Аялал, жуулчлалаа хөгжүүлнэ гэх ч жуулчдыг татдаг газраа мартжээ

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 03

Сүүлийн үед аялал жуулчлалын томоохон бүс нутаг гэж үзэж байгаа Дорноговь аймгийн Хамарын хийд, Хүслийн уул буюу Ханбаянзүрх хайрхан руу хатуу хучилттай автозам бариад чамгүй хугацаа өнгөрч байгаа. Гэвч баригдсан цагаасаа тус замаар ая тухтай зорчих бус амь насандаа заналхийлгүүлж байгааг гомдоллох болоод удлаа. Энерги авах гэж зорьсон дотоодын жуулчид хатуу хучилттай замаар буцахдаа авсан энергиэ бардаг тухай үнэн боловч хатуухан жиргээ ч үзэгдэх болов. Үүнээс улбаалан дараах зүйлсийг хөндөж байна.

Уг нь Хамарын хийд Сайншандаас 40 орчим километр бол Ханбаянзүрх хайрхан 10 гаруйхан километр. Үнэхээр л Төрийн бодлогоор аялал жуулчлалаа хөгжүүлэх гэж байгаа бол тус замыг шинээр барихгүй бол цаашид жуулчдын хөл ч татарч мэдэхээр байгааг орон нутгаас мэдээлсэн. Энэ тухайд орон нутгийн удирдлагуудаас тодруулахаар “Орон нутгийн төсөв хүрдэггүй. Төсөв хэлэлцэх үеэр бид саналаа явуулдаг ч унадаг” гэдгийг шуудхан хэлсэн. Эргээд ашгаа нөхөх төдийгүй олон улсад Монголоо сурталчилах боломжит газруудын нэг бол Хамарын хийд, Энергийн төв гэдэгтэй хэн ч маргахгүй.

Дотоодын аялал жуулчлалын нэг гол маршрут болтлоо хөгжсөн энэхүү төслийг санаачлан хэрэгжүүлэгч нь Соёлын гавьяат зүтгэлтэн, Хамарын хийдийн тахилч З.Алтангэрэл агсан байв. Өвөөгөөсөө үе дамжуулан өвлөсөн итгэл үнэмшил, сүсэг бишрэл, өвгөдийнхөө чанд гэрээслэл дор тэрээр Хамарын хийд, Данзанравжаагийн музейг байгуулсан юм. Энэхүү бүтээн байгуулалтынхаа гол хөрөнгө оруулагч нь ч тэр өөрөө байлаа. Төрийн оролцоо, төсвийн дэмжлэг гэхээр зүйл энд байгаагүй. Маш том өв соёлыг тээн ирж, түүнийгээ бодитой төсөл, нийтийн хүртээл болгоход тэр хүн амьдралаа зориулсан. Бас чадсан.

Д.Данзанравжаа судлалыг академич Ц.Дамдинсүрэнгээс эхлээд Монголын цөөнгүй эртэмдэд буухиа таслалгүй хөгжүүлэн өнөөдрийг хүргэсэн. Үүний үрээр соён гэгээрүүлэгч, гүн ухаантан, яруу найрагч, бүтээн туурвигч, билэг оюунтан Д.Данзанравжааг монголчууд оюун санааныхаа нэгэн том суварга болгон хадгалж ирсэн юм. Хамгийн наад зах нь Д.Данзанравжаа нь 1830 онд анхны театр “Намтар дуулах дацан”-г байгуулж, “Саран хөхөө” хэмээх алдарт зохиолын нэрэн доор “Эзэн Чингис”, “Мандухай хатан” гэх мэт жүжгийг тоглуулан түүнийгээ нүүдэлчдийн өвөрмөц театр болгож, жүжгийн тоглолтоор дамжуулан монголчуудад түүхийг нь таниулдаг байжээ. Энэ бол Монгол Улсад төдийгүй олон улсад анхдагч гэж болох зүйл. Ийм өвийг өргөжүүлж, хадгалж, хөгжүүлэх нь манай аялал жуулчлалын салбарын гол зорилго баймаар юм.

