Монгол үндэсний бөхийн уламжлал, шинэчлэл шийдэл

2023 оны 11 сарын 26

Түрүүч нь...

БӨХ ХҮН Ч БӨХИЙН ДЭВЖЭЭНДЭЭ ТЭГШ ЭРХТЭЙ БАЙХ ЁСТОЙ

Тэгтэл төр, засаг ч МҮБХ ч бөхчүүдээ улс, аймаг, сумынх гэдгээр нь бодлогын хувьд ялгаварлан гадуурхаад ирж буй юм. Улс, аймаг, сумын харцага, гарьд цолыг адилхан олговол олгоод олгохгүй бол алинд ч бүр олгохгүй байх нэг зарчим үйлчлэх ёстой. Бөхчүүдийг амжилтаар эрэмбэлсэн нь зах зээлийн нийгэмд  хүний амжилтыг бодитоор үнэлсэн үйл хэрэг мэт харагдавч өв уламжлал, зан заншил руугаа нулимсан, ахмадаа хүндэтгэх хандлага сэтгэлгээг бууруулсан, нас тогтож яваа ахмад бөхчүүдийн ирийг мохоосон, барилдах хүсэл эрмэлзэлийг нь үгүй хийсэн билээ. Жишээ нь, улсад таван удаа үзүүрлэсэн Д.Мөнх-Эрдэнэ арслангийн урд 1024 бөхөд ес давж үзүрлэсэн залуу арслан гараад зогсчихоор айлын хоймор хүү нь ичихгүй аавынхаа дээр гараад суухтай ижил болсон доо. Ийм байж өв соёл их ярихыг нь яана.

Ужигт асуудлыг уламжлалт ёс заншил л шийднэ.     

МОНГОЛ БӨХИЙН ДЭВЭЭ БОЛ ҮГЭЭР ХЭЛШГҮЙ ҮЛГЭРИЙН САЙХАН ЗҮЙЛ

Монгол бөхийн гараа, дэвээ, шаваа бол үгээр өгүүлшгүй үлгэрийн сайхан зүйл юм.

 Дээхнэ үеийн бөхчүүд болох “Их Монгол” Х.Шаравжамц, дархан аварга  Б.Түвдэндорж, даян аварга  Ц.Чимэд-Очир, “Уран гараат” Г.Баттогтох начин гээд олон сайхан бөхчүүд гайхамшигтай сайхан гараа, дэвээтэй байжээ. Орчин үеийн ихэнх бөхчүүдийн гараа, дэвээ залхуутай юм шиг, заримынх нь эв хавгүй, оромдсон байдалтай байх юм. Ийм болсны шалтгаан нь сургалттай холбоотой гэж үзэж болно. Багш, дасгалжуулагч нар гараа,  дэвээг нэг их чухалд үзэхгүйгээр зөвхөн хүн унагах аргад л анхаарлаа хандуулаад байгаа юм. Даншиг, Арван засгийн үеийн “Бөхийн сорилго”-д гараа,  дэвээг тусгайлан заадаг байсан түүхтэй. Тиймээс “Бөх хүн гараанаас” гэдэг. Гайхамшигтай сайхан гараа, дэвээтэй бөх хүн наадамчин олны бахдалийг үнэнхүү төрүүлж, сэтгэлийн цэнгэл эдлүүлдэг билээ. Анх 2000 онд А.Сүхбат аварга түрүүлдэг жилийнхээ наадамд гараа зангидаж өргөн савчиж гүйснээс хойш цолны болзол хангасан зарим бөхчүүд тэгж гүйдэг зуршилтай болцгоосон.  Монгол хүн ханцуйгаа шамлаж, гараа зангидаж, ташуур барьж гэрт орохыг цээрлэдэг. Тэр тусмаа төрийн наадамд барилдаж байгаа бөх хүн гараа зангидаад савчин гүйх үнэхээр зохисгүй. Бөх хүн өөрийн сэтгэл хөдлөл, сүр хүч, цог золбоо, ид хаваа харуулах, “дийлснээ дэргэдэх түмэндээ үзүүлэх”-ийг тахим авах, өгөх, гараа, дэвээ, шаваа зэргээрээ илэрхийлэх нарийн нандин зүйлүүд нь Монгол бөхөд өөрт нь байсаар байтал гараа гозогнуулж илүүц үйлдэл хийх нь Монгол бөх хүний цээрлэвэл зохилтой явдал мөн. Бусад бөхийн төрөлд бол яах ийх нь хувь хүний асуудал. Яагаад гэвэл Монгол бөх шиг тийм зохицуулалт байдаггүй юм. Төв аймгийн Эрдэнэсант сумын харъяат, улсын начин Б.Бадам-Очир “Дайсан дарсан аятай гараа атгаж гүйх, нэгнээ дийлж болно гэхдээ тэрийгээ хурц илэрхийлэх нь сайхан харагддаггүй” гэж ярилцлага өгснийг дор бүрнээ тунгаах л ёстой юм.

