Хөвсгөл нуурын хөвөөнөөс Дорнын хязгаар, Дарьгангын тал хүртэл

2023 оны 09 сарын 20

АЯЛЛЫН СОЁЛЫГ ТЭДНЭЭС ХАРААРАЙ

Гадаад орны ахмадууд тэтгэвэрт суухаараа аялж зугаалж, юм үзэж нүд тайлдаг, монголчуудад бол тэр хүртээлгүй шахам. Ач зээгээ харж, сургууль соёлд нь хүргэж, тэтгэврийн мөнгө хэзээ жаахан нэмэхийг хүлээсээр нүд аньдаг гэсэн ойлголт ард хоцорчээ. Харин ч аялал жуулчлалын түрүүнд ахмадууд явдаг болсон байна. Олон жилийн өмнөөс тогтмол аялдаг болж, Монгол орныхоо баруун дөрвөн аймгаас бусдыг тойрч, Улаан-Үд, Манжуур, Өвөрмонголын Халиут хот хүртэл аяны зам зурайлгасан нэгэн хамт олонтой ганзага нийлж 10 хоногт 5400 км зам туулаад ирлээ. Тэд бол Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны ахмадууд. Тэднийг зохион байгуулдаг гол хүн нь Оёдлын үйлдвэрийн дарга асан, тосгоны Ахмадын хорооны дарга Б.Баасанжав.

Түүний ахалсан 45 хүний бүрэлдэхүүнтэй баг Далай ээжийнхээ хөвөөнөөс хөдөлж, Дорнын цэнхэр хязгаар, Дарьгангын талаар аялсан юм. Тэдэнтэй Улаанбаатар хотоос зам нийлж хамт явахдаа олон зүйлийг харж мэдрэв. Аяллын багийнхан 58-83 насны ахмадууд. Хатгал тосгоныг олон үйлдвэр, албан байгууллагатай ид түм түжигнэж бум бужигнасан, хойд хөрштэй усан тээврээр харилцдаг боомт хот байх үед хүүхэд, залуу насаа өнгөрөөж, ажиллаж хөдөлмөрлөж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн улсынхаа эдийн засгийн хөгжилд гар бие оролцож явсан хүмүүс тул зохион байгуулалт сайтай, соёлтой, бие биедээ хүндэтгэлтэй хандаж байсныг тэмдэглэх учиртай.

Аяллын соёлыг чухам тэднээс харах учиртай санагдсан. Өдгөө Хөвсгөл нуурыг тойрон олон амралт, аялал жуулчлалын газрууд төвлөрч, байгаль орчны бохирдол ихсэж, түмний хөлд дарагддаг дулааны улиралд овоолготой хог үлдэж, түүний арилгаж цэвэрлэхээс эхлээд олон зовлонг биеэрээ амсаж туулдаг хүмүүс учир хоггүй цэвэр аялахыг нэн түрүүнд эрхэмлэдэг, шаардлага өндөртэй нь алхам тутамд мэдрэгдэж байв. Хариуцлагагүй аялал жуулчлал хариуцлагагүй уул уурхайтай нэгэн адил байгаль орчинд хор хөнөөлтэйг тэд хэн бүхнээс илүү мэднэ.

Аялагчид майханд хоноглож, ээлжээр жижүүрлэн аяны цай, хоол бэлтгэж явлаа. Хоноглосон, бууж суусан газартаа бөртийх хог, ширхэг тамхины иш үлдээлгүй бууриа цэвэрлэж, хог хаягдлаа ууталж ачаад дайрч өнгөрсөн сум, суурины төвлөрсөн хогийн цэгт буулгаж дадсан нь аялагчдаас суралцвал зохих эрхэм чанар байлаа. Анхнаасаа л зориулалтын хогийн уутыг хүрэлцэх хэмжээгээр авч гарчээ. Гал түлж хоол, цай хийсэн газраа нямбайлан цэвэрлэж, ус асган галаа унтрааж модоор эргүүлж тойруулан хутгаж, ухаж үзэж, жаахан уур үзэгдэх төдийд дахин ус хийж бүрэн унтарсан хойно нь хөдөлдөг нь гал түймрээс сэргийлж байгаа хэрэг. Ялангуяа өндөр өвстэй, хуурайшилт ихтэй, салхитай, хаах халхлах уул, модгүй зүүн аймгуудад гал түймэр алдвал хэдэн аймаг сум алгасаж, бүр хил даван хуйхлаж мэдэх аюултай билээ.

