жүжигчин Жон Малкович 1953 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр АНУ-ын Иллинойс мужийн Кристофер хотноо мужийн байгаль хамгаалах байгууллагын захирал Даниел Леон Малкович болон “Benton Evening News” өдөр тутмын сонин болон “Outdoor Illinois”-ийг эзэмшдэг Жоё Энн нарын гэр бүлийн дунд хүүхэд болон мэндэлжээ. Ахлах сургуульд байхаасаа эхлэн урлагт сонирхолтой болж олон төрлийн жүжиг, мюзикл зэрэгт  тоглох болсон тэрээр сүмд найрал дуу дуулдаг байв. 1972 онд тэрээр Жан-Клод ван Италлигийн "America Hurray" кинонд анхны дүрээ бүтээжээ.

Тухайн жилдээ ахлах сургуулиа төгсөж, Зүүн Иллинойсын их сургуульд элсэн орсон ч удалгүй Иллинойс мужийн их сургуульд шилжиж, театрын чиглэлээр мэргэшиж эхэлжээ. Гэсэн ч удалгүй сургуулиа орхисон тэрээр Уильям Эспер хэмээх студид жүжигчний мэргэжлээр суралцаж төгсжээ. 1976 онд Малкович Жоан Аллен, Гари Синис, Гленн Хедли нарын хамт Чикагод байрлалтай “Steppenwolf” театрын компанийн гэрээт жүжигчин болсон. 1978 онд тэрээр мэргэжлийн жүжигчний хувиар анхны дүрээ бүтээсэн бөгөөд “The Wedding” хэмээх кинонд Аллен, Терри Кинни, Жорж Вэндт, Лори Меткалф нарын хамт туслах дүр бүтээсэн байна. 1980 онд Малкович Нью-Йорк  руу нүүхээр шийджээ.

 

 

Тухайн жилдээ найруулагч Сэм Шепардын “True West” жүжигт дүр бүтээсэн Малкович “Off-Broadway Theater Awards”-аас анхны шагналаа хүртсэн байна. 1982 оны эхээр "А Streetcar Named Desire" хэмээх кинонд дүр бүтээж, үүний дараа буюу 1984 онд “Balm in Gilead” хэмээх жүжгийг найруулан тавьсан нь амжилттай болж “Off-Broadway Theater Awards” болон “Drama Desk Award”-аас шагнал хүртэж байв.

Тухайн жилдээ Малкович “Places in the Heart” хэмээх кинонд туслах дүр бүтээсэн. Энэхүү дүрээрээ Оскарын шилдэг эрэгтэй туслах дүр номинацад анх удаагаа нэр дэвшиж байжээ. Мөн тэрээр тухайн онд дэлгэцнээ гарсан “The Killing Fields” кинонд Аль Рокоффын дүрийг бүтээж, уран бүтээлчийн хувьд томоохон ахиц дэвшил авчирсан “Death of a Salesman” жүжгээрээ Бродвэйд дебют хийв. 1985 онд “Death of a Salesman” жүжгийг CBS телевизэд зориулан найруулсан нь “Алтан бөмбөрцөг” наадамд нэр дэвшиж, “Эмми”-ийн шагнал гардуулах ёслолоос “Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн шагнал авчрав.

 

 

1987 онд Малкович найруулагч Стивен Спилбергийн бүтээл “Empire of the Sun” болон Теннесси Уильямсын найруулсан "The Glass Menagerie", Сюзан Зайдельманы найруулсан "Making Mr. Right" зэрэг кинонуудад дүр бүтээжээ. 1988 онд  “Dangerous Liaisons” хэмээх кинонд харгис хийгээд дур булаам эр болох Валмонтын дүрийг бүтээсэн нь үзэгч шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан байна. 1990 онд Малкович “The Sheltering Sky” кинонд Порт Морсбигийн дүрийг бүтээсэн бөгөөд тухайн жилдээ Хорватын төрийн дуулалын шүлгийг Хорват хэлээр уншжээ.

1991 онд тэрээр найруулагч Вуди Аллены бүтээл “Shadows and Fog” кинонд тоглож,  дараа жил нь “Of Mice and Men” кинонд дүр бүтээсэн бол 1993 онд “In the Line of Fire” кинонд дүр бүтээж Оскарын "Шилдэг эрэгтэй туслах дүр" төрөлд дахин нэр дэвшжээ. Түүнийг жүжигчнээс гадна сайн хөтлөгч гэхэд хилсдэхгүй. Тэрээр  NBC телевизийн алдарт  “Saturday Night Live” шоуны гурван ангийг хөтөлсөн байдаг. Жон Малкович Академийн хоёр шагнал, BAFTA шагнал, Дэлгэцийн жүжигчдийн эвлэлийн хоёр шагнал, гурван Алтан бөмбөрцөг шагналд нэр дэвшсэнээс гадна Primetime Emmy Award зэрэг хэд хэдэн шагналын эзэн билээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
үнэн(66.181.191.103) 2024 оны 03 сарын 16

Ёстой үй олон алуурчид, мафийхэн, балиар заваан өөдгүй амтадын дүрийг бүтээсэн эсрэг дүрийн гахамшигтай жүжигчин шүү

2  |  0
Top