Өөрсдөө нөлөөлж чадвал өөрчлөгддөг буюу хүүхэд, залуусын чуулган

2023 оны 08 сарын 24

“Уур амьсгалын  өөрчлөлт ба хүүхэд, залуучууд” олон улсын чуулган хоёр өдөр болж, хаалтаа хийлээ.

Энэхүү чуулганыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ ноднин анх санаачилж, хоёр дахь буюу энэ жилийнхийг нь “Чингис хаан” олон улсын музейд зохион байгуулсан юм. 

Энэ удаад тус чуулганд 10 орны 200 гаруй хүүхэд, залуус оролцсон бөгөөд байгаль орчноо хайрлан хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өөрсдийн хувь нэмрээ оруулах санал санаачилга гарган ийнхүү хоёр өдөр хамтдаа чууллаа. Чуулганы хоёр дахь өдөр “Биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” хэлэлцэх асуудлуудын хүрээнд ярилцсан байна. Ингэхдээ Бэлчээрийн ургамлыг малчдад таниулж мэдүүлэх, үе шаттай сургалт зохион байгуулах, Зэрлэг амьтны амьдрах орчныг хамгаалах зорилгоор тэмдэг тэмдэглэгээ бий болгох, Бэлчээрийн ургамлын үр түүж бэлтгэх, нөөц үүсгэх туршилт хийх, “Тэрбум мод” аяны хүрээнд Эко клубийн хүүхдүүдийг сургагч багшаар бэлтгэх, Хашиж хамгаалсан булаг шандаас ундаалж буй зэрлэг амьтадын зүйлийн бүрдэл, тоо толгойн мониторинг судалгаа хийх, Бэлчээрийг өнжөөх, сэлгэж ашиглах хуваарийг загвар суманд бий болгох зэрэг олон чухал санал санаачилга гаргаж, бүлгийн ажил өрнүүлжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төлөвлөгөөнд хүлэмжийн хийг 12.3 хувь бууруулах зорилт тавьж, улмаар Монгол Улсын нэгдэн орсон Парисын хэлэлцээрийн хүрээнд Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн (ҮТХН) зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсны дагуу салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх, аймаг, орон нутгийн оролцоог ханган, зорилтот үйл ажиллагааг хүүхэд, залуучуудад сурталчлах шаардлагатай байгаа аж. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаанд хүүхэд, залуусын оролцоог нэмэгдүүлэх нь чухал байгааг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ онцолж байлаа. Залуусын дуу хоолойг сонсох, сайн туршлагыг хуваалцах нь олон талт оролцоог хангаж, шинэлэг инновацын төв бий болгон, залуучуудын манлайлалтай Уур амьсгалын өөрчлөлтийн Залуучуудын үндэсний зөвлөл байгуулахад энэхүү чуулганы зорилго оршиж байгаа ажээ. Тус чуулганд оролцсон НҮБ-ын Хүүхдийн сангийн гишүүн, Монголын Скаутын холбооны хэрэгжүүлж буй “You Can” төслийн туслах ажилтан Б.Отгонгүнжээс бид сэтгэгдлийг нь сонссон юм. Тэрбээр, Миний бие энэ чуулга уулзалтад хоёр дах жилдээ оролцож байна. Өмнө жилийн болон энэ жилийн чуулга уулзалтад маш олон шинэ санаа, бодит оролцоог нэмэгдүүлдэг төсөл хэрэгжэж байгаа ч гэлээ  хүүхэд залуучууд маань чадах чинээгээрээ байгаль орчиндоо хийдэг сөрөг зүйлсээ багасгах хэрэгтэй. Жишээлбэл, хэрэглэхгүй байгаа цахилгаан хэрэгсэлээ тогноос нь салгах, ус хэрэглэхгүй үедээ усаа хаах гэх мэтчилэн энгийн гэмээр үйлдлүүдийг хийж болно. Би ганцаараа ийм үйлдэл хийлээ гээд уур амьсгалын өөрчлөлтөнд нөлөөлж чадахгүй гэж бодох хэрэггүй. Учир нь “Далайд дусал нэмэр” гэсэн Монгол ардын зүйр цэцэн үг байдаг шүү дээ. Уур амьсгалын өөрчлөлтөнд өөрсдөөсөө эхлэн нөлөөлж чадвал бидний эргэн тойрны хүмүүс ч бас эерэгээр өөрчлөгдөж чадна гэсэн юм. Үнэхээр ч түүний хэлснээр хэн нэгэн нь эхэлж, бусаддаа үлгэр дуурайлал үзүүлж, манлайлж байж л олон олон хүнийг түүндээ хамруулж, улмаар дэлхий ертөнц маань уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэж чадах билээ.

Тэгвэл НҮБ-ийн дэргэдэх Залуучуудын зөвлөх хорооны зохицуулагч  Б.Наранзаяа “Энэ жил уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ийн суурь конверцийн талуудын 28 дугаар уулзалтад Монгол Улсыг төлөөлөх багийн  гишүүнээр ажиллаж байна. Энэхүү чуулга уулзалт нь уур амьсгалын өөрчлөлтөнд залуучуудыг онцолсон байгаа. Учир нь манай улсын гурван хүн тутамын нэг нь залуу хүн байдаг. Залуучууд уур амьсгалыг хамгийн  их хүндээр, илүү урт хугацаагаар мэдрэх хүмүүс. Харин энэ тал дээр мэдлэг дутмагаасаа болоод яаж ийм том асуудлыг шийдэх шийдэлийн нэг хэсэг байхаа мэддэггүй” гэсэн юм. Мөн тэрбээр “Харин энэ шийдлийн нэг байхын тулд хамгийн эхлээд суурь боловсрол уур амьсгалын талаар мэдлэг мэдээлэл чухал байдаг. Яг энэ уур амьсгалын  өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааг тэргүүлж байх хүмүүс нь залуучууд байж илүү том цар хүрээнд маш гоё зүйлсүүд явах боломжтой гэж харж байна. Жишээ нь, НҮБ-ийн хөгжлийн сан “Өсвөрийн парламент” гэдэг хөтөлбөр зарладаг. Үндэсний хэмжээнд хүүхдүүд уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдлэг түгээдэг. Дээрээс нь ур чадварыг сайжруулах чадахжуулах сургалтууд ордог. Энэ жил бид уур амьсгалын эсрэг залуучууд яаж оролцох боломжтой вэ гэдэг тогтвортой ирээдүй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Мөн өчигдөр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төсөл санаачлах ЕБС-ийн ахлах ангийн хүүхдүүдэд зориулсан төслийн тэмцээнийг хамтран зохион байгуулсан” гэв.

Манай улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Тэрбум мод” хөдөлгөөнийг өрнүүлэн ажиллаж байгаа. Тэгвэл энэ удаад Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо орон орны хүүхэд залуус уур амсьгалын өөрчлөлтийн эсрэг юу хийж чадах, юуг хийвэл амжилтад хүрэх санаачилга гаргаж, эх дэлхийгээ хайрлан хамгаалж чадвал илүү сайхан ирээдүйг бий болгож чадна гэсэн итгэлтэйгээр хоёр хоног чууллаа.

 

С.НОМИНЦЭЦЭГ, Г.УРАНЗАЯА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top