“Бүтээлч СЕО” шинэхэн “элсэгчид”-ээ хүлээн авлаа

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 28

“Хэрэв та өөрийн гэсэн бизнес эрхлэхээр шийдсэн бол хамгийн түрүүнд өөрийгөө хөгжүүлээрэй. Тэгэхгүйгээр дан бизнесээ хөгжүүлэх дээр л анхаарч төвлөрвөл тэрхүү бизнесээ өөрийн гараар боомилно гэсэн үг. Учир нь удирдлага өөрөө хөгжиж байж, түүнийг дагаж бизнес нь хөгждөг”.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газраас олгодог хөнгөлөлттэй зээлийг авахаар 2023 онд шалгарсан аж ауйн нэгжүүдийн захирлуудыг хамруулсан "Бүтээлч СЕО" хөтөлбөрийн нээлт энэ сарын 24-ний өдөр Corporate зочид буудлын хурлын танхимд боллоо. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн “БЕСТ” хөтөлбөрөөс санхүүжүүлж “Хөгжлийн шийдэл” ТББ болон Жижиг, дунд үйлдвэрийн газар /ЖДҮГ/-тай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй  Бүтээлч СЕО хөтөлбөр. Өмнө нь зөвхөн Улаанбаатар хотод хэрэгжүүлж байсан бол энэ жил орон даяар хэрэгжиж байна. Энэ онд ЖДҮГ-аас хөнгөлөлттэй зээл авах болсон 220 гаруй жижиг, дунд бизнес эрхэгч нарыг хамруулж байна.

ЖДҮ-чид банкнаас ойролцоогоор жилийн 20 орчим хувийн хүүтэй гардаг зээлийг ЖДҮГ-аас жилийн гурван хувийн хүүтэйгээр авснаар дор хаяж 50 сая төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл авдаг. Гэлээ гээд төсөл шууд амжилттай хэрэгжинэ гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл, тухайн мөнгийг ямар ч саадгүйгээр, цаг тухайд нь төлнө гэсэн баталгаа байхгүй.

Тэр учтгаараа БЕСТ хөтөлбөрөөс ЖДҮГ-тай хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд, хөнгөлөлттэй зээл авах шаардлага хангасан аж ахуйн нэгжийг нэгэн зэрэг зургаан чиглэлээр  хөгжүүлэх Бүтээлч СЕО хөтөлбөрт хамруулах гэж байгаа юм. Тэд гурван сарын турш өөрийгөө хөгжүүлж, компанийн засаглалаа сайжруулж, ашиг орлогоо нэмэх, бизнесийн харилцаагаа өргөжүүлж, өрсөлдөх чадвараа нэмэх боломжоор хангаж, мэдлэг ур чадвар олгодог Бүтээлч СЕО хөтөлбөрт оролцоно. Тодруулж хэлбэл, бизнес төслөө амжилттай хэрэгжүүлэх мэдлэг ур чадваруудыг зургаан чиглэлээр олгоно. Үнэ төлбөргүйгээр шүү дээ. Төлбөргүй гэснээс, яг ийм төрлийн сургалтын зах зээлийн боди үнэ ханшийг хамгийн бага үнэлгээрээ нь тооцож гаргасныг сонирхуулъя. Зөвхөн онлайн болон, танхимын сургалт, зөвлөгөөний бодит үнэлгээ нь 1.2 тэрбум төгрөг гэсэн тооцоо гарч байна лээ. Түүн дээр нэмээд сургалтын танхимын түрээсийн төлбөр, зөвлөх багш нар болон, нягтлан, төслийн удирдагч нар гээд “арын албаныхан”-ы зардлыг тооцвол замбараагүй их тоо сонстоно гээд бод доо.

