СӨРӨГ хандлагууд ба СЕНСААЦ мэдэгдэл

2023 оны 10 сарын 31

1. СӨРӨГ хандлагууд ба СЕНСААЦ мэдэгдэл

Монголчууд бид, шинэ тогтолцоонд шилжсэн 33 жилд, хүн нь доройтсон, байгаль нь сүйрсэн, Булаг шанд, гол мөрөн нь ширгэж, нуур дундарч, нуга цөлжиж, ой тайга маань бүхлээрээ хуйхлагдаж, ан амьтан нь тоо толгойгоороо цөлмөгдөн хядагдсаар байгааг харж байна. Энэ нь хүний хийморь лундаагүйнх бөгөөд байгаль орчны сүйрэл нь эргээд хүн бидний сэтгэлийг сэвтээж, биеийг тамирдуулан, золбоо хийморийг үхүүлж байна. Монгол орны байгалийн сүйрлийн энэ үйл явц дээр дэлхийн дулаарал, глобаль уур амьсгалын эрс өөрчлөлт бүрмөсөн нэрмээслэх нь илэрхий боллоо. Уул уурхай, аж ахуйн бүхий л үйл ажиллагаа улам эрч хүчээ авч, байгаль орчинд үзүүлэх ачаалал нь цар далайцаараа олон дахин нэмэгдэж улс төр, эдийн засгийн нөхцөл байдал нэгэнт бүрдлээ. Жишээ нь, Говь дахь гүний хоолойн цэнгэг усны нөөц нь Хөвсгөл далайтай тэнцэхүйц ирээдүйн ач холбогдолтой байтал одоо Оюутолгойн ордны ашиглалтаар бүрэн шавхагдаж дуусна гэх мэт сөрөг хандлагууд Монголд хүчинтэй үйлчилж буйг нэг бүрчлэн бүртгээд суусан ч болно. Саяхан, Германы хамтын ажиллагаа нийгэмлэгийн ахлах зөвлөх, биологич, ландшафтын экологич Торстен Хардер гэгч “Монголын экосистемд нүүрлэж буй сүйрлийн аюул” сэдвээр илтгэл тавьжээ. Түүний мэргэшсэн чиглэл нь экосистем ба эко аялал жуулчлалд үзүүлэх хүний ашиглалтын нөлөөлөл. Монгол Улсад 2019 оноос хойш дөрвөн жил ажиллаж амьдарч Монгол Улсын экосистем байгаль орчныг судалжээ. Түүний багш нь Алтернатив Нобелийн шагнал хүртсэн, 1973 оноос хойш Монголд судалгаа шинжилгээ хийсэн Германы эрдэмтэн Майкл Сүкков аж. Тэрбээр Торстен Хардерт Монголын экосистемийг судлахыг зөвлөсний дагуу ийнхүү Монголын байгалийг судлахаар болжээ. Торстен Хардерын “Монголын экосистемд нүүрлэж буй сүйрлийн аюул” сэдэвт илтгэлээс онцлох эшлэлүүдийг сошиалд тавьжээ. Барууны судлаач бээр, Монгол орны экосистемд нүүрлэж буй маш олон ноцтой шалтгаануудыг дурьдаад... “Монголчууд  одоо хандлагаа өөрчлөхгүй бол Монгол Улс, Ази тивд хэзээ ч байгаагүй гамшигт өртөх болно. Уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн талхагдал нь экосистемийн амин чухал үйлчилгээг эрс хурдацтай алдагдуулж байна. Байгалийн баялгийн хэт ашиглалтыг нэн даруй зогсоохгүй бол хэдхэн жилийн дараа /30, 50 жилийн дараа/ Монгол Улс Ази тивд хэзээ ч байгаагүй гамшигт өртөх аюул нүүрлээд байна” гэжээ. Энэ бол маш таагүй дүгнэлт ба прогноз. Энэ бол сенцаац мэдэгдэл. Үүнээс өмнө 1981 онд геофизикчид сенсаац мэдэгдэл хийсэн байдаг. Юу вэ гэвэл, 1984 оноос дэлхий нийт байдал үндсээрээ өөрчлөгдөнө. Энэ байдал нь байгаль нийгмийн бүхий л нөхцөл байдалд хамаарна гэжээ. Энэ бол аймшиг ба найдварын зэрэг төрүүлсэн прогноз байв. Аймшигтай прогноз учраас үндсэндээ нарийн мэргэжлийн хэвлэлээс гадуур, хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр цацагдаагүй сенсаац. Аймшиг нь юу гэхээр социализм устах, найдвар нь юу гэхээр бас л социализм устах. Ингээд 1984 оноос эхлэн дэлхий нийт эрс өөрчлөлтөд орсон. Хүйтэн дайн дууссан. Социалист систем тэр чигээрээ байхгүй болсон. Бүх нийтээрээ капитализмд орсон. Ардчилсан хувьсгал /хувьсал О.Э/ ялсан. 1983 онд, социалист лагерийн том удирдагч Л.И.Брежнев нас барсан. Андропов гарч ирээд хуурай хууль зарлаад, архи дарсийг зарахаа больсон. Горбачёвын өөрчлөн байгуулалт гарч ирсэн тэр үйл явц нь ардчилсан хувьсгал болоод дэлхийн нийт өөрчлөгдлөө. Дэлхийн дулаарал бас тэр үеэс эхэлсэн. Уур амьсгалын өөрчлөлт, экологийн сүйрэл тэр үеэс эхтэй. Хамгийн чухал нь юу гэвэл, тэнгэрийн механикийн нарийн ширийн тооцоонд тулгуурласан геофизикчдийн хий­сэн глаболь прогноз, тэр чигээрээ биелсэн. Биелж ч байгаа учраас, одоо хүн төрөлхтөн яасан ийсэн, яах ийх тухай ярил­цаж байна. Жинхэнэ прогоноз зоригтой, эрс­дэлтэй, гэхдээ тооцоотой байхын жишээ энэ.

