М.Дашпүрэв: Монголчуудын морь уяж, уралдуулж ирсэн баялаг түүх уламжлал дундрашгүй

Админ | Zindaa.mn
2023 оны 07 сарын 10

Монгол түмэн хэзээнээс хурдан морио дээдэлж ирсэн түүхтэй. Бид энэ удаа спортын олон төрлийн амжилтын эзэн, МУИС-ийн ахлах багш, сагсан бөмбөг, цанын спортын мастер, Хэнтий аймгийн алдарт уяач М.Дашпүрэвийг онцоллоо.

Тэрбээр 1999 оноос хурдан морь сонирхон уяж Монгол Улсын алдарт уяач Гарамжавын Ганбаттай хамтран хурдан морины “Цэнгэлийн манлай” галыг үүсгэн байгуулж, 2004 онд  Ардын хувьсгалын 83 жилийн ойгоор их насны хээр морио төрийн наадамд аман хүзүүдүүлж байсан билээ. Хурдан хүлгүүдээ харж сэтгэл нь омогшдог тэрбээр морь уях уламжлалт ёс соёл, мэдлэг туршлагаасаа нутгийн залуу уяачдад түгээн дэлгэрүүлсээр  явна.

Өдгөө түүний морьд улс, бүс, орон нутгийн чанартай хурдан морины уралдаанд амжилт үзүүлсээр байна. Мөн биеийн тамирын спортыг хөгжүүлж оюутан залуусыг спортоор хичээлүүлэх, дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх сурган хүмүүжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, 1999 онд МУИС-ийн “Шилдэг багш”, БТС-ын Тэргүүний ажилтан, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг, “Багшийн гавьяа” одон, БТС-ын “Хүндэт тэмдэг”-ээр энгэрээ мялаажээ.


-Таныг залуу наснаасаа хурдан хүлэгтэй нөхөрлөсөн гэдэг. Энэ бидний яриа эхлэл болой?

-Миний бие Хэнтий аймгийн Дадал сумын уугуул. Монгол эрчүүдийн нэгэн адил моринд дуртай, хайртай. Зургаан настайгаасаа Хэнтий аймгийн Батширээт суманд нутгийн олны дунд дуугай Дагвадорж хэмээгддэг нагац ахындаа зуныхаа амралтаар очиж даага сургаж, морь малд нь тусалж, адуу малтай ойрхон өссөн. Ингэж моринд дуртай, морь мэддэг болсон доо. Ингээд МУИС-ийг төгсөж  багш болсон ч энэ арга туршлага, дур сонирхолдоо хөтлөгдөн  27,28 наснаасаа төрийн наадамд Монголын урдаа барьдаг нэртэй уяачидтай хамтран  морь уяж  эхэлсэн. Би их азтай хүн. Учир нь монгол түмнийнхээ дунд алдаршсан  Манлай  уяач Гарамжав гуайн үр сад болон Тод манлай уяач гавьяат малчин Г.Сандуйжав ахын дүү, Гарамжав манлайн бага хүү Улсын алдарт уяач,  “Гоё хүрэнгийн” гэж олонд нэрлэгддэг  Г.Ганбат нарын найзууд дээрээ Хэнтий аймгаас хурдан удмын адуунуудаа авчирч байлаа. Найзуудтайгаа  хамт Налайхын голд морьдоо уяж, богино хугацаанд бидний сэтгэл зүтгэл батжиж, бид хамтдаа  “Цэнгэлийн манлай” уяачдын галыг байгуулан  20 гаруй жил хурдан хүлэгтэй амьдралаа холбож улс бүс,сум аймгийн наадмуудад морьдоо хурдлуулж торгон жолоо өргүүлж явна даа.

-Олон жилийн туршлагатай уяачийн хувьд  морь  сайн шинждэг байх. Нөгөө талаар   та бас тамирчин хүн шүү дээ?