Урт улаан автобусандаа майхан, тогоо шанагаа ачаад хөдлөхөд гал түлсэн жижиг ормоос өөр бөртийх хоггүй, олон хүн отоглож хоноглосон шинжгүй үлдэх нь сайхан.  Хүн бүр жижиг уутанд өөрөөс гарсан хогийг хийж зангидаад хогийн цэгт хүргэж хаядаг заншил тогтжээ.

Хөвсгөл нуур тойрсон аялал жуулчлал, амралтын газуудаас зохих хэмжээний хандив цуглуулж, үлдсэн зардлыг хувиасаа төлж аялдаг зарчим тэдэнд тогтоод 16 жил болсон байна. Аялал жил бүрийн есдүгээр сарын 2-нд эхэлнэ. Ахмадууд ээлжит аянаасаа буцаж ирмэгц дараа жилийн аялалдаа зориулж хуримтлал үүсгэж заншжээ.

Аялалын баг эмчтэй явсан боловч тогтмол тариа хийлгэх ганц нэг хүнээс бусад нь нэг удаа ч “Ёо” гэж хэлж, үгүй ядахад даралт хэмжүүлсэнгүй. Хээр майханд хонож, аяны цай, хоол хүртэх тусмаа чангарах янзтай.

Сумын арслан, аймгийн начин, нутаг орондоо нэгэн цагт хүч чадлаараа гайхуулж, тухайн цагтаа алдарт аварга Дарийн Дамдинг Хатгалд очиход өвдөг шороодуулж байсан гэх н.Жаргалсайхан гуай, түүний  гэргий Цэцэгмаа, нутагтаа мал ахуй, хувийн аж ахуй эрхэлдэг Жанцанхорлоо гэргий Дулмаагийн хамт, Хатгалын Ахуй үйлчилгээний уран үйлчин явсан, одоо ч тосгоныхоо зоны гоёлыг урлаж зай завсаргүй үйл мэтгэн нийслэлээс ч захиас заллагад дарагдан байдаг Н.Энхдалай бид хэд нэг майхан, нэг гал болж замын уртыг туулсан юм. Аяны замд Жанцанхорлоо тамхинаас гарснаа зарлаж, Шилийн богд дээр тангараг тавьсан гэнэ билээ.

ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭГЭЭ ХАМГИЙН ИХ ҮГҮЙЛЭГДЭВ

Хээр талын бүс нутгаар аялахад замын тэмдэг, тэмдэглэгээ хамгийн ихээр үгүйлэгдэж байлаа. Мэнэнгийн талыг туулахад хаанаас хааш хүрэх чиг заасан тэмдэглэгээ үгүй атлаа “...дугаар талбай” гэсэн самбар элбэг таарна. Бодвол удахгүй өрөм тавьж газрын тос соруулж эхлэхийн дохио биз ээ. Петро-Чайна, Дачин-Тамсагийн ид талхалж буй газраар ороогүй ч замын хажуугаар вагон сууцууд тавьж, цоо шинэхэн, соргог газруудад нефть соруулдаг тонголзуур техникүүд олон цөөнөөр ажиллаж харагдана. Наашлаад л байгаа янзтай.

Мэнэнгийн талд хадлан сугсарч байна. Шивээ, хиаг, ерхөг халиурч, шүлэгт гардагчлан салхины аясаар суусрын гүйдэл шиг, усны давалгаа мэт үелзэн долгилох ажээ. Хадланчид намрын ажилдаа ид гарч тал дүүрэн өвс хадаж, баглаа болгон тэвхийлгэжээ. Хязгаар нь үл үзэгдэх талд зээрийн сүрэг цөөн цөөнөөр цахилж яваа нь тааралдана. Нэг үе газрын хөрс хөдлөх мэт үзэгддэг асан зээрийн сүрэг их л ховордож цөөрчээ. Гал түймэр, унд усны гачаал, ан агнуур, элдэв өвчин, өвс тэжээлийн дутагдал, нефть олборлолтоос үүдсэн хөрсний бохирдол зэргээс мөн ч их үрэгдсэн дээ. Гэвч төлөө гайгүй авсан шинжтэй, сүрэг дунд бага зээр олон үзэгдэнэ. Ороо хөөцөлдөөний цаг дөхсөнийх үү, ооно, шаргачин хосоороо явж үзэгдэх нь элбэг.