 

2. Монголд байгалийн МӨЧЛӨГ ирсэн

Ерөнхий зүй нь гэвэл Монголд байгалийн Мөчлөг ирсэн гэдгийг ойлгоод явахад болно. Хожим тийм урт хугацааны глобаль мөчлөгийн тооцоог 15000 жилээр үрагшлуулан тооцож үзэхэд, хүний нийгмийн үндсэн эргэлтүүд тэр мөчлөгт захирагдан буй нь нэлээд илэрхий болсон байдаг гэж судлаачид дүгнэжээ. Энэ 15000 жил нь ердөө л их мөстлөгийн дараах үе гэнэ. Тэгвэл монголын түүхийг 15000 жилээр урагшлуулан тэр бүхэнтэй давхцуулан харваас, манай өсөлтийн мөчлөг хоёр мянганы заагт тохиож буй байдалтай юм. Гэхдээ үүнийг ч маниусаас 470 жилийн өмнө зөгнөж хэлсэн байдаг. Монголын түүхэнд өсөлт, бууралтын үеүд ээлжлэн ирсэн байна. Гэхдээ манай өсөлт, бууралтын даялал аймшигтай их. Амплитууд нь хэт өндөр нам, яг хөрөөний ир шиг, зүрхний бичлэг шиг гэсэн үг. Өсөхдөө Хүннү гүрэн, Чингисийн Монголд хүрнэ. Буурахдаа бараг байх байхгүй дээ хүрнэ. Өнөөдөр Монгол байх байхгүй дээ хүрч, орших уу, эс оршихуйдаа тулаад байна. Гэхдээ дээрх маш таагүй дүгнэлтүүдэд “Муугаар бодож Сайн хийх” нь чухал байна. Өнөөдөр монгол үндэстний Өсөлт-ийн Мөчлөг тохиож байгааг аль аль талдаа ойлгомоор байгаа юм. Дэлхийн утга зохиол гэж хүн төрөлхтний зөн гүйж, совин татсан нэг үзэгдлийн, өрнүүн шинэ урсгал нь сүүлийн жилүүдэд Чингисийн Монголын түүх боллоо. Энэ нь дэлхий дахин Монголоос ямар нэгэн юм хүлээж буйн илрэл юм. Зуун ба мянган солигдсон зааг завсар үед ерөөсөө ямар нэг хүлээлт найдвар бий болдог нь жам ёс юм.  Энэхүү найдвар, хүлээлт, хоёр мянганы мөчлөгт тохиож байна.