- Найзууд маань морио шинжүүлэх дуртай. Тэдгээр  морьд маань сайн давхихад баярладаг. Морь уях залуу насны ажил. Сүүлийн үед уяачид их залуужиж байна. Манай галынхан зургаан насны морьд уядаг. Харин би сүүлийн үед нутагтаа морьдоо уралдуулж байгаа. Багш хүн учраас уяачийн эрдмээсээ залуу уяачдад  зааж зөвлөж, уяачийн эрдмээсээ харамгүй хуваалцаж явна. Тухайлбал, морийг хэрхэн яаж уях талаар орон нутагт сургалт зохион байгуулж ,морь судлаачдыг нутгийн уяачидтай, мөн залуу уяачдыг туршлагатай уяачидтай уулзуулах, цаашилбал сурч мэдсэн зүйлээрээ олон улсад илтгэл тавьж байлаа. Морь уяна гэдэг агуу том соёл. Энэ монгол уламжлалтай танилцахын зэрэгцээ судалгаа ажиглалт хийж, морь шинжиж танихаас эхлээд уяач хүнээс маш их эрдэм шаарддаг. Өөрөөр хэлбэл, адууныхаа шинж төрх,удам угшлыг нь таньж, мэдэж шилж сонгох ёстой.Морь уях нь  спортын нэг төрөл учраас тамирчин хүний бэлтгэжилтэй ойрхон санагддаг юм. Тиймээс  морь уях илүү хялбар дөхөм байдаг юм болов уу. Эндээс харахад монгол морийг уралдуулж ирсэн баялаг түүх уламжлал дуусаж дундрашгүй. Чадан ядан суралцахыг хичээж явна.

-Морь уяна гэдэг тухайн уяачаас эрдэм, тэсвэр хатуужил гээд их зүйлийг шаардах нь зүйн хэрэг. Таны хувьд?

-Морь сайн давхина гэдэг уясан эзэн,унаач хүүхэд, унаган хүлэг гурвын хамтын хүч хөдөлмөр нийлж байж амжилт үзүүлдэг жамтай. Дээр нь үе үеийн туршлагатай ахмад уяачдын зааж зөвлөснөөр морь сайн уяж сурсан. Асар их хөдөлмөр, тэсвэр тэвчээр  нойр хоолоо хасан байж морио сайн давхиулна гэсэн үг. Галынхаа уяачидтай бүх насны морьдыг уялцаж ирсэн. Миний хувьд азарга, их насыг илүү уяж, ихэнхдээ их насны морьд маань сайн  давхидаг.

-“Цэнгэлийн манлай” галынхаа талаар жаахан тодруулахгүй юу.Гар сэтгэл нийлсэн уяачид олон жил хурдан буянаа давхиулсаар байгаа. Энэ тухайд?

 - Манай галд газар, газраас ирсэн найз нөхөд, залуу уяачид цугларч бүгд амжилт үзүүлсээр байгаа. Галынхаа уяачидтай бүх насны морьдыг уялцаж ирсэн. Миний хувьд азарга, их насыг илүү уяж, ихэнхдээ их насны морьд маань сайн  давхидаг. Түүнчлэн залуу уяачдад зөвлөн тусалж сайн уяачид төрүүлэхийн төлөө зүтгэж явна. Уяан дээр ах дүүс найз нөхөд маань ирж адуун сүргийн хиймороор бахдаж монгол соёлын чухал хэсэгтэй танилцдаг. Энэ утгаар  эрийн гурван наадмын нэг  хурдан морь уях арга ухаан уламжлал хэзээ ч тасрахгүй, олон шилдэг уяачид төрөн гарсаар байгаа.

-Таны хурдууд аль нутгийн угшилтай вэ?

-Миний хээр морь Хэнтий аймгийн Батширээт сумын угшилтай, авга ах Дагвадоржийн  маань унаган адуу юм.

-Уяач хүний баримталдаг зарчим гэж байгаа даа?

- Мориныхоо уяа сойлго, өвс тэжээлийг нь тохируулах, унаач хүүхдүүдээ хайрлах  зэргээр уламжлалт монгол соёлоо дээдэлдэг. Хүлэг хурдан байна гэдэг уясан эзэн, унаач хүүхэд, хурдан хүлэг гурвын хамтын хөдөлмөр байдаг. Аз, од, хийморь гээд олон зүйл нэгэн зэрэг бүрдэж байж амжилт авчирдаг амаргүй агаад нарийн хөдөлмөр юм. Морь уясан хүн зөв амьдардаг. Наад зах нь монгол үндэсний хувцсаасаа эхлээд монгол ахуйд суралцаж, хөгжиж дэлгэрүүлж явна. Тийм учраас морьтой нөхөрлөхийн ач тусыг үгээр хэлэхийн аргагүй. Нэмж хэлэхэд сүүлийн үед уяачид мориныхоо цусыг сэлбэхийг чухалд үзэх болж. Энэ маш зөв зүйтэй асуудал. Ингэж  монгол мориныхоо угшлыг сайжруулахтай зэрэгцэн  өв соёл өнө удаан хадгалагдана гэсэн үг.