“ЛАМ НАРЫН ДОТООД ЦААЗЫГ ЖАЯГ" ГЭНЭ

Одоо мөрдөж байгаа дүрмээр “Наадам, барилдаан зохион байгуулах бүрэлдэхүүн”-ийг “Жаяг дэгийн баг” гэнэ гэж заасан байдаг. Энэ “Жаяг дэгийн баг” гэгчид “Хөлийн цэц, гарын даа, тайлбарлагч, эмч, хаяавч, холбогч” багтдаг. Хэл шинжлэлийн нэрт эрдэмтэн Я.Цэвэл гуайн “Монгол хэлний товч тайлбар толь”-д “Жаяг гэж лам нарын дотоод цааз”-ыг хэлнэ гэж тайлбарлажээ. Лам нар сахил санваараа сахих, винайн ёсоо сайтар мөрдөх, биенээ бандидахгүй байх зэргийг “жаяг” гэдэг зүйлээр зохицуулж иржээ. Гэтэл лам нарын юмыг Монгол бөхөд аваад хэрэглэчихсэн байх жишээтэй. Жудагтай эр гэж ярихаас жаягтай эр хүн гэж ярьж, хэлж, бичдэггүй. Уг санаа нь бөхийн барилдаан зохион байгуулдаг мэргэжлийн багийг журамтай,  дэгтэй, хариуцлагатай  хандах  ёстой гэсэн өнгөц мэдлэг, дүгнэлтээс үүдэлтэйгээр тэгж нэрлэсэн бололтой. “Цэр нь цээжиндээ, бөөр бөгсөндөө” гэдэгчлэн ламынх нь ламдаа, бөхийнх нь юм бөхдөө байвал зүгээр юмсан. Ингэхийн оронд Монголын Үндэсний Бөхийн Холбооны “бөхийн барилдаан зохион байгуулах мэргэжлийн баг”, Дархан-Уул аймгийн ҮБХ-ны “бөхийн барилдаан зохион байгуулах мэргэжлийн баг” гэж болмоор. Төрийн байгуулалтын байнгын хороо гэдэгтэй агаар нэг.

