ХАНЖОУ-2022: Өнөөдөр манай 5 бөх дэвжээнд гарна

2023 оны 10 сарын 06

“Ханжоу-2022” 19 дэх удаагийн Азийн наадмын чөлөөт бөхийн төрлийн 2 дахь өдөр манай 5 тамирчин дэвжээнд гарна. Эмэгтэйчүүдийн 62 кг-д Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд өрсөлдөнө.

Түүний жинд 14 бөх байна. Манай тамирчин эхний  барилдаанаа Казахстаны Ирина Кузнецоватай. Ялвал Хятадын Тайванийн Пай шин Пинтэй. Түүний зоонд Дэлхийн хошой аварга Осаки Нонока, Киргизстаны Дэлхийн хошой аварга, олимпийн мөнгөн медальт Айсулуу Тиныбеково нар байна. Чимэдээ гавьяат дэлхийн аваргуудын ялсантай зооны аваргын төлөө хүч үзэх боломжтой.

Эмэгтэйчүүдийн 68 кг-д U23 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, “Белград-2023” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, ЦЕГ-ын Хүч спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин Энхсайханы Дэлгэрмаа өрсөлдөнө. Шинэхэн дэлхийн медальтаны жинд 10 бөх байна.

Манай тамирчин эхний тойрогт  Вьетнамын тамирчинтай барилдана. Ялвал 2022 оны манай улсад болсон Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд 65 кг-д хүрэл медаль хүртэж байсан Энэтхэгийн Радхикатай учраа таарна. Харин хэсгийн аваргын төлөө  2008 оны Бээжингийн олимпийн наадмын хүрэл, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2 хүрэл, 1 мөнгөн медальт Елена Шалыгина, Киргизстаны Нурзат Нуртаева нарын ялсантай  хүч үзэх магадлалтай.

Эмэгтэйчүүдийн 76 кг-д манай улсаас  Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин Ганбатын Ариунжаргал өрсөлдөнө. Түүний жинд 11 бөх байна.

Манай тамирчин Б зоонд эхний тойрогт хийлж дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт  Казахстаны Жамила  Бекбергенова, Узбекстаны Светлана Окназарова нарын ялсантай. Цаашлаад ялвал Японы Нодока Ямамототой хэсгийн аваргын төлөө учраа таарах магадлалтай.

Эрэгтэйчүүдийн 57 кг-д  Өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын Азийн аварга, “Хасу-Мегастарс” клуб, Үндэсний шигшээ багийн  тамирчин ОУХМ Нармандахын Насанбуян өрсөлдөнө. Түүний жинд 15 бөх байна.

Манай тамирчин А хэсэгт эхлээд Камбож улсын тамирчинтай өрсөлдөнө. Ялвал БНАСАУ-ын Хан Чонсонтой.Эрэгтэйчүүдийн 65 кг-д Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Төмөр-Очирын Тулга өрсөлдөнө. Түүний жинд 18 бөх байна. Манай тамирчин А хэсэгт эхлээд Казахстаны тамирчинтай. Хоёр дахь барилдаанаа тэр Камбожийн Ён Буннатай хийн Солонгос, Тайландын тамирчдын ялсантай  тулна.

Түүний хувьд хэсэгтээ тэргүүлэх өндөр магадлалтай харагдаж байна. Гэхдээ зооны аваргын төлөө 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Киргизстаны Алибек Османов, Тажикстан, Йемен,  БНХАУ-ын  тамирчдын ялсантай хүч үзэх нь. Харин түүний нөгөө зоонд дэлхийн шилдгүүд чуулжээ.

Ж.ЦЭЦЭГМАА (MGL SPORT) Монголын спортын сэтгүүлчдийн холбоо

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top