 -Уяач хүний хөдөлмөрийн хань ижил, гэр бүлийн дэмжлэггүйгээр төсөөлөхийн аргагүй?

 -Тийм шүү. Морь уяхад ар гэрийн дэмжлэг маш чухал. Яагаад гэвэл уяачид маш завгүй 24 цагийн ихэнхийг уяан дээрээ өнгөрөөдөг. Нар салхи бороо гээд л...Манайх ам бүл тавуул, эхнэр, гурван хүүхэдтэй. Гэргий  Дуламрагчаа маань МУБИС-д ажилладаг. Охин Д.Танан  маань аавынхаа мэргэжлийг эзэмшээд спортын хүн болсон. Уран гулгалт сонирхдог,сагс сайн тоглох гээд ер нь спортын бүх төрөлд эвсэлтэй. Хэдийгээр хотод төрж өссөн ч морь унах дуртай. Учир нь “Монгол брэнд  морин өртөө- 2022” 1000 км -ийн уралдаанд нийслэл хотынхоо залуучуудыг төлөөлөн амжилттай оролцсон. Өөрийн зорилго мөрөөдөлдөө  хүрсэн охиноороо маш их бахархдаг. Хоёр хүү маань МУИС-ийг төгсөөд биологич мэргэжил эзэмшсэн. Мөн сүүлийн үед морь сонирхож, аавынхаа адуун дээр очдог болоод байгаа. Ингэж адууны соёлоор дамжуулж үр хүүхэд маань хөдөө ахуйг сайн мэддэг болсон. Тийм учраас жил жилийн наадам манай гэр бүлийн хувьд хамгийн дурсамжтай,сэтгэл догдлуулсан мөч байдаг.

 -Энэ жилийн наадмаар ямар хурдуудаа сойж байгаа вэ?

- Сүүлийн үед морьдоо нутагт нь буюу унаган бэлчээрт нь идээшлүүлж, Хэнтий аймагтаа дүү нар маань  уяж сойж байгаа, тэдний маань хурд сайн давхиж байгаад сэтгэл омогшдог. Хурдууд маань Хэнтий аймгийн Мөрөн суманд, манлай уяач Содном ах дээр, Хэнтий аймгийн Батноров суманд дүү дээр минь байгаа. Онцлог нь  би хурдуудаа унаган нутагт нь байлгах дуртай. Энэ сайхан нутагт хурдан хүлгүүд маань уяа сойлго нь таарч уралдах гэж байгаад баяртай байна.  Гэвч сайхан зүйлийн хажуугаар саар зүйл дагалддаг нь нууц биш. Учир нь морио түрүүлүүлэхийн тулд нэмэлт эм тариа хэрэглэж байгаа нь монгол ёсоо нэг талаар алдагдуулж байгаа хэрэг. Эрлийз морьдыг жирийн монгол морьтой уралдуулж шударгаар наадахгүй байгаа нь томоохон төрийн наадамд морио уралдуулахад учир дутагдалтай болсон хэмээн эсэргүүцсээр байгаа шүү дээ. Угтаа монгол адуу удамт хүлгээ цусыг цэврээр нь байлгаж сайжруулж, хайрлаж байх  ёстой. Монгол адуу маш ухаантай. Туулах чадвар  сайтай, маш их тэвчээртэй, монгол морины удмын генийн  давтагдашгүй олон чанар бий. Хурдан морио дээдэлж унаган төрхөөр нь хадгалж, зөв зохистой наадах нь хамгийн чухал. Уяачид морио сайн солилцож, цусаа сайжруулж байгаа учраас аль ч газар хурдтай болсон. Морио сайн шинжээд сайн уяж чадвал улс бүсийн том наадмуудад морьд хурдан байх  боломжтой. Монгол  хүн бүр хурдан хүлгийг хараад омогшдог. Тийм учраас морьдоо шударга уралдуулж, хүлэг нь хурдан, бөх нь хүчтэй, сум мэргэн байвал улс орон тайван амгалан  байна. Ингээд нийт уяачдын маань уясан хүлэг нь хурдан байж, монгол түмнээ адууны хийморь ивээж, сайхан наадахыг ерөөе.

Сэтгүүлч Д.Нэргүй

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шавт(150.129.142.51) 2023 оны 07 сарын 11

Сайхан ярилцлага байна. Багшдаа баяр хүргэе. Сайхан наадаарай

0  |  0
Top