Улаанбаатар хотод Камерын удирдлагын нэгдсэн төв байгуулна

2024 оны 01 сарын 11

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Сингапур Улсын “ST Engineering” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Улаанбаатар хотын камержуулалт, Камерын удирдлагын нэгдсэн төв байгуулахад хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

Сингапур Улсын “ST Engineering” компани нь агаарын тээвэр, ухаалаг хот, олон нийтийн аюулгүй байдал ба батлан хамгаалахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Тус компани дэлхий даяар 100 гаруй улсын хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 130 гаруй улсад ухаалаг хотын төслийг хэрэгжүүлсэн байна. Мөн “ST Engineering” компанийн 25,000 орчим ажилтны 17,000 нь дээрх чиглэлүүдийн инженер юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Манай улсад 2000-аад оноос камержуулалтын ажил эхэлсэн ч одоогийн байдлаар нийслэлд байгаа камеруудын 50 орчим хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй, хоорондоо уялдаагүйгээр ажиллаж байна. Иймд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд камержуулалтыг иж бүрэн шийдэж, Улаанбаатар хотын бүх камерын ажиллагааг холбосон Камерын удирдлагын нэгдсэн төв байгуулах шаардлагатай байгаа юм. Ингэхдээ нийтийн тээвэр, такси үйлчилгээ, хувийн хэвшлийн камерыг ч мөн холбоно. Энэ чиглэлээр хамтран ажиллахад таатай байх болно” хэмээлээ.

Сингапур Улсын Аюулгүй байдал, тагнуул, эрсдэл судлалын академийн үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал Дерик Динг “Манай байгууллага 2002 оноос Улаанбаатар хоттой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, боловсон хүчнийг чадавхжуулах чиглэлд хамтран ажиллаж ирсэн. Улаанбаатар хотын Камерын удирдлагын нэгдсэн төвийг байгуулах, Замын цагдаагийн газрын дэргэдэх Шуурхай удирдлагын төвийг шинэчлэхэд хамтран ажиллахад таатай байна. Богино хугацаанд олон төрлийн шийдлээс санал, зөвлөмж хүргүүлж, хамтран ажиллах болно” гэв.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(86.111.139.155) 2024 оны 01 сарын 12

Амжилт хүсье Нямбаатар даргаа!!! Ард түмний төлөө Бүх гэр хороолол,гудамж нэг бүрийг камерийн хяналтанд оруулж өөрчлөлт хийж буйд баярлалааа

0  |  0
тт(66.181.168.82) 2024 оны 01 сарын 11

худлаа худлаа. 2002 оноос хойш энэ чиглэлээр хамтран ажиллаж байсан юм бол өдийд ийм байдалд байх вэ, анхаарах асуудал

0  |  0
Top