Тэнгэрт тэтгэгдсэн ТУСГААР ТОГТНОЛ

2023 оны 12 сарын 29

Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн 9-нд /1911 оны арванхоёрдугаар сарын 29/ Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан билээ. Тэр жил арваннэгдүгээр сарын 20 орчимд өвлийн тэргүүн сар эхэлснээс харвал налгар урт намар болсон бололтой. Бараг л энэ 2023 оных шиг. Улсаа сэргээн тунхаглан зарласан өдөр ч тун дулаахан байсан хэмээн түүхэн эх сурвалжид дурдсанаас харвал цаг агаар энэ жилтэй тун төстэй байжээ гэмээр.

Өдгөөгөөс 112 жилийн тэртээ манжийн урт удаан дарангуйллаас ангижирсан монголчууд улсынхаа тусгаар тогтнолыг сэргээн мандуулснаа түмэнд зарлаж, VIII Богд Жибзундамбыг тусгаар улсынхаа төр, шашныг хослуулах барих хэмжээгүй эрхт Эзэн хаанаар өргөмжилж, улсынхаа нэрийг Монгол, оны цолыг “Олноо өргөгдсөн” хэмээж, таван яам бүхий Засгийн газраа байгуулсан. Дотоод хэргийг Бүгд захиран шийтгэх яамны сайдаар Да лам Цэрэнчимэд, Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны сайдаар Чин ван Ханддорж, Сангийн хамаг хэргийг бүгд захирах яамны сайдаар Түшээт ван Чагдаржав, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайдаар Далай ван Гомбосүрэн, Шүүх яамны сайдаар Эрдэнэ ван Намсрай нарыг томилж, Бүгд Ерөнхийлөн Захирах яамыг бараг жил орчмын дараа 1912 оны наймдугаар сард байгуулан сайдын албанд Сайн ноён хан Намнансүрэнг тохоон томилж байв. Тэр үеэс Монголынхоо тусгаар тогтнолыг бататгах, олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх, гадаад улсуудтай элчин харилцаа тогтоох зорилтыг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ нь нэгэн цагт дэлхийн талыг хурааж явсан Монгол хэмээх улс түүхийнхээ түр зуурын бараан хүнд үеийг ардаа орхиж, бие даасан, тусгаар улс болсноо дэлхий ертөнцөд тунхаглан зарласан явдал байв. Үнэхээр үүлэн чөлөөний нар мэт аз тохиосон зурвасхан үеийг монголчууд атган авч, тэнгэрт тэт­гэгдсэн тусгаар тогтнолоо сэргээн баталгаажуулсан нь энэ юм.

“Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин Улсын ноёрхлыг эцэс болгон монгол төрийг сэргээн байгуулж, монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал мөн” хэмээн үзэж 2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч, 2011 оноос уг ойг ёслон тэмдэглэдэг болсон юм.

Өнөөдрөөс 112 жилийн өмнөх энэ өдрийн талаар Норвегийн аялагч Оскар Мамен тов тодорхой тэмдэглэн үлдээж, зураг сэлтийг нь авч үлдээсэнд талархаад баршгүй. Түүхийн үнэнийг бичиж үлдээдэг бичмэл эх сурвалж хийгээд гэрэл зургийн үнэ цэн жил өнгөрөх тутам “эрдэнэ” болж байдгийн бодит жишээ энэ юм.

Тэрбээр бичихдээ “…Богд хааныг хаан ширээнд залах түүхэн ёслол 12 дугаар сарын 29-ний өдөр тохиов. Өмнөх өдрүүдийг бодвол цаг агаар дулаахан, таатай сайхан бөгөөд миний хувьд мартагдашгүй нэгэн өдөр болж билээ. Бид өглөө эртлэн босч, өдрийн өл даахуйц цай унд уусан авч юмыг яаж мэдэх вэ, халаасандаа хэдэн шоколад хийлээ. Бид ноён Ларсон, Алмблад нарынд очоод, тэндээсээ дөрвүүл мориндоо мордож, баруун хотын алтан оройт хийдийн урд талын том задгай талбайд өглөөний арван цагийн үед хүрэв. Жаран дэлэм орчим газрын зайтай, хоёр жигүүрээр жагссан монгол цэргүүд алтан оройт хийдээс ордон хүртэлх хоёр бээр орчим газрыг хүрээлэн хамгаалж, зүүнээс баруун тийш чиглэсэн бүх хөдөлгөөнийг зогсоожээ. Хоорондоо нэг дэлэм орчим зайтай, мөр зэрэгцэн жагссан цэргүүд цөмөөрөө мориноосоо бууж, цулбуураас нь хөтөлсөн байх бөгөөд хоёр жигүүрийн энд тэнд төвөд болон монгол бичээстэй цэргийн туг өргөжээ.

