СУРВАЛЖИЛГА | Жимс, хүнсний ногоо сонголт ихтэй, үнэ хямд байна

2023 оны 08 сарын 25

Намрын дэлгэр цагтай хамт   жимс жимсгэнэ, хүнсний  ногоо, тариа будаа элбэг үе иржээ. Үүнтэй холбогдуулан өргөн хэрэглээний  бараа, хүнсний ногоо,гурил будааны  үнэ ханшийн талаар сурвалжиллаа.

Саяхан л нийслэлчүүд махны үнэ  хаданд гарлаа, ганц кг мах 25 мянган төгрөгөөр авч байна хэмээн бухимдаж байв. Тэгвэл энэ долоо хоногт үхрийн ястай мах “Хархорин” захад хамгийн хямд буюу 12.500 төгрөг, харин “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 22.500 төгрөг байна. Харин нийслэлийн алслагдсан бүс болох Баян хошууны Хөтөл дэх хүнсний захад  хонины  мах гулуузаар  нь авбал кг нь 8500, ямааны гулууз 8000,  үхрийн цул мах 13000,  үхрийн дан гуя ястай 12.000, хонины годон 4000, хонины гуяны цул мах 12.000, хонины хавирга 9000, хонины цул мах 11.000, үхрийн хар хавирга 10.000 төгрөгөөр худалдаалж байсан юм. Супермаркет, сүлжээ дэлгүүрүүд, мах, цагаан идээ борлуулах зөвшөөрөл бүхий махны дэлгүүрт үхрийн мах нэг кг нь 21.500-23.000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байв.

“АЛТАН ТАРИА” НЭРИЙН ГУРИЛЫН ҮНЭ 2320-2560 ТӨГРӨГ БАЙНА

Гурилын үнэ харьцангуй тогтвортой байгааг худалдан авагчид хэлж байсан. Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 2500-2900 төгрөг, I зэргийнх 2200-2500 төгрөг, II  зэргийнх 1320-1800 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” нэрийн гурилын үнэ 2320-2560 төгрөг, I зэргийн гурил 1920-2300 төгрөгөөр тус тус борлуулагдаж  байна.

Тэгвэл Нийслэлийн статистикийн газраас гаргасан үнийн танилцуулгад “Махны дундаж үнэ 2023 оны наймдугаар сарын III долоо хоногт үхрийн цул мах нэг килограмм нь дунджаар 19.003 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 16.065 төгрөгийн үнэ ханштай байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 8.1 хувиар, үхрийн цул махны үнэ 7.2 хувиар тус тус буурсан” гэжээ.  Мөн өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 6.1 хувиар, хонины цул махны үнэ 8.1 хувиар тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” худалдааны төвд хамгийн хямд буюу 9500 төгрөгөөр, харин “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 19.500 төгрөгөөр худалдаалж байна” гэж мэдээлжээ.  Гурилын үнийн хувьд нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 2500-2900 төгрөг, I зэргийнх 2200-2500 төгрөг, II зэргийнх 1320-1800 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” нэрийн гурилын үнэ 2320-2560 төгрөг, I зэргийн гурил 1920-2300 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 2370-2530 төгрөгийн үнэтэй байна. “M-Mart” супермаркет “Атар” талхыг хамгийн хямд буюу 2370 төгрөгөөр, харин “Cансар” супермаркет, “Саруул” Худалдааны төв, “Оргил” супермаркетад 2530 төгрөгөөр худалдаалж байна гэж дээрх статистикт мэдээлсэн байна.

Наймдугаар сар бол жимс, ногооны үнэ хамгийн хямд байдгаараа онцлог. Нийслэлийн статистикийн газраас гаргасан мэдээгээр өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмсний үнэ 0.02 хувиар өсөж  1666 төгрөг, монгол луувангийн үнэ 28.0 хувиар өсөж 3240 төгрөг, монгол байцааны үнэ 10.5 хувиар буурч 2661 төгрөг, хүрэн манжингийн үнэ 6.6 хувиар буурч 4297 төгрөг, монгол сонгино үнэ 19.3 хувиар буурч 4127 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна гэсэн бол зах, худалдааны төвүүдээр очоод авахад  хэр их хэмжээгээр авахаас шалтгаалан худалдаа эрхлэгчид үнээ бууруулах, эсвэл төмс, лууван, байцаа, сонгино гээд бага багаар авч байгаа ч бүгдийг нэг дороос авбал мөн үнээ буруулах зэрэг боломж олгож байлаа.

БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ИРГЭДИЙН ХУДАЛДАН АВАЛТ БУУРСНЫГ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛТЭЙ ХОЛБОЖ ТАЙЛБАРЛАВ

Манай сурвалжлах баг хүнсний ногоо, төрөл бүрийн жимс хамгийн хямд худалдаалдаг  “Барс “худалдааны төвийг зорьж очсон юм. Хүнсний ногоо, жимсний худалдаа эрхлэгчид “Ногоо жимс элбэг байдаг намрын эхэн  үед үнэ хямд, сонголт ихтэй болохоор худалдан авалт ч ихтэй байна.

\Иргэд ихэвчлэн даршилж, нөөцлөж болох нарийн ногоо, жимс жимсгэнэ авч байна. Жишээлбэл, өргөст хэмх, жимс гэвэл нэрс, аньс, чацаргана их авч байна” гэсэн бол  гурилны худалдаалж буй бизнес эрхлэгч Б.Должин “Иргэдийн худалдан авалт багассан. Дээд гурилаас илүү хоёрдугаар гурил эрэлт  ихтэй, харин будааны хувьд Хятад сортын будаа илүү борлуулалтай байна. Миний бодлоор хичээл сургууль эхлэхтэй холбоотой санхүүгийн асуудал их  байгаа тул иргэдийн худалдан авалтад нөлөөлсөн болов уу” хэмээн ярьж байлаа.

Харин “Бөмбөгөр” худалдааны төвийн худалдаа эрхлэгчид “Өмнө жилийн энэ үетэй харьцуулахад бараа бүтээгдэхүүний үнэ өсөлттэй. Мөн иргэдийн худалдан авалт  ч багассан. Хүнс, ногоо гэхэд их хэмжээгээр авахаа больсон. Өдөр өдөрт бага багаар авч  байна. Хүний анхдагч хэрэгцээ учраас л манай бизнес дампуурчихгүй явна даа” хэмээсэн. Зах, худалдааны төвөөс хүнсээ базааж яваа иргэд хэлэхдээ “Төрөөс бараа, бүтээгдэхүүний үнэ буурсан гэх боловч нүдэнд харагдаж, гарт баридахуйц юм алга. Бодит амьдралд үнэ буурсан бараа бараг байхгүй байна. Энэ бол хэсэг зуурын үнийн бууралт шүү дээ. Манай гэр бүл гэхэд сарын орлогынхоо 40 хувийг  хүнсэндээ зарцуулж байна. Гэтэл хэрэгтэй бүх нарын ногоо, жимс жимсгнээ авч чадахгүй л байдалтай байна” гэцгээж байлаа.

 

С.НОМИНЦЭЦЭГ, Г.УРАНЗАЯА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top