 Бүтээлч СЕО хөтөлбөр дараахь зургаан чиглэлээр сургалт, зөвлөгөөнөө явуулна. Үүнд:

 

  1. Компанийн засаглал. Энэ сэдвийн хүрээнд мэдээж хувь хүний болон ХК-ийн засаглал ярихгүй. Харин ЖДҮ бизнес эрхлэгч буюу ХХК-ийн засаглалын талаарх мэдлэгийг ахиулна. Сургалт болгоны араас хийж байгаа зөвлөгөөнд оролцсоноор компанийн засаглалыг сайжруулах хичээл нь нэлээн сайн үр дүнгүүдийг гаргаж ирдэг байна. 
  2. Маркетинг. Зах зээлээ тэлэх, борлуулалтаа нэмэх, хамтын ажиллагаа өргөжүүлэхэд энэ хэсэг чухал.
  3. Үйлдвэрлэл.
  4. Хүний нөөц.
  5. Санхүү
  6. Туршлага судлах буюу түншлэл.

Эдгээр зургаан зүйл харилцан уялдаатай байснаар бизнесийг хөгжүүлэхэд илүү үсрэлт хийж, шинэ зүйлүүдийг амжилттай хэрэгжүүлж чаддаг болохыг хөтөлбөрийн зохион байгуулагчид батлан хэлж байна билээ. Хөтөлбөрөөр олгодог бас нэг чухал зүйл нь ЖДҮ-чдийг цагийн менежмент сайтай болгоно.

Бүтээлч СЕО хөтөлбөрийн хүрээнд 14 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээс 11 нь сургалт. Гадуур, хаа сайгүй явуулдаг сургалтуудтай харьцуулахад “Бүтээлч СЕО”-гийн хөтөлбөр илүү шинэлэг сэдвийг хамарсан байдаг. Бас сурсан зүйлээ бэлэн гаргасан загвар дээр зөвлөхтэйгөө хамт ажиллаад, өөрөөр хэлбэл сурсан зүйлээ шууд хэрэгжүүлж явдгаараа онцлогтой. Жишээлбэл, бүтээгдэхүүн үйлчилгээг нь хэрхэн брэнд болгох вэ гэдгийг хамтдаа ярилцаж санаагаа олоод, бодит зөвлөгөө өгөөд явдаг. Сургалтын үеэр хийсэн тэрхүү тэмдэглэгээг нь буцаагаад харилцагчид өөрт нь өгчихдөг. Үүндээ үндэслээд дараа дараагийн өөр бүтээгдэхүүнүүд дээрээ “ажиллаад” явах боломжтой болдог.

ХУГАЦАА ХЭТЭРСЭН ЗЭЭЛ ЭРС БУУРЧЭЭ

Бүтээлч СЕО хөтөлбөр шинэхэн “Элсэгч” нартаа танилцуулга хийсэн бол дараагийн ээлжинд хамгийн түрүүнд хийх зүйл нь ЖДҮГ-аас хөнгөлөлттэй зээл авагчдын бизнестэй  биечлэн танилцдаг байна. Ингээд цуглуулсан мэдээллээ сургалтын үеэр ярилцдаг. Шинэхэн “элсэгчид” хоёр анги болно. Улаанбаатарынхан болон орон нутгийнхан.

Тэд санхүүгийн болон татварын тайлангийн сургалт зөвлөгөө, бизнесийн туршлага солилцох, амжилтын түүхээ бичих хичээл үзэхийн зэрэгцээ бизнесийн туршлага солилцоно. Хөтөлбөрийн зөвлөхүүд нэг өдөрт 12-14 харилцагчид зөвлөгөө өгдөг. Зарим үед нэг компанид хоёр зөвлөх орж ирэх нь ч бий.

“Хамтын ажиллагаа түншлэлийг сайжруулах” сургалтын хүрээнд “Захирлуудын клуб”-т нэгдэх боломжийг олгоно. Ингэснээр бүтээгдэхүүн харилцан худалдан авах, хамтдаа маркетинг хийж, үзэсгэлэн худалдаанд явах, харилцан сошиал платформоо ашиглах гэх мэт боломжуудыг дэмждэг. Аж ахуйн нэгжүүд зарим захиалгаа нийлж хийснээр хөнгөлөлт эдлэх боломжтой.