“ГАРЫН ДАА” ГЭХИЙГ “ОНООЛТ, АМЛАЛТЫН БИЧЭЭЧ” ГЭВЭЭС ЗОХИЛТОЙ

“Гарын даа” гэдгийг бөх сонирхогчид ерөнхийдөө нэг бөхийн оноолт хийдэг хүнийг хэлдгийг мэдэх байх. “Гарын даа” гэж чухамдаа юу гэсэн үг вэ. Одооны хүүхдүүдээс асуувал “гарын нь даагаад өргө” гэсэн үг юм болов уу хэмээн хариулж ч мэдэх. Гарын даа гэж Монгол бөхөд Манжийн үед нэвтэрсэн үг хэллэг. Улс нь мөхөөд 100 гаруй жил болж байгаа, Хятадад уусаад алга болсон үндэстний юмны үлдэцийг өнөөгийн бид Монгол бөхдөө хэрэглээд явж буй нь хэр зохимжтой вэ. Манжийн дарлалын үед “даа” гэж ноёдын хэргэм зэрэг байжээ. Даншиг, Арван засгийн үеийн бөхийн оноо дансанд “Амбан даа чин вангийн”, “Даа ламын”,  “Засагт ханы дэд даа гүний”, “Хэвий даа гүний” гэх зэргээр бөхчүүдийг нэр дээрээсээ босгож барилдуулдаг байсан байх юм.  Ингэснээр энэ даа гэдэг үг бөхөд нэвтрээд бөхийн оноолт хийдэг хүнийг гарын даа гэж нэрлэж заншжээ. Түүнээс Монголчууд бөхийн оноолт хийгчийг “Онооны бичээч”, “Онооны түшмэл”, “Онооны цэц” гэх мэтчилэн нэрлэдэг байжээ.  Мөн “Даа” нь сул үйл үгийн утга илэрхийлдэг аж. “Яв даа”, Тэгсэн бай даа” гэхчилэн. Орчин цагийн Монгол хэлэнд уяалдуулаад “Гарын даа” гэхийг “Оноолт, амлалтын бичээч” гэж нэрлэвэл зохилтой. ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн  эрдэм шинжилгээний ажилтан, эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Улсын ахлах байцаагч гэдэг шиг Монгол үндэсний бөхийн оноолт, амлалтын улсын бичээч, Улсын ахлах бичээч гэсэн зэрэгтэй байвал болмоор. Бөхчүүдийг хооронд нь эрэмбээр нь оноодог, амыг нь авахуулдаг, ам авсныг нь бичиж тэмдэглэдэг бичээчийн үүрэг гүйцэтгэдэг болохоор ингэж нэрлэсэн нь илүү зохимжтой санагдах юм. “Улсын тэргүүн гарын даа”, “Улсын тэргүүн тайлбарлагч” гэсэн зэргийг  МҮБХ-ны Тэргүүн гарын үсэг зурж баталгаажуулдагийг бас бодолцох л асуудал. Тэргүүн тэргүүндээ зэрэг олгох нь авцалдаагүй зүйл юм. Харин зүгээр “Улсын тэргүүний тариаланч”, “Биеийн тамирын тэргүүний ажилтан” гэдгийн адилаар  “Улсын тэргүүний тайлбарлагч” гэдгээр бол байж болох юм. Ингээд төгсгөлд нь хэлэхэд, Монгол бөх бол бидний өвөг дээдсийн “өв их эрдэнэ”-ийн нэг мөн. Монгол бөхийнхөө төлөө хэн ч үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Монгол бөх бол хэн нэгэн, хэсэг бүлэг хүмүүсийн өмч огтоос биш. Өнөөгийн бид Монгол бөхөө цэвэр ариунаар нь, уламжлалт ёс горимоор нь авч явж ирээдүй хойчдоо хүлээлгэж өгөх үүрэгтэй. Монгол бөх бол нэг ба нэлээн хэдэн бөхийн ч хувийн хэрэгсэл бус хотол олны хайрлан хүндлэж, хамгаалан дээдлэж байх ёстой хамаг Монголын өмч юм. Монгол бөхийг сайнаар хөгжүүлж байвал сайшаан дэмжих, саараар гутаавал сануулга зэмлэл, шийтгэл оногдуулах эрх нь жирийн нэг бөх сонирхогчоос авахуулаад жинтэй хувь нэмрээ оруулагч зүтгэлтэн,  цаашлаад төр засагт ч бий билээ. Үүний тухайтад бичив. Өлзий хутаг орших болтугай.

Ч.УУГАНБААТАР

/Спортын сэтгүүлч, докторант/

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.94.70) 2023 оны 11 сарын 26

ӨНДӨР ЦОЛ ХЭРГЭМ НЭР ТӨРИЙН ОРГИЛД ХҮРСЭН ГАНЦ НЭГ БӨХ ШУНАЛЫНХАА ОРГИЛД ХҮРЭХ ГЭЖ ЗҮТГЭСЭН НЬ СҮҮЛИЙН ДӨЧИН ЖИЛД МОНГОЛ БӨХИЙН ДЭВЖЭЭГ БУЗАРЛАХ ИХ ГАЙ ГАМШИГ БАЙЛАА

0  |  0
Top