Монголын Премьер лигийг шинэчлэх төлөвлөгөөг танилцууллаа

2024 оны 02 сарын 21

Монголын Премьер лигийг шинэчлэх 5 үндсэн зорилго, 125 зорилт бүхий стратеги төлөвлөгөөг танилцуулав.

Монголын хөлбөмбөгийн Премьер лигийн өвлийн амралт дуусч, улирлын хоёрдугаар хагас эхлэх мөч ойртоод байна. Монголын хөлбөмбөгийн холбоо, Хөлбөмбөгийн лигийн зөвлөл, Монголын спортын корпорацитай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Премьер лиг зохион байгуулалтын шинэ түвшинд явагдаж эхлэх бөгөөд лигийн шинэ өнгө төрх, брэндинг, ирэх зургаан жилийн стратеги төлөвлөгөөг танилцуулах ёслол Централ тауэрт боллоо. Энэхүү ёслолд Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлагууд, Премьер лиг, 1-р лигийн багуудын төлөөлөл болон Франц, Турк улсын Элчин сайдууд оролцов.

Европын хөлбөмбөгийн томоохон лигүүд холбооноосоо тусдаа, бие даасан компанийн байдалтай үйл ажиллагаа явуулдаг жишгийн дагуу Монголын Премьер лиг ХХК албан ёсоор байгуулагдсан бөгөөд компанийн Удирдах зөвлөлд лигийн бүх багийн төлөөлөл багтаж байгаа юм. Ингэснээр Премьер лигтэй холбоотой бүхий л шийдвэрт багийн эзэд голлох нөлөөтэй оролцох боломж бүрдээд байна.

Арга хэмжээний эхэнд Brainstorm компанийн гүйцэтгэх захирал Б.Одбаяр Премьер лигийн шинэ лого, брэндингийг танилцуулав. Тус компани сагсан бөмбөгийн дээд лигийн брэндингийг мөн хийсэн бөгөөд энэ удаа гаднын олон лигийн брэндингийг судалсны үндсэн дээр монгол онцлогийг агуулсан брэндинг бүтээснээ тайлбарласан юм.

Мөн Монголын Премьер лигийн гүйцэтгэх захирал Б.Хосбаяр ирэх зургаан жилийн стратеги төлөвлөгөө дараах үндсэн таван зорилгод чиглэж буйг танилцуулав.Тухайлбал:-Үзэгчдэд чиглэсэн үйлчилгээ, үзэгчдийн сэтгэл ханамж-Шударга тоглолт-Шууд дамжуулалт, технологийн шийдлүүд-Клуб, тамирчдын хөгжил, үйлчилгээ-Маркетинг, засаглалын шинэчлэл гэсэн таван чиглэлд түлхүү анхаарч ажиллана гэдгийг танилцуулав.

Эдгээр таван зорилго нь цаашид клубүүдийг чадавхжуулах, үзэгчдийн тоог нэмэгдүүлэх, шүүлтийг шинэ түвшинд гаргаж, гадаадаас шүүгчид урьж авчрах, шууд дамжуулалтын чанарыг сайжруулах, гадаад харилцааг хөгжүүлэх, шударга өрсөлдөөнийг бий болгох, статистик мэдээллийг тогтмолжуулах, тамирчдыг даатгал, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, хөлбөмбөгийн талбайн гадна үзэгч, тамирчдад зориулсан хоолны гудамж байгуулах… зэрэг 125 дэд зорилтод хуваагдаж байгаа юм. Энэ бүх ажлыг ирэх зургаан жилд шат дараатай хийж гүйцэтгэнэ гэдгийг энэ үеэр онцоллоо.

Стратеги төлөвлөгөөг танилцуулсны дараа багуудын төлөөллүүд сонирхсон асуултдаа хариулт авах чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Монголын Премьер лигийн хоёрдугаар хагасын тоглолтууд гуравдугаар сарын 1-31-ний хооронд Төв аймагт байрших АИРДОМ бэлтгэлийн талбайд явагдах бөгөөд дөрөвдүгээр сарын 5-нд гадаа талбайн нээлт болох юм.2023-2024 оны Премьер лигт оролцож буй 10 баг тус бүр одоогоор 9 тоглолт хийгээд байгаа бөгөөд “Булган ФС Фалконс” баг 25 оноогоор хүснэгтийг тэргүүлж, “Дэрэн” клуб 21 оноогоор удаалж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top