Хэрэв сургалтдаа идэвхитэй сууж, зөвлөгөөгөө аваад яваад байвал тухайн компанийн засаглалын түвшин сайжирна гэдгийг хөтөлбөрийн зохион байгуулагч нар амлаж байна. Тэд сургалт эхлэхэд компанийн засаглалд нь үнэлгээ хийж өгдөг. Тэрхүү үнэлгээний нэг түвшин гэхэд л дунджаар тав хүртэлх оноогоор өссөн байдаг нь компанийн засаглал сайжирсныг харуулсан бодит үр дүн. Энэ утгаараа сургалтад оролцогч нарынхаа ажлыг хөнгөвчилж, бүтээмжийг дээшлүүлж байна гэсэн үг. Гол нь идэвхи чармайлт сайн байгаа тохиолдолд шүү дээ.

“Сургалтад суугаа би бизнестээ зарцуулах цагаа тодорхой хэмжээгээр орхиж байгаа юм чинь миний орлого буурах байх” гэж бодож байгаа бол үгүй, харин ч эсрэгээрээ өсөлт гарч ирдэг гэнэ. “БЕСТ” хөтөлбөрийнхний судалгаа ЖДҮГ-аас хөнгөлөлттэй зээл авсан аж ахуйн нэгжүүдийн хувьд “Хугацаа хэтэрсэн зээл” гэдэг ангилал эрс буурсныг баталжээ. Орлого нь өсч байгаа учраас зээлээ сайн төлж байгаа хэрэг шүү дээ. Энэ бол шууд үр дүн.

Компанийн удирдлага өөрөө ингэж хөгжихийн зэрэгцээ зарим үед гэр бүлийн хүнтэйгээ, ажилтнуудтай ирж сургалтад суудаг байна. Тиймээс удирдлагуудас гадна ажилтнуудад нь,  “Байгууллагын зорилгыг хувийн зорилготойгоо хэрхэн уялдуулах вэ?”, “Байгууллагын зорилгыг хэрхэн ойлгох вэ?”, “Байгууллагын удирдлага гэдэг яг хэн бэ?”, “Ажилтан гэдэг хэн бэ?”, “Хоорондоо хэрхэн хамтарч ажиллах вэ” гэдэг талаар ажилтнуудад зориулсан сургалтыг оруулдаг.

Я.Эрдэнсайхан: Зээлдэгч нар маань “Бүтээлч СЕО”-гийн ачаар нийгэмд хүлээсэн үүргээ илүү ойлгодог

-Бүтээлч СЕО хөтөлбөр ямар шаардлага, үндэслэлээр гарч ирж байсан бэ?

-Энэ хөтөлбөр гурав дахь удаагаа үргэлжилж байна. Өмнөх хоёр удаагийн хөтөлбөрт зөвхөн Улаанбаатар хотынхоо захирлуудыг хамруулаад сургалт, мэдээлэл өгч байсан.

АНУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын хэрэгжүүлж буй БЕСТ хөтөлбөрөөс Бүтээлч СЕО-г санхүүжүүлж, “Хөгжлийн шийдэл” ТББ хэрэгжүүлж байна. ЖДҮГ мөн энэ хөтөлбөртэй хамтардаг. Бүтээлч СЕО хөтөлбөрт зөвхөн ЖДҮГ-аас зээл авсан аж ахуйн нэгжүүд орж байгаа шүү дээ. Тэд зээлээ авчихаад одоо зээлээ, бизнесее хэрхэн удирдах юм, хэрхэн амжилттай байх юм, өөрийгөө хэрхэн хөгжүүлэх юм, буцаагаад улсад төлөх хүү бага нөхцөлтэй тэрхүү хөнгөлөлттэй зээлээ эрсдэлгүйгээр хэрхэн төлөх вэ гэдэг тал дээр мэдлэг, мэдээлэл авна. Өөрөө мэдээж ашиг орлоготой болоод, олон ажилтан бий болгож, аж ахуйгаа цаашид дэлгэрүүлээд явах уу гэдэгт нь бид зөвхөн зээл өгөөд хаяхгүйгээр араас нь сургалт, зөвлөгөөн мэдлэг мэдээллийг сайжруулах, үзэсгэлэн худалдаанд хамруулах, хамтын ажиллагааг нь дэмжих зэргээр оролцоотой байгаа.

Бүтээлч СЕО хөтөлбөрт оролцсон захирлууд хоорондоо бие биенээсээ худалдан авалт хийж, биенээ дэмжээд явдаг олон жишээ гарч ирж байна.

 -ЖДҮГ энэ хөтлбөрт ямар оролцоотой байгаа талаар илүү тодорхой хэлж өгөхгүй юу?

-БЕСТ хөтөлбөр бол зээл хүсэхээр хөөцөлдөж байгаа Аж ахуйн нэгжүүдэд анхнаас нь хэрхэн төслөө бичих вэ, яавал шалгарах магадлалтай вэ гэдэгт зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа. Ингээд шалгарсных нь дараа ЖДҮГ-аас хамтарсан сургалтуудыг зохион байгуулдаг. Томоохон үйлдвэрүүдэд очиж танилцах аялал хийлгэнэ. Өөрөөр хэлбэл, БЕСТ хөтөлбөртэй бүх үйл ажиллагаанд нь хамтардаг. Бетээлч СЕО хөтөлбөрөө төгссөнийх нь дараа бид аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагаанд хяналт тавих тал дээр мөн хамтарч байгаа. Энэ бол ЖДҮГ-аас олгосон санхүүжилтээ үр дүнтэй байлгах талаас нь хоёр байгууллага нягт, салшгүйгээр ажиллаж байна гэсэн үг. 

-Өмнөх хоёр удаагийн сургалтаас яг ямар ямар үр дүн гарав?

-Дээр дурьдсан үр дүнгүүд байна. Мөн захирлууд нь санхүү, эдийн засаг, зээл, бизнесийн талаарх мэдлэг мэдээллээ дээшлүүллээ. Сайн үйлдвэрүүдээс туршлага судаллаа. Мөн манай үзэсгэлэн худалдаануудад хамтарч оролцлоо. Эндээс шилдэг бизнесменүүд төрж байна.

-Зээлийн эргэн төлөлтөд харьцангуй эерэгээр нөлөөлж байгаа байх?

-Тэгэлгүй яах вэ. Зээл өгөөд орхих нэг өөр. Харин ингэж байнгын харилцаатай ажиллаад ирэхээр зээлдэгч нар маань нийгэмд ямар үүрэг хүлээснээ ойлгож байна. Хэрэв дампуурчихвал зөвхөн зээлдэгч биш, өөр олон хүн ажлын байргүй болох юм байна, тэр хэмжээгээрээ улсын эдийн засагт их, бага хэмжээгээр сөрөг үр дагавар гарч ирэх юм байна гэдгийг ойлгодог. Тийм учраас хичээдэг, хичээвэл өөрийнхөөсөө гадна ажилтнуудынхаа амьдрал ахуйг дээшлүүлэх юм, улс орны эдийн засагт өөрийн чадах хэмжээнд эерэг нөлөө үзүүлэх юм байна гэдгийг сайтар ойлгож авч байгаа нь манай хөтөлбөрийн хамгийн гол үр дүн.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
А111(192.82.65.54) 2023 оны 08 сарын 29

@Zindaa.mn байгууллагын нэр зөв бичнэ үү.

1  |  0
Top