Түүнчлэн 1840 онд Өмнөговийн Ханбогдод “Галбын гурван хийд” гэж алдаршсан Дэмчогийн хийд, Цагаан толгойн хийд, Эрээтийн хийд гэх мэт нийт найман том хийдийг бариулж, зураг төсөл бүгдийг өөрөө гаргасан. Хамарын хийд нь гол өргөө маягтай бөгөөд түүний эдлэл хэрэглэл, ном уншлага, сүм дацан, сургууль зэргийг дэргэдээ агуулсан том суурин газар байсан гэж үздэг. Тэгэхээр Сайншанд Д.Данзанравжаагийн музай, Хамарын хийд, Энергийн төв, Хүслийн уулын маршрутыг хөгжүүлж, улмаар Өмнөговь аймагт байгуулсан хийдүүд рүү стратегийн чигийг барьж хөгжүүлэх ч шаардлага байна. Гэтэл Хамарын хийдээ ч өөд татаж чадахгүй байж яаж аялал жуулчлал хөгжүүлэх юм бэ. Зөвхөн Д.Данравжаагийн музай гэхэд олон жил үе дамжуулан хадгалж үлдсэн 68 авдар бүхий эд зүйлс дээр тулгуурлан байгуулсан 1200 гаруй үзмэртэй музей юм. Ийм үнэт өв эрдэнийг түшиглэн аялал жуулчлал хөгжихөөс цахим орчинд яриад хөгждөг зүйл биш.

Ийнхүү хөгжүүлэх нь бүү хэл өнгөрөгч 2020 онд “Даблью Эс Жи Эл”, “Олон ихт баян” гэх нэлээн хэдэн нэртэй, магадгүй нэг эзэнтэй компанийн тусгай зөвшөөрлийн маргаантай асуудал хөндөгдөж байв.

Уг нь Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монгол Улсад зочлох жил” болгон зарласан. Үүний дагуу аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр олон талаас анхаарч байна. Цар тахлын өмнө буюу 2019 онд 577 мянган жуулчин хүлээн авч, 603 орчим сая ам.доллар төвлөрүүлсэн гэх тооцоолол байдаг.

Тухайлбал, хятадаас 168 мянга, ОХУ-аас 120 мянга орчим жуулчин ирсэн. Харин цар тахлын дараа олон арга хэмжээ авсан учраас 2022 онд улсын хил хаалттай байсан ч 300 орчим мянган жуулчныг авч чадсан нь цар тахлын дараа төлөвлөж байсан ажлын тооцоолол 100 хувь биелэсэн гэж салбарынхан үзжээ. Хэрвээ өмнөд хөрш хилээ нээсэн бол хятадаас 200 орчим мянган жуулчин ирэх байжээ гэсэн тооцоо ч бий. Цар тахлын дараа олон жуулчин хүлээн авсан тодорхой шалтгаанууд бий. Тухайлбал, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахлын дараа байгалийн онгон төрхөөрөө байгаа зэлүүд газарт аялаж хүчил төрөгч авахыг зөвлөсөн, манай Засгийн газраас БНСУ-ын жуулчдыг визнээс чөлөөлсөн, агаарын тээврийн өртгийг бууруулсан гэх мэт зүйлс тус тус нөлөөлжээ. Харин одоо жуулчдыг татах гол газруудаа өөд нь татах цаг нь болсон.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.106) 2023 оны 05 сарын 03

Тийм шүү жуулчид хүлээж авна тэд эд гэхээсээ өмнө дэд бүтэц,ариун цэвэрийн багууламжаа анхаарч бүтээн босговол гэж

1  |  0
зочин(103.229.121.18) 2023 оны 05 сарын 05

Тийшээ гадаадын бүх жуулчин очдог нь юу л бол харин монголд ирсэн бүх жуулчид очдог нийслэлдээ байгаа Ганданруу явдаг замаа засаж янзлаачээ, мөн тийшээ том автобусаар ганцхан бөмбөгөр чиглэлээс ордогийг өөрчилмөөр байна

2  |  0
Top