Гэвч цэргийн урт жагсаалаас илүүтэй сэтгэлд минь буусан дүр зураг бол цугларсан олон түмэн байсан юм. Монголчууд эр эмгүй хуран цугларч, хамгийн сайхнаараа хувцасласан байв. Монгол ноёд, эхнэрүүд дэгжин хээнцэр хүндэтгэл ёслолын хувцсаа өмссөн байхыг миний бие анх удаа энд харсан бөгөөд хэзээ ч үл мартагдах, хараад ханашгүй гайхалтай дүр зураг байсан билээ. Орой дээрээ албан зэргийн жинс, ар руугаа унжсан тас хар тогосын өдөн отготой, шовгор булган малгай, өнгө хийцээрээ хуучин цагийн манж түшмэлийн дээлээс хол илүү уран шаглаас оёдолт дээл, хээ угалз урласан ёслолын гутал энэ бүхэн цогцоороо мөнгөн эмээлтэй, өнгө зүс шилмэл омголон морьд унасан үлгэрийн баатрыг амилуулах ажээ.

Лам нар ч мөн энэхүү ёслолын арга хэмжээнд зориулан хувцасласан байсан бөгөөд тод улаан, шар өнгө нь тэдний хаа сайгүй байгааг харуулж байлаа. Тэр бүү хэл элдвийг сонирхох балчирхан хүүхдүүд хүртэл гоёлын хувцсаа өмссөн байв. Энэ бүхнийг харахад жирийн морин аялагчийн хувцастай гаднын дөрвөн иргэн бид л олны газар нийцэхгүй, үзэсгэлэнт дүр байдлыг гутааж байгаа мэт сэтгэгдэл төрөхийн зэрэгцээ зүүн жигүүрт жагссан цэргүүдийн талд биднээс өөр гадаад хүн байсангүй.

...Асар том шар тугийн архан талд хоёр дугуйтай, хятад маягийн дээвэр, хэв загвар бүхий гоёмсог жууз сүйхэнд Богд хаан морилох бөгөөд жуузыг тал бүрээс нь тод шараар өнгөлжээ. Жууз тэргийг хэдэн морьтой лам нар залж явах бөгөөд мөн тэрэгний арлаас шар дээсээр бэхэлсэн хөндлөн дамнуурыг хоёр талд нь тус бүр дөрвөн лам эмээл дээрээ дүүрсэн байв. Богд хааны жууз тэрэгний чанх ард басхүү адилхан сүйх тэрэг явах бөгөөд мөн л лам нар залж яваа харагдана. Энэхүү сүйх тэргэнд эдүгээ хатан болоод зогсохгүй их дагинаар өргөмжлөгдсөн хааны гэргий морилох ажээ. Энэ хоёр сүйх ойртон ирэхэд зам хамгаалж зогссон цэргүүд сөгдөн сууцгааж, тэрэг цааш зуу орчим дэлэм газар холдоход босоцгооно. Хаан эзний хоёр тэрэгний архан талд шар, хүрэн өнгийн хувцастай хэсэг бөөн лам, дагаад өөр өөр туг намируулсан цэргийн ангиуд ар араасаа орж ирэв.

...Орой болоход хийдийн гадаа гурвантаа буун дуу гарсан нь цэргүүдэд бэлэн байх дохио өгч байгаа бололтой байв. Хагас цагийн дараа ямар шалтгаанаар юм бүү мэд буун дуу дахин гурвантаа гарч, хэсэг чимээгүй байснаа хоёр дахь удаагаа дахин гурвантаа буудав. Нар баруунтаах уулын цаагуур хэвийж, харуй бүрий болох цагт ёслолын жагсаал ирсэн дарааллаараа хийдээс хөдөлсөн бөгөөд энэ удаад нэлээд хурдавтар ордны зүг жолоо залав. Ийнхүү 1911 он, мөн Монголын хувьсгалын эхний үе шат өндөрлөв. Монгол улс ямар ч байсан Хятадын засаг захиргааг халж, эзэн хаанаа хэлэлцэж тогтож, Хятадыг энэ хэр тоглоомоос гаргав. Энэ хүртэл миний бичсэн бүхэн бидний Өргөөд нүдээрээ харж, чихээрээ сонссон зүйл мөн билээ” хэмээн тухайн үед 26 настай байсан Оскар Мамен "Зүүнш зорчсон нь" хэмээх аяллын тэмдэглэлдээ бичиж үлдээжээ.

Дээрх тэмдэглэлээс монгол­чууд ямар их баяр хөөртэйгээр улсаа сэргээн тунхагласан их ёслолыг тэмдэглэж байсныг дэргэд нь мэтээр дүрсэлж болох ажээ. Богдын ордны өмнөх сүрлэг асарт хаалгыг чухамхүү тэр түүхэн үйл явдалд зориулан босгосон нэг ёсны Ялалтын хаалга хэмээдэг билээ. Мөнөөх Богд хааны өмнө намирч асан том шар туг нь өнөөдөр Өвөрхангай аймгийн Шанхын Баруун хүрээнд хадгалагдаж байна.

Улс Монголынхоо тусгаар тогтнолыг сэргээн тунхаглаж, олон улсад дахин нэрээ дуурсгаж, өнөөгийн оршин буй Монгол орны туурга тусгаар байдлыг бататган, хэнээс ч үл хамааран эх орондоо эзэн байх эрхийг олгосон өвөг дээдсээ хүндэтгэж, энэ өдрийг монголчууд бүгдээрээ ёслол төгөлдөр тэмдэглэж байхын утга учир үүнд орших билээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чааваас(66.181.161.41) 2023 оны 12 сарын 31

Ишшшш энэ фото зураг харахаар л ой гутах юм. Хөдөлмөрлөх чадваргүй, нээх заваан урт ханцуй унжуулчихсан, худлаа түвд үг цувуулж хэлэхээс өөр юмгүй, өөрсдийгөө тэнгэрээс заяатай гээд итгэчихсэн. Хар л лаа. Зүгээр гараа ил гаргах, хурдан гүйж зунтаж ч чадахгүй хувцасласан, биеэ хамгаалах чадваргүй ийм хүмүүс юм даа. Одоо гаднаас харахад өөр ч юу ч өөрчлөгдөөгүй. Хүн гэрийн хаалгыг нь өшиглөөд ороод ирэхэд буудаад унагах ганц буу ч хийж чадахгүй, шүдэнзээ ч үорж чадахгүй 3 сая гаран хонин сүрэг эвий дээ бид нээрээ.

0  |  0
Үнэн(202.9.46.203) 2023 оны 12 сарын 29

Пизда тусгаар тогтнол гэж хэдэн хулгайч засаглаж ард түмэн хулгайч төрийг тэжээж ядуу амьдрах ёстой бол хамгийн хэрэггүй юмыг хийж \nПизда тусгаар тогтнолыг идэх биш өмсөх биш,өвөр монголчууд шиг хятад гэж их гүрний нэг хэсэг байсан бол ард түмэн нь баян чнээлэг байх байж энэ өдөр чинь харин хар өдөр юм бишүү...пизда

0  |  0
З(66.181.160.57) 2023 оны 12 сарын 29

Цаг нь болсон болохыг цаг агаар нь хүртэл мэдсэн юм шиг гоё дулаахан бна Монголын хувь заяа ихээ тийм амархан юм гэж байхгүй бид өндийнө шүү

0  |  0
ZOCHIN(101.189.22.137) 2023 оны 12 сарын 29

DA LAM TCERENCHID , UVUG MINI YMAR CH UED TEMTCEG CH BJDEE.TUUHIIG UNSHIH TUSAM ENE HUNEEREE BAHARHDAGDAA.....

0  |  0
Үл мэдэгч оюунцэцэг(66.181.181.157) 2023 оны 12 сарын 29

Тэгэхээр мөнжийн хаан манай тусгаар тогтнолыг тэтгэсэг байхнээ. Солиор оор юм.

0  |  0
Эгүн(66.181.181.157) 2023 оны 12 сарын 29

Үүнийш бичигмэлсэн оюунцэцэг гэгч чт манж хяьадуу? Чтний гарчиг тэтгэгдсэн манж хятадууд ихэд хэрэглэдэг байсан үг. Тэо битгий хэл тэггэрт тэтгэгдсэн гэдэг манжийн хаан манай улсыг захирч байсан шүү. Өөоөө мэдэхгүй бол мэдэдэг хүнээс асууэ бай дурак мигв. Юуч мэдэхгүй байж бас сэтгүүлч гэж дарвалзана

0  |  0
иргэн(66.181.191.77) 2023 оны 12 сарын 29

монголчууд өнөөдөр тусгаар тогтнолоо хулгайч луйварчдад алдсан

3  |  0
Top