Дээр хэлсэнчлэн замын тэмдэглэгээ үгүйн улмаас замаар явах ганц нэг машин, зам дагуух цөөн айлаас Халхгол сум орох зам асуух боловч ийшээ 60 км, тийшээ 60 км гэж заасаар эцэстээ төөрч, нэг суурин газарт тулж ирсэн нь Баянхошуу-Өвдөгийн хилийн боомт байв. Тэндээсээ чиг авч явсаар үдээс хойш Халхголын барааг харсан ч хөл дээр тогтох аргагүй хүчтэй салхитай таарлаа. Гэвч аяллын багийнхан мятарсангүй, Халхын голын дайны баатруудын хөшөө дурсгалтай танилцаж хүндэтгэл үзүүлсэн билээ. Аяллын туршид тэнгэр түрхэн зуур ганц л удаа тавгүйрхсэн нь тэр. Сумын төв орох үед салхи татарч, хэсэгхэн бороо ороод тэнгэр цэлмэж зуны өдөр мэт болов. Аливаа зүйлд сайн тал байдаг болохоор Халхголын алдарт шумуул мөнөөх салхиар дайжиж тэнд өнжиж хоноход хазуулж хатгуулах зовлон үзсэнгүй. Тэнгэр хангай ивээж багийнхан Халхын гол, Буйр нуураар амар амгалан аялцгаав.

УНДНЫ УСНЫ ГАЧААЛЫГ МЭДРЭВ

Хөвсгөл нуурынхаа цэнгэг усаар ундаалж, амны усны гачаал гэдгийг үзээгүй манай багийнхан Матад сумын нутагт усны нөөцөө дүүргэж, замын айлаас худаг асуусан ч ойр хавьд усгүй гэсэн хариу өгөв. Замд гараад удалгүй худгийн бараа харж “Саяын айл худлаа хэлжээ” гэцгээсээр очиход хэдэн залуу мал усалж, ус авцгааж байлаа. Гэвч тэр худаг хужиртай, зөвхөн мал услах зориулалттайг очсон хойноо мэдэцгээв. Зарим нь саваагүйрхэн амсаж үзээд залгих аргагүй шорвог гашуун байна гэцгээв.

Мал усалж явсан залуу араасаа дагуулж гэртээ очиж холоос тээж авч ирдэг амны уснаасаа бидэнд харамгүй өгсөн юм. Залуугийн ээж 1970-аад онд Хөвсгөл аймгийн Речинлхүмбэ сумаас илгээлтээр ирсэн, өдгөө 70 гаруй настай, сумын төвд байдаг аж. 1970-1980-аад онд Хөвсгөлөөс Дорнодын Сүмбэр, Халхголын САА, Сэлэнгийн Дулаанхааны модны аж ахуй, Дорноговийн Сүмбэрийн каракуль хонины аж ахуйд залуусыг илгээлтээр авдаг байсны үр сад ийнхүү газар бүрд тааралдах ажээ. Халхгол суманд аав ээжтэйгээ таван настайдаа ирсэн бүсгүй, Дорнодын төвд төрсөн ч аав нь Хөвсгөлийн хэмээн танилцуулсан ажилсаг хүүхэн гээд олон хүн бидэнд чин сэтгэлээсээ тусалж, хонуулж өнжүүлж, хоол ундаар дайлж байсан нь уугуул нутаг ус гэдэг хэн хүний сэтгэлийн гүнд оршсоор байдгийг гэрчилнэ.

Ус болгоныг ууж болдоггүй гэдгийг ойлгосон манай багийнхан ундны ус эрдэнэ гэдгийг мэдэрч, нөөцөө сайтар бүрдүүлэн явдаг болов.