 

3. Ерөнхийлөгчийн бадрангуй сенсаац мэдэгдэл

Яг энэ мөчлөгт, Монгол Улсын  Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, НҮБ-ын чуулган дээр, цөлжилтийн эсрэг нээлттэй мэдэгдэл хийсэн. Энэ нь “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөныг Монгол Улсдаа өрнүүлэхээ, дэлхий нийтэд уриалсан, бадрангуй сенсаац мэдэгдэл байв. Өнөөгийн нөхцөлд, Уул уурхайн салбар ердийн зам, эдүгээх байгаль орчны нөхцөлд туйлын осолтой зам болоод байна. Тиймээс ер бусын зам олоод үсрэнгүй хөгжих боломжийг барууны судлаачид үгүйсгээгүй. Түүгээр үл барам, чухам ер бусын зам олохыг уриалж дуудсан хэрэг. Энэ нь, манай Ерөнхийлөгчийн дэлхий нийтэд тунхаглан зарласан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болчихуй.

 

4. Мод тарьж чаддаг улсуудад нь даалгаж өгөх хэрэгтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөн зөв үү гэвэл зөв. Гэхдээ үйл явцад нэмэх, хасах тэмдэгтэй үзэгдэл гарна гэдгийг ойн салбарын судлаач, мэргэжилтнүүд хэлж байна. Монгол Улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан. Монголын ойн селекц генетикийн доктор PH С.Жамъяансүрэн, авах гээхийн ухаанаар зөвлөж байна. Тэрбээр 1976 оноос ойн селекц генетикийн салбар руу орж, өнөөг хүртэл ажиллаж байгаа, Монголд ганц доктор нь  юм байна. Тэрбээр, “Хамгийн гол нь, Ерөнхийлөгчийн мод таръя гэдэг нь зөв. Би үүнийг дэмжиж байгаа. Тэгэхдээ хугацаа нь тохирсонгүй.  Яагаад гэвэл, Модны үр гэдэг чинь хуучин далан хэдэн онд намайг судалж байх үед таван жилийн давтамжтай их сайн үр гардаг байсан юм. Одоо бол долоогоос есөн жил болоод холдчихсон.  Үүний гол шалтаан нь  Дэлхий дахины хуурайшил, дээр нь манай хаврын гэнэт цочир хүйтрэлд цэцэгнүүд нь хөлдчихөөд, үр байхгүй болчихоод байгаа юм. Тэгэхээр энэ дээр нэлээд бодолцож байж хийх байсан. Сүүлийн хоёр жил дотор ерөөсөө нарс, шинэс үр гараагүй. Нарс бол жоохон гарсан. Тэр нь чанартай сайн үр биш байгаа юм. Үүнийг Хэнтий нуруу, Хангай нуруу, Алтай гээд гурван бүс маягтай хувааж болох. Хойгуур ургаж байгаа нь дандаа шинэс мод байгаа. Хамгийн зүүн талд Дорнодын баян уулд лавар шинэс, тэгээд наашаагаа Чкановскийн шинэс, баруун тийшээгээ Сибир шинэс ургадаг юм. Тэгэхээр их үрийн жил дээр нь нэлээд сайн үр бэлдэх даалгавар өгөөд, бусад жилүүдэд нь тэртэй тэргүй үр байхгүй юм бол хий дэмий мөнгө зараад байлгүй, тэрнийгээ зөв хадгалах нь чухал. Агуулах сав нь зөв биш байх юм бол үрийн ургац нь доошоогоо уначихдаг. Тэгэхээр энэ дээр тааруулж мод тарих ажлыг өрнүүлсэн бол илүү үр дүнтэй байх байсан. Ойрын гурван жил дотор олигтой үр гарахгүй. Тэгээд таван жилийн дараа гайгүй үр гарна. Тэр үед нь гайгүй үр бэлдэж авч, урьд талд нь нэлээд бэлтгэлтэй байж, үйлдвэрийн газрууд, аймгуудын ойн байгаль орчны газруудад үүрэг өгөөд, бэлтгүүлж аваад зөв хадгалчихаад, хадгалсан үрээ, үр байхгүй шилүүдэд нь тарьж өгвөл хамаагүй илүү үр дүнтэй, хөрөнгө бага зарах байсан. Одоо хий дэмий шуугиан дэгдээчих шиг л боллоо гэж би бодож байна.  Мод тарих гэж байгаа гээд бараг л хүн болгон шахуу л гүйгээд байна. Гэхдээ мод тарьж чаддаг улсуудад нь даалгаж өгөх хэрэгтэй байгаа юм. Жишээ нь, Дорнодын Баян-Уулын Нэргүй, Хэнтийд Мөнхбаяр, Сэлэнгэд Жамсран /МУ-ын хөдөлмөрийн баатар/, Цэнгэл -Заяа, Алтанцэцэг гэх мэтчилэн. Урагшаагаа Дундговьд Бямбаа, Сандуй байна. Ховд руу Цэндсүрэн, Цэцэгээ байна. Баян-Өлгийд Х.Мерзабек байна. Ийм улсуудад хөрөнгө мөнгийг нь хариуцуулаад өгөх хэрэгтэй. Энэ улсууд цөмөөрөө гараараа мод тарьсан болохоор тэд илүү дутуу юманд зарахгүй гэдэгт би бүрэн итгэдэг” хэмээжээ. Мод тарих түмэн олны үйлсэд яах тухай зааж зураад, зөвлөөд явах, байгаль орчинд бүхэлд нь тандалт мониторинг хийж мэдэж, чадах мэргэжилтнүүд байгаль орчны яаманд байгаа л байх. Монгол гэж өөрийгөө хэлдэг биш боддог, итгэдэг нэг сая мод ургуулсан зохиолч Ч.Галсан абугай, “Тужийн нарс” хөтөлбөрийн хэрэгжүүлэгч МУ-ын хөдөлмөрийн баатар Д.Жамсран тэргүүтэй, Байгаль орчноо хамгаалъя, хайрлая гэж хэлдэг бус хийдэг, боддог, итгэдэг хүн бүрийн хэрэг зоригын хэрэг.  Харин сэтгүүлчид ухуулах, сурталчилах, соён гэгээрүүлэх үүргээ биелүүлж чадвал, хэн нэгэнд, хэн хүнгүй сэрж, мэдэрч, сэнхэрч гэгээрч байвал сэтгүүлзүйн нөлөөлөл гэж энэ. Өнөөдөр, Монгол Улсын нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь цөлжиж, доройтсон бөгөөд 2022 оны байдлаар 362 гол, горхи, нуур, тойром, булаг, шанд ширгэжээ. Хуурайшил!!! Энэ бол түлхүүр үг. Сибирийн Агуу гол мөрнуудийн усны түвшин хүртэл 1-2 метрээр буурч байна гэнэ. Оросын их усан зам Волга мөрөн зарим хэсэгтээ одоогоос 10-аад жилийн өмнө тасалдаж эхэлсэн мэдээ бий. ОХУ-ын “усны асуудлын хүрээлэн” гэдэг судалгааны томоохон төв ШУА-ынхаа их чуулганд илтгэхдээ, 2025 оноос дэлхий дахин усны хямралд өртөнө. Улс орнуудын хил хязгаар орчмын усны нөөцөөс улбаалан зэвсэгт мөргөлдөөнд ч хүрч болзошгүй гэж үзлээ. Энэ бол тулгамдсан өнөө маргаашийн аймшигтай дохиолол. Ус бол хамгийн үнэт минерал, усны асуудал байгаль орчны асуудлын Цөм юм гэж дэлхий дахин улам бүр ухаарах болов. Алт, зэс, цайр, нүүрс, уранаар сольшгүй чандмань эрдэнэ усны асуудал амин чухал болов.     

Нэгэн зүйл:

Монгол маань завсрын бүсийн хамгийн эмзэг байгальтай газар. Монгол орны байгаль нь нэг талаас их уст, ой тайгат Хар Шивэр буюу Сибирь, нөгөө талаас нь хуурайшилт тал хээр, говь цөлийн бүсийн торгон заагт оршдог. Энэ нь манай орны байгаль орчний нэн эмзэг хэврэг төлөвийг илэрхийлэх бөгөөд 1921 оны Ардын хувьсгал ч эл байдлыг онцгой анхаарч сэрэмжлүүлсэн түүхтэй.

Нэгэн зүйл:

Монголчууд бидний хувьд “Төв Ази” гэдэг тодорхойлтод, дээр дурьдсан олон хүчин зүйлийг харгалзахын сацуу түүхчилсэн ойлголтоор бас хандах санал дэвшүүлэх боломжтой юм. Энэ үүднээс авч үзвэл, Төв Ази нь ерөнхийдөө Монголын түүхэн нутаг дэвсгэр гэдэгтэй давхцаж ирнэ. В.Н.Синицын Төв Азын газар нутгийг 4360 квадрат километр гэж тодорхойлоод, түүний дөрөвний нэг нь Монгол Улсад харьяалагдана гэжээ. Газар зүйн хувьд Синицын Төв Ази болон Монгол Улс болон монголын түүхэн нутагт гарцаагүй хамаарах бүсүүдийг орхигдуулсан /ялангуяа өнөөгийн Монголоос хойгуурх/ нь зарим талаар улс төрийн шалтгаантай байсан бололтой. Төв Азийн хил хязгаарыг иж бүрэн үндэслэлтэй тодорхойлохын тулд түүхчилсэн зарчимыг баримтлах нь чухал ач холбогдолтойг хойшид Монгол Улсын талаас анхаарах нь зүй гэдгийг судлаачид цохон тэмдэглэсэн байдаг.

Нэгэн зүйл:

Төв Ази нь үндсэндээ нүүдэлчин ахуй, аж төрлийн уугуул бүс нутаг юм. Энэ нь байгаль орчноор бараг дагнан нөхцөлдсөн хэрэг байлаа. Аливаа үндэстэн угсаатны үүсэл, төлөвшил, цаашдын Оршихуй нь тухайн газар орны байгаль, газар зүйтэй салшгүй холбоотойг Лев Гумилев сайтар нотолсон билээ. Чингэхдээ Төв Ази, Монголын байгаль, түүхийн өгөгдөхүүнд нэлээд тулгуурласан нь зүйн хэрэг. Төв Азийн омог аймаг, үндэстэн угсаатнууд нүүдлийн аж ахуйг сонгосон нь байгалийн эрхшээлд зохицох арга хэрэгсэл байв. Энэ нь улмаар судалгааны, цаашлаад бодлогын хүрээнд сонирхол татах асуудал үүсдэг.

Нэгэн зүйл:

Нүүдэлчдийн нийгмийн байдал зогсонги  төлөвтэйг Арнольд Тойнби зэрэг Барууны түүхчид цохон тэмдэглэдэг. Зогсонги байдал нь түүхэн сөрөг үзэгдэл харагдана. Гэтэл хүн төрөлхтөн, тухайн үндэстний эцсийн зорилго юу вэ. Нэгд, Оршин тогтнох, амьдарч үлдэх. Хоёрт, Хөгжих зорилт яригдана. Хөгжил нь эцсийн дүндээ байгаль орчны даяар доройтолд хүргэж, цаашид сүйрэл нүүрлэх төлөвтэй байна.

 

4.“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ”

Тиймээс оршин тогтнох ба хөгжих нь угтаа зөрчилтэй үзэгдэлүүд болчихоод байна. Энэ зөрчлөөс гарахын тулд “Тогтвортой хөгжил”-ийн тухай ярих болов. Гэтэл энэ нь өнөөгийн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн түвшинд, ярианаас цааш гарахгүй зорилт болсоор байгааг дэлхий нийт хүлээн зөвшөөрч байна. Харин нүүдэлчид байгаль орчноо сахин хамгаалж хадгалах ахуй, соёлын давуу талаараа ямар боловч сүйрэлгүй оршин тогтнох боломжтой юм гэдгийг барууны түүхчид судалсан байдаг. Энэ нь  В.А.Синицын “Центральная Азия” номоо 1959 онд хэвлүүлсэн нь өнөө хэр Төв Ази судлалын үндсэн эх сурвалж болж байна.

О.ЭРДЭНЭЖАРГАЛ

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top