НҮҮРСНИЙ СОНСГОЛ | “Ухаалаг үер”

2023 оны 12 сарын 09


Арванхоёрдугаар сарын сэдэв - НҮҮРСНИЙ ҮНЭН

“Эрхэт Монгол” медиа группийн редакциуд “Нэг сэдэв - Нэг сар” хөтөлбөрийнхөө хүрээнд арванхоёрдугаар сарын турш “Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорт”-ын асуудлыг хөндөн, “Нүүрсний үнэн” сэдвийг онцолж байгаа билээ. 

Сарын эхний өдрүүдэд бид Төрийн ордонд болж буй УИХ-аас байгуулагдсан Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй “Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол”-ын эхний хэсгийг энэ долоо хоногийн турш сурвалжлан, ТВ8 телевиз, Zindaa.mn сайтаар шууд дамжуулан ажиллалаа. 

Үргэлжлүүлэн ТВ8 телевиз, өдөр тутмын “Өглөөний сонин”, мэдээллийн Zindaa.mn сайт “Нүүрсний үнэн” сэдвийн хүрээнд энэ сарын турш олон талын эх сурвалжтай, тэнцвэртэй, асуудал дэвшүүлсэн, шийдэл хайсан мэдээ, мэдээлэл, нийтлэл, сурвалжилгыг уншигч, үзэгчдэдээ онцлон хүргэх болно.


“УХААЛАГ ҮЕР”

Нүүрсний сонсголын үеэр чихэндээ итгэмээргүй зүйлс дуулдах аж. Тэнгэр хангай зарим хүнийг ивээж бороо хур харамгүй илгээн нүүрстэй холбоотой баримтуудыг нь “ухаалаг үер”-ээр урсгаж оджээ. Тэр тэнгэрт тэтгэгдсэн “азтан” нь “Ажнай” хэмээх Д.Бат-Эрдэнэ.

Түүний “Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан үеийн бүх бичиг баримт байхгүй болсны шалтгаан нь Өмнөговь аймагт их үер бууж архивын материалаас чухам яг тэр хэсгийг “тасдан” урсгасан гэнэ.

“Ажнай” Д.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаярын уг материалыг нэхсэн асуултад хариулахдаа “Би архивын хүн биш учраас материал яагаад алга болсныг мэдэхгүй. Би энэ компанийн архивын эрхлэгч, эсвэл бичиг цаасных нь хүн биш. Би "Тавантолгой" ХК-ийн удирдлага биш. ТУЗ-ийн хурлын материал л надтай холбоотой. Надад хадгалагдсан хувь байгаа. Би гаргаж ард түмэнд харуулна” гэлээ.

Гайгүйг нь өөртөө үлдээгээд, балаг тарихаар баримтуудыг нь “Ухаалаг үер”-т тавиад туучихсан юм биш байгаа. Баримт шивсэн компьютер санах ойтойгоо бас урсаад одсон ч байж мэднэ. Орчин цагт үер ус хүртэл улстөрчдөд үйлчилдэг болсон юм биш биз?

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top