Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг өнөөдрөөс мөрдөж эхэлнэ

2023 оны 01 сарын 21

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-аас 2022 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр баталсан бөгөөд хууль 2023 оны нэгдүгээр 21-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх юм.

Уг хуульд Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Шинэ сэргэлтийн бодлого зэрэг бодлогын баримт бичигт тусгасан авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, оногдуулах ялын бодлогыг чангатгах зорилтыг хэрэгжүүлэх, Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид нийцүүлэх үүднээс холбогдох өөрчлөлтийг оруулсан болно. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд дараах зарчмын өөрчлөлтийг тусгалаа.


 

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ЕРӨНХИЙ АНГИД ИЙН ЗААЖЭЭ

 

Халдашгүй бүрэн эрхээр “халхавчлан” хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээдэггүй, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчмыг гажуудуулдаг байдлыг халах зорилгоор Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид нийцүүлэн хуулиар халдашгүй байдлыг баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх дуусгавар болсны дараа тоолох өөрчлөлтийг тусгасан.

Түүнчлэн, нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд бүх насаар хасаж, авлигын гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй байх нэмэлтийг хуульчлав. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас үл хамааран шүүхийн шийдвэрээр хурааж улсын орлого болгохоор тусгажээ. Сэжигтэн мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс эхлэн зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолохоор болжээ. 

 

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ТУСГАЙ АНГИД НЭМЭГДСЭН ЗҮЙЛС

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт оруулсан зарчмын өөрчлөлтийг тоймлоход бүх зүйл тодорхой болно. Тухайлбал, авлигын зарим гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнээс торгох ялыг хасаж, хорих ялын хэмжээг нэмэгдүүлэв.

Мөн зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг нэмэгдүүлж, авлигын зарим гэмт хэрэгт оногдуулах ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг хасаж, нийтийн албанд ажиллах эрх хасах ялын хэмжээг нэмэгдүүлж, энэхүү нэмэгдэл ялыг зарим гэмт хэрэгт бүх насаар нь нь оногдуулахаар хуульчилсан байна. Түүнчлэн “Нийтийн албанд ажиллах эрхийг хасах” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4.1-д заасан албан тушаалд сонгогдох, томилогдох, ажиллах эрхийг хасах аж.

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн тухайд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тухайлбал, хуулийн 22 дугаар зүйлд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт оногдуулах ялын санкцаас торгох ялыг бүхэлд нь хассан байна. Мөн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүний ял хариуцлага адил хэмжээтэй оногдуулахаар заасан байсан давхардал, зөрчлийг арилгаж оногдуулах ялыг ялгамжтай болгосон бол 22.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгээс зорчих эрхийг хязгаарлах ялыг хасаж, нийтийн албанд ажиллах эрхийг хасах нэмэгдэл ял 2-5 жил байсныг 2-8 жил, хорих ял 1-5 жил байсныг 2-8 жил болгон нэмэгдүүлэв.

Бас нэг зүйл байгаа нь 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн субьектэд улс төрд нөлөө бүхий этгээдээс гадна төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтныг хамааруулан өргөжүүлж, нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ял 5-8 жил байсныг бүх насаар хасах, хорих ялын хэмжээ 2-8 жил байсныг 5-12 жил болгон тус тус чангатгав.

 

ХАХУУЛЬ АВАХ ГЭМТ ХЭРЭГ

 

Хахууль авах гэмт хэргийг Нийтийн албан тушаалтан хахууль авах /22.4 дүгээр зүйл/, Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль авах /Эрүүгийн хуулийн 22.13 дугаар зүйл/ гэж субьектээр нь ялгаж, оногдуулах ялын бодлогод өөрчлөлт оруулсан бол 22.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэгт оногдуулах ялаас торгох болон зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус хассан аж.

Түүнчлэн 22.4 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн, эсхүл их хэмжээний хахууль /нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг/ авсан бол уг оногдуулах ялаас торгох ялыг хасаж, нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ял найман жил хүртэл байсныг 5-8 жил, хорих ялын хэмжээ 2-8 жил байсныг 5-12 жил болгон тус тус нэмэгдүүлжээ. Мөн 22.4 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ялыг бүх насаар оногдуулж, хорих ялын хэмжээ 5-12 жил байсныг 12-20 жил болгон чангатгав.

Үүнээс гадна гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтныг хахуульдах гэмт хэрэггэж нэг зүйл бий. Хуулийн 22.6 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг буюу Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтныг хахуульдах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний ял хариуцлагаас торгох ял болон зорчих эрхийг хязгаарлах ялыг хасаж, нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ял 3 жил хүртэл байсныг 2-5 жил хүртэл хугацаагаар оногдуулахаар нэмэгдүүлэв.

 

УЛСЫН НӨӨЦИЙГ ХУУЛЬ БУСААР ЗАРЦУУЛАХ, ҮРЭГДҮҮЛЭХ

 

Эрүