А.Энхбуурь: Хэрвээ мөрдөн байцаагч Г.Батсайхан үнэнч байсан бол энэ хэрэг үнэн зөв шийдэгдэх байлаа

2023 оны 10 сарын 09

Барс зах дээр амиа алдсан хүүгийнх нь хэрэг өнөөг хүртэл шийдэгдэхгүй зургаан жил болж байгаа талаар хохирогчийн ээж Х.Энхтуяа, өмгөөлөгчийн хамтаар өнөөдөр /2023.10.09/ мэдээлэл хийлээ.


Тэрээр "Хүү маань 2017 оны гуравдугаар сард Барс зах дээр бусдын гарт хорлогдон амиа алдсан. Гэвч өнөөдрийг хүртэл энэ хэргийг шийдвэрлэж өгсөнгүй.

Шүүх, прокурор, цагдаа нар авлига авч, мөнгөний асуудал үүссэн учраас өнөөг хүртэл шийдэгдсэнгүй. Иймээс ч ар гэрийнхнийх нь зүгээс  маш их гомдолтой байна.

27-хон настай байхдаа хүү маань өөд болсон. Хэт их авлигажсан улс төр, хууль цагдаагийн байгууллага над шиг олон эхийн нулимсыг гаргадаг байх" гэлээ.

Өмгөөлөгч А.Энхбуурь "2017 оны гуравдугаар сарын 14-ны өдөр Барс зах дээр хохирогчийн ганц хүү бусдад зодуулж нас барсан. Яагаад энэ хэрэг одоог хүртэл шийдэгдэхгүй яваа учрыг товч хэлбэл хэргийн мөрдөн байцаагчаар ажиллаж байсан мөрдөгч авлига авч, улмаар прокурор хэрэгсэхгүй болгож, шүүхээс цагаатгасан байдаг.

Тодруулбал Баянгол дүүргийн нэгдүгээр хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Г.Батсайхан гэгч нь хэргийг анх шалгаж байсан. Гэвч өргөсөн тангаргаа зөрчин хэргийг будилаантуулах эх үүсвэр болсон. Үүнээс үүдэн хяналтын прокурор тухайн хүн амины хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. 

Улсын ерөнхий прокурорт гомдол гаргаад энэ хэргийг дахин шалгаж, мөрдөн байцаалтад буцаасан. Гэвч хэргийн нотлох баримт хангалтгүй гэх үндэслэлээр цагаатгаж, хэрэгсэхгүй болгосон. Улмаар давж заалдах шатны шүүх болон Улсын Дээд Шүүхээс хэргийг мөн цагаатгасан.

Ингэж цагаатгах явцад буюу 2018 оны сүүлээр ахлах мөрдөн байцаагч Г.Батсайхан гэгч нь авлига авч, албан тушаалаа урвуулан ашигласан нь илэрч, шалгагдаж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл мөрдөн байцаагчийн авлига, албан тушаалын тусдаа хэрэг шалгагдаад 2021 онд шийдэгдэж, дөрвөн жилийн хорих ял авсан.

Гэвч энэ хэргийг дахин давж заалдаж, хөөн хэлэлцэх хугацаа хожих маягаар мөрдөн байцаалтад буцаасны дараа буюу ноднин дахин Баянгол дүүргийн шүүхээр шийтгэгдэж, торгуулийн ялаар ял нь өөрчлөгдсөн байдаг. Өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон тухайн мөрдөгч торгуулийн ял шийтгэгдсэн.

Энэ хэргийг эцсийн шатанд хуулийн дагуу үнэн бодит шийдвэрлэхийг хүсэж байна. Хэрвээ ахлах мөрдөн байцаагч Г.Батсайхан өргөсөн тангарагтаа үнэнч байсан бол өнөөдөр энэ хэрэг үнэн зөв шийдэгдэх байлаа." гэв.

 

МЭДЭЭЛЛИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.98) 2023 оны 10 сарын 10

Энэ нэг хөөн хэлэлцэх хугацаа гэдэг юмаар баахан хэрэг хаагдах юм. \n

0  |  0
ochir(66.181.161.172) 2023 оны 10 сарын 09

unen shuu hedn. jiliin omno buleg humuust zoduulaad tolgoi tus gazraa (mes-r ) buluuleed tsagdaa deer ochihod ulaan tsaim heregteni tald orj hahuuli avch hereg haadag bolson ym bnle odoo tsagt mongo l baival yuc hij boloh uu?

1  |  0
Top