Хөгжлийн банкны дараагийн захирал дахин ИХ НАЯДЫН ЗЭЭЛ барагдуулах үүрэг хүлээнэ

2023 оны 04 сарын 18

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө хоёр удаа өгсөн талаар өмнө нь мэдээлсэн билээ.

Түүний өргөдөл гаргасан цаг хугацааг харвал эхнийх нь энэ оны нэгдүгээр сарын 13-ны өдөр буюу Хөгжлийн банкны нээлттэй сонсгол болохын өмнөхөн байна. Харин дараагийн өргөдлөө энэ сарын 4-нд буюу Хөгжлийн банкны гэх хэргийн шүүх хуралдаанаас өмнө өгчээ.
 

Гүйцэтгэх захирал Н.Мандуулын хувьд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө хоёр ч удаа өгсөн гэдгээ сошиал хуудсаараа ийнхүү мэдэгдсэн учраас дараагийн шинэ захирал томилогдох нь цаг хугацааны асуудал болж байна.

Хөгжлийн банкнаас энэ сарын 16-нд тус банкны өчигдөр, өнөөдрийн нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өгсөн.

 

2021 оны эцэст Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй ангилалд орж, банк дампуурах эрсдэлтэй байв. Банк 2022 оны нэгдүгээр сард 67 зээлдэгчийн 3.2 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн багцын үлдэгдэлтэй байсан. Тиймээс 2022 оны нэгдүгээр сард зээлдэгчдийн мэдээллийг ил тод зарлаж, хуулийн хүрээнд зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлснээр тус оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 53 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй болж буурсан. Монгол Улсын Хөгжлийн банк нэг жилийн хугацаанд нэг их наяд төгрөгийн зээл барагдуулсан юм. Цаашид чанаргүй зээлийн үлдэгдлийг төлж барагдуулснаар хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, бондын эргэн төлөлтийг хугацаанд нь хийх зэрэг эдийн засагт чухал ач холбогдолтой тул Монгол Улсын Хөгжлийн банк  холбогдох байгууллагатай бүх талаар хамтран ажиллаж байна гэсэн юм.

 

Шинээр томилогдох гүйцэтгэх захирлыг чамгүй ажил, үүрэг хүлээж байгааг тодотгоё.  Хөгжлийн банк ирэх аравдугаар сарын 23-нд Евро бондын 450 сая ам.доллар буюу одоогийн ханшаар 1.4 их наяд орчим төгрөгийн төлбөр төлөх ёстой. Уг бондын төлбөр төлөгдөх хүртэлх хугацаанд зээлийн эргэн төлөлтөөр 400 сая ам.доллар төвлөрүүлж хүрэхгүй бол бонд гаргана, эсвэл гадаад валютын нөөцөөс бондын төлбөрийг хийнэ гэсэн хоёр арга зам байгааг Төв банкны ерөнхийлөгч хэлж байсан. Тэгэхээр Хөгжлийн банк ирэх саруудад хэдий хэмжээний зээлийг эргэн төлүүлэх вэ гэдэг нь хүлээлт үүсгэж буй.  Түүнчлэн хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн зээлүүдийн хувь заяа хэрхэх вэ гэдэг нь нийгмийн анхаарлын төвд байгаа билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top