ШИЛИЙН БОГДЫГ ХАЙСАН НЬ

Дорнодын талыг туулаад Сүхбаатар аймгийн нутагт орж Шилийн богдыг олохоор мөн л талын замд төөрч будилав. Асгат сумын нутагт хоноод хөдлөхөд аргагүй л адууны орон юм. Тал дүүрэн адуун сүрэг хуйлран давхих нь хийморьтой. Захын хүнээс зам асуухад Мэнэнгийн талд хаашаа л бол 60 км гэсэн хүн таарсан шиг “Шилийн богд 80 км” л гэнэ. Тал дунд “Шилийн богд 45 км” гэсэн ганцхан тэмдэг үзэгдсэн авч тэндээс даруй 90 орчим км зам туулж зорьсон газраа хүрэв. “Тал хээр нутгийн хүнээс зам асуугаад хэлсэн зайг нь 2-3 үржүүлж замаа тооцох учиртай юм байна” гэж бид хэд наргиж явлаа. Замдаа Талын агуйгаар орсон ч эхний танхимын дунд хүрэлгүй усан цүнхээлээр дүүрчээ. Дэлхийн дулаарал агуйн цэвдэг гэсэхэд хүргэв үү, олон хүн талхалсаар тийм болов уу. Цааш явах аргагүйдэн буцацгаав.

Шилийн богдод очиж эрчүүдийнхээ хийморийг сэргээгээд Оргихын булагт хүрэх замд Эрдэнэтээс аялаж яваа гэсэн гурван залуугийн нэгний мотоцикль эвдэрч замд суусантай тааралдаж эвдэрхий мотоциклийг нь ачин Дарьганга сум, Алтан овоонд хүргэсэн юм. Тэд мөн л Алтан овоог хайж явсаар төөрч ийнхүү замдаа суужээ. Төөрсөөр төрөлдөө гэгчээр залуусын нэгийн аав ээж Хатгалын уугуул, одоо Эрдэнэт хотод амьдардаг хүмүүс болж таарав.

Замын тэмдэггүйн улмаас аялагчид төөрч, будилж, зүдэрч болохыг энэ зуур үзэцгээв. Ялангуяа гадны хүмүүст бол хэцүү санагдлаа. Нутгийнхан өөрсдөө ч Шилийн богдоо олохгүй төөрдөг тухай ярьцгааж байсан юм. “Наад талын хоолой бол ямар ч хүнийг төөрүүлнэ дээ” гэлцэх юм билээ. Аялал жуулчлал эрчимтэй хөгжиж буй өнөө цагт тулгамдсан нэг асуудал нь замын тэмдэг, сайн хөтөч болсон байна.

СҮХБААТАР АЙМГИЙНХАНТАЙ ТУРШЛАГАА ХУВААЛЦЛАА

Хаа сайгүй ахмадууд идэвхжижээ. Дорнод аймгийн төвд Бунхан толгойд зургаа авахуулахаар гарахад Чойбалсан сумын “Ажилчин” буюу нэгдүгээр багийн ахмадууд өдөрлөг хийж байв.  Багийн ахмадын хорооны дарга Л.Оюунбилэг биднийг урьж хэсэг зуур хамтдаа дуулж бүжиглэж хөгжилдөөд авсан. Хатгалын багийн ахлагч Б.Баасанжав дарга хаана ч очсон танил сайтай, нэр хүндтэй. Ирэх замд ч Дорнод аймгийн ахмадын хорооныхон уулзаж, хүлээн авцгаасан юм.

