“Нүүрсний сонсгол”-ыг Х.Нямбаатар ахлахаар болов

2023 оны 08 сарын 30

Нүүрсний сонсголыг зохион байгуулах Ажлын хэсгийн хуралдаан өчигдөр Төрийн ордонд болж, хуралдаанаар тус хорооны даргыг сонгосон. Тодруулбал, Хянан шалгах түр хорооны даргад С.Ганбаатар өөрийгөө, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нэр дэвшүүлсэн байна. Тэгвэл Ажлын хэсгийн гишүүдийн 55.6 хувийн саналаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг түр хорооны даргаар сонгожээ.

Тус хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт экспортын үйл ажиллагаа болон бусад бараа үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах, “Нээлттэй сонсгол” зохион байгуулах иргэд олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг УИХ-ын намрын чуулганд танилцуулах үүрэг бүхий хянан шалгах түр хороо юм.

Харин тус ажлын хэсгийн хуралдаан нэлээд ширүүхэн болж өнгөрчээ. Хурлын үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Түр хороог сөрөг хүчин авч явах ёстой. Гэхдээ С.Ганбаатар гишүүний нэр орж ирж байгаад гайхаж байна. Нүүрсний пирамидын орой дээр нь байгаа толгойлогчтой хөтлөлцөөд орон нутгаар яваад байгаа шүү дээ" гэсэн байна.

Гэтэл үүний хариуд УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Хэнтэй хөтлөлцөхөө би өөрөө мэдье. Би хараат бусаар ажиллаад ирсэн. Хүүхдийн асуултад ингэж л хариулъя" хэмээн бие биедээ хатуухан, гоморхлын үгс нисгээд явчээ. Мөн хуралдааны үеэр Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа “Страто” ХХК болон түүний нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн үүсгэн байгуулсан “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д давуу байдал бий болгосон хэргээр шалгагдаж, хэрэг нь шүүхэд шилжсэн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Жинхэнэ хулгайчаа олоорой. Бас хүн хэлмэгдүүлчих вий. Үүнд анхаараарай" хэмээн сэтгэл чилээж буйгаа нуугаагүй бололтой. Тэгвэл “Миний бие УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын гишүүний хувиар Хянан шалгах түр хорооны гишүүнд томилогдсон. Хянан шалгах түр хорооны гишүүд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хяналт шалгалтын ажлыг явуулах үүрэг хүлээж байгаа. Хууль тогтоомжийн хувьд зөрчилдөөнтэй зүйл байхгүй гэж үзэж байна. Хянан шалгах түр хорооны дарга түр хорооны зохион байгуулалтыг л удирдаж явахаас бус, ганцаараа асуудал шийдэхгүй. Хянан шалгах түр хорооны гишүүд адил тэнцүү саналын эрхтэй оролцож, шинжээчээ сонгож, томилж, нотлох баримтуудаа шинжлэн судалж, нээлттэй хэлэлцүүлгүүдээ зохион байгуулна. Олон нийтэд далд байгаа мэдээллийг ил болгож, олон нийтийн хяналт дор тэдний хардаж буй асуудлуудыг ил болгоно. Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх ажлын хүрээ, мөрдөн шалгах үйл ажиллагаа хоёр бол тусдаа зүйл. Хууль зүй, дотоод хэргийн сайдын үндсэн чиг үүрэг бол бодлого тодорхойлж, бүтэц тогтолцоог боловсронгуй болгох юм. Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд хуулийн хүрээнд нүүрсний хэрэгтэй холбоотой мэдээллүүдийг авч байгаа. Энэ удаагийн Улсын Их Хурлын хийх ажлын томоохон хэсэг бол төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг засаглалынх нь хувьд цэгцлэх бөгөөд УИХ-ын намрын чуулганаар холбогдох хуулийг батлагдаасай гэж хүсэж байна. Энэ удаагийн сонсгол нь Төрийн өмчит компаниудыг цаашид алдаа дутагдал гаргахгүй байх тогтолцоог шинэчлэх, өмнө нь хийгдсэн бүх гэрээ хэлцлүүдийг олон нийтэд ил тод болгох явдал” хэмээн хариулсан байна.

Мөн Ажлын хэсгийн хуралдааны дараа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Ирэх долоо хоногт түр хороо үргэлжлэн хуралдана. Хоёр асуудал бий. Нэг нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит болон орон нутгийн өмчит Тавантолгой компаниудын үйл ажиллагаа, төлөвлөгөө, уулын ажлын төлөвлөгөө алдсан эсэхийг газар дээр нь очиж үзнэ. Мөн шинжээчдийг томилно. Хууль, хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа хэргүүдийн талаарх мэдээллийг түр хороон дээр сонсоно. Нотлох баримтуудтай гишүүд танилцана. Намрын чуулганд багтааж, нүүрсний сонсголын мэдээллийг танилцуулах тогтоол гарсан” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Т.ХӨВСГӨЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.37) 2023 оны 08 сарын 30

Одоо нойлын өрөөндөө ороход өмнөөс Нямбаатар гараад ирэх вий гэж эмээдэг боллоо.

0  |  0
Зочин(202.131.227.189) 2023 оны 08 сарын 30

Нүүрсний хэрэг шийдэгдэхгүй юм байна л даа яах гэж Нямбаатар чи зарласан юм тэрийгээ ажил хэрэг болгохгүй жил сунжруулаад ард түмнээрээ тоглоод чамайг шийд гэж бид эрх мэдэл өгөө биздээ.наад сонсгол чинь сунжраад хулгайчдхд цаг хожих боломж дараагийн сонгуульд орохыг нь бэлдэж өгөөд байгаа юм бишүү

0  |  0
Top