ФОТО I Дөрөвдүгээр сарын цас

2023 оны 04 сарын 13


Нийслэл хотод цас бударсан, сэрүүн өдөр тохиож байна. Энэ цастай өдөр "цангинуулан" уншмаар таван сайхан шүлгийг гэрэл зургийн хамт хүргэж байна. 


Чиний хотоос

Намрыг үүрээд буцаж явна

Цээжнээ навчис сэржигнээд

Нүднээ шувууд алсраад л...

 

Цэв цэнхэр тэнгэр

Урт шар нар

Сүүлчийн борооны дуслууд

Цувны халаасанд шаргиад

Цугтаа буцаж явна...

 

Чиний хотод

Өвлийг орхиод буцаж явна

Өглөө босоод цонхон дээрээсээ

Үлдээсэн захиаг минь уншаарай

 

Гар тээшээрээ

Дүүрэн дурсамжтай

Гарч явнадаа чиний хотоос..

 

 

♦      ♦      ♦

 

Гаслан, зовлон, уй, хоосрол

Гаргаж хаяж байна би энэ үгсийг,

Залуу нас гэнэхэн болоод зоригтой

Завдсан үхэл эднээс ч баясгалантай...

 

Шаналал, цөхрөл, гутрал, хорсол,

Шал руу чулуудаж байна би энэ үгсийг,

Амьдралын эхлэл дээр юм бүхэн цагаахан

Амссан хагацал эднээс баясгалантай...

 

 

♦        ♦        ♦

 

Үд дундын бороо

Түр зуурын цас

Зам зуурын яриа

Үнэргүй амтат

Өнгөгүй гэрэлт учралууд

Бүгдэд нь хайртай.

Хормогчоо өмсөөд л

Хоол цай бэлдэж

Хонгорхон минь чамтай хоёрыг гурав,

Хорвоог дүүрэн болгоно гэж итгэсэн.

 

Шагайвчаар оргон зугтаж

Шар айраг ууж, сайхан шүлэг бичиж

Таарамжгүй нэгнээ өдөөн хатгаж

Тамхи баагиулж, хоосон амлаж

Нүдэнд минь нулимс зурсан чамайг

Ор тас мартаад

Одоо л жинхэнээсээ инээмсэглэмээр...

 

 

♦           ♦          ♦

 

Үстэй малгайн дороос

Үстэй алчууран дороос

Уруул, нүд харагддаггүй болохоор

Өвөл чамд гунигтай санагддаг уу?

Өвөл надад гунигтай санагддаг

Цасанд даруулж бөхийсөн хүмүүс

Цантсан, бүрхүүлт, бүүдийсэн хүмүүс

Царайгаа харуулалгүй гудамжинд зөрөх

Царайлаг ч байж мэдэх хүмүүс

Өө, өвөл чамд гунигтай санагддаг уу?

 

Өвөл надад гунигтай санагддаг

Хүйтнээс нуугдсан дулаахан үг

Хүмүүсээс ичсэн нүцгэн мод...

Хаана байна аа, тэр улаан, ногоон

Хаа сайгүй л цагаан, цагаан

Өвөл чамд гунигтай санагддаг уу?

Өвөл надад гунигтай санагддаг

 

 

Буй биеэрээ би цас болно
Бүрхсэн их цас болно
Бүүр том хот тосгодыг ч
Бүгдийг хучсан цас болно

Гуу жалга дүүрэн цас болно
Гуниг зовлонг дарсан цас болно
Гуйлгачин ядууг умдаалсан цас болно
Гурвалсан морьд шиг галт тэрэгний
Дуун дохио дун бүрээ цас болно

Хамаг биеэрээ би цас болно
Хавирган сарны сэвэлзээнд
Хашаан доторх хэцэн дээр
Хяруулж сувдарсан цас болно

Хамгийн эхлээд би чинийхээ
Хатаахаар салхинд өлгөж тавьсан
Хавчаартай хөөрхөн нэг “алаг шувууг”
Хамгаас нуун далдлах цас болно

Хайрлаж дурлаж явсан
Он цаг минь цас болно
Хандмаагаас ирсэн захиа
Хөх-нуурын шүлгүүд минь ч цас болно

Энэ биеэрээ би цас болно
Их үс гэзэг шигээ цас болно
Эргэж төрөхдөө би цас болно
Эрээнцавынхаа л цас болно

Эцэст нь чамдаа гишгүүлж дагтаршсаар
Энгэрийн бэлд тавьсан
Эрдэнийн гурвалжин чулууны
Эрхин цагаан судалд шингэнэ

Тэргүүний минь үс тэр цагт үсэг болж
Тэнгэрийн орноо билиг болон одно
Цагийн жамаар гэзэг минь аясхан бударч
“Цагаан шүхэрт” ном болно…

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top