Сүхбаатар аймгийн ахмадын хорооныхон аяллын багийнхныг цайлж, тохилог байрандаа тухтай хонуулж, туршлагаа хуваалцан ярилцацгаалаа. Хатгалын Б.Баасанжав даргын ярьснаар тус тосгон 584 ахмадтай, 2006 оноос 16 дахь жилдээ аялцгааж байгаа. Тосгоны ахмадын хороо долоон зөвлөлтэй, таван тэргүүлэгч гишүүнтэй, аймгийн хэмжээнд Хатгалын ахмадуудын аяллын туршлагыг дэмждэг, аялалд аль болох бүх ахмадаа оролцуулахын тулд жил бүр өөр өөр бүрэлдэхүүнтэй гардаг гэж байлаа. Сүхбаатар аймгийн Ахмадын хорооны зохион байгуу­лагч О.Цэрэндулам “Үлгэр жишээ сайхан аялагч хамт олон байна” хэмээн үнэлж, өөрсдийн хийдэг бүтээлч ажлаас танилцуулав. Тус аймгийн ахмадууд  аялж, дуулж бүжиглэж, олон төрөлт спортоор хичээллэдгээ хэлж байсан юм. Сүхбаатар аймаг 10 мянга гаруй ахмадтай, жилээс жилд тоо нь өсөж байгаа ажээ. Манай багийг очиход тус аймгийн ахмадуудын дунд спортын олон төрөлт тэмцээн ид өрнөж байсан юм. Бас Хөвсгөл рүү саяхан тамирчдаа илгээж хамтарсан тэмцээнд амжилттай оролцоод иржээ. Сүхбаатарынхан Итгэлт хамба руу аялаж байсан, ирэх жил Манжуур руу явах төлөвлөгөөтэй, сар бүр хуримтлал үүсгэх уриалга дэвшүүлсэн мөн л аяллын туршлагатай болж яваа хамт олон ажээ.

Б.Баасанжав дарга Сүхбаатар аймгийн ахмадын хорооны зарим хүнийг Хөвсгөл нуурын эрэг дээрх “Дэлгэрэх” жуулчны баазад 10 хувийн хөнгөлөлттэй амрах эрхийн бичгээр урамшуулсан юм. Очсон бусад газрынхандаа ч мөн л урилга заллага өгч явсан.

Аялагчдыг Баруун-Урт хотоос хөдлөхөд Сүхбаатар аймгийн ахмадын хорооны төлөөлөгчид автобусанд зочилж жанжны аймгийнхан тал нутгаа магтаж, Хөвсгөл нутгийнхан Далай ээждээ зочлохыг урьж, харилцан дуулж, шүлэг уншиж аян замын ерөөл дэвшүүлцгээлээ. Бас Сүхбаатар аймгийн “Сүхбаатарын өнгө” сонины эрхлэгч, сэтгүүлч Д.Улаанаа аяллын багийн ахлагч Б.Баасанжаваас товч ярилцлага авсан юм. Ийнхүү Монголын ахмадууд эх орноороо тойрон аялаж, хоорондоо танилцаж, туршлагаа хуваалцаж идэвхтэй аж төрдөг болсныг хэд хоногийн аяллын хугацаанд мэдэрч явлаа.

Аяллын туршид машин тэрэг эвдэрсэнгүй, байгалийн элдэв саад бэрхшээл тохиосонгүй, хэн нэгний бие тавгүйрхсэнгүй, зуны сар мэт нарлаг дулаахан өдрүүд ивээж, дуутай хууртай, инээдтэй наргиантай, ганзага дөрөө сайхан нийлсэн нэгэн цул хамт олон болж явлаа. Баруун-Уртаас гарч нийслэлд хоносон багийнхан маргааш шөнө дунд Хатгал тосгондоо хүрч Дорнын цэнхэр хязгаар, Дарьгангын талаар хийсэн аялал амжилттай өндөрлөсөн билээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S3KSY(59.153.113.166) 2023 оны 09 сарын 21

TSAGAAR XNE80955877 ERTEI

0  |  0
SEKSY(59.153.113.166) 2023 оны 09 сарын 20

AX XUNTEI SEXSEER VANAGLGCH OWORTN80955877

0  |  0
SEKSY(59.153.113.166) 2023 оны 09 сарын 20

SEKSEER XIITSNE AXAAS XUSNEER80955877

0  |  0
SEKSY(59.153.113.166) 2023 оны 09 сарын 20

30DEESH ERTEI S XNE80955877

0  |  0
SEKSY(59.153.113.166) 2023 оны 09 сарын 20

S AWI80955877

0  |  0
zochin ahmad(202.9.46.147) 2023 оны 09 сарын 20

saihanl yum bn Dornogowiin ahmadiin dund hiideg ajilni zuwhun tsaasan deer l bdagda ahnaduudad yu hiihsenni medegdgvim..iim gazar hir olon bnwe

0  |  0
Top