"Авлига" хорооллын үйл ажиллагааг зогсоож, зөвшөөрлийг түдгэлзүүллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 28

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн “Авлига" хороолол хэмээн нэрлэгдээд буй "Aqua Garden" барилгын үйл ажиллагааг зогсоож, зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргаснаа өчигдөр (2023.07.27) олон нийтэд мэдэгдлээ.

Тэрбээр "Авлига хороолол гэж нэрлэгдээд буй "Эм энд Жи констракшн" ХХК-ийн барилгын ажлын зөвшөөрлийг түтгэлзүүлэх шийдвэрийг яамнаас гаргаж, барилгын ажлыг зогсоохоор болсон" гэж олон нийтийн сүлжээнд нийтэлсэн юм. 

"Aqua garden" хорооллын барилгын зөвшөөрлийг Барилгын тухай хуулиараа Барилга, хот байгуулалтын яам өгсөн учраас шийдвэрийг тус яамнаас гаргах ёстой байсан. 

Үер усны далан, суваг, шуудуу хааж газар олгосон, барилга барьсан, холбогдох зөвшөөрөл олгосон этгээдүүдээс болж энэ хот бүхэлдээ эрсдэлд орж, эгэл жирийн иргэд их хохирлыг үзэж байна. Өнгөрсөн 30 жилийн алдаа завхралын хамгийн тод томруун жишээ нь, Улаанбаатар хотын газраар хэсэг бүлэг этгээдүүд наймаалцаж, хөлжиж, бэлжиж өдийг хүрсэн явдал бөгөөд тус хорооллын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан нь газрын наймаа, хууль бус үйлдлийг ил тод болгох нэг том алхам боллоо. 

Авлигатай хийх тэмцлийг эрчимжүүлэхэд онцгой анхаарч буй Л.Оюун-Эрдэнийн удирдаж буй Засгийн газрын зүгээс үер усны аюулыг улам өдөөж буй гол хүчин зүйл нь авлигажсан хот төлөвлөлт болчихоод байна гэж мэдэгдсэн нь ч хатуу үнэн. 

Наадмын өмнө болсон үерийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК, НОК-ын удирдлагуудад "Үер усны далан, суваг, шуудуу хааж газар олгосон, барилга барьсан, холбогдох зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг АТГ болон холбогдох хууль, хяналтын байгууллагад яаралтай өгч шалгуулах, шаардлагатай тохиолдолд барилгыг нураах, мөн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг аймаг, нийслэл, дүүрэг, орон нутгийн удирдлагууд олгодоггүй байх хууль санаачлах, БХБЯ-ны Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрыг түр хугацаанд Ерөнхий сайдын дэргэд ажиллуулах, гэр хорооллын үерийн аманд байрладаг айл, өрхүүдэд онцгой анхаарах, халдварт өвчин тархахаас сэргийлж ариутгал, халдваргүйтгэлийг шуурхай хийх, батлан хамгаалах, хууль сахиулах их, дээд сургуулиудын оюутнууд болон орон нутгийн мэргэжлийн бусад байгууллагуудыг дайчлан ажиллуулах" үүрэг, чиглэлийг өгсөн.

"Aqua garden"-д авсан арга хэмжээний араас Ерөнхий сайдын өгсөн олон чиглэл, үүрэг биеллээ олно гэдэгт найдъя. 
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэбат (89.204.138.45) 2023 оны 07 сарын 28

Зөв шийдвэр гаргаж. Баярлалаа. Түмэн олон маань 1 д шүү дээ.

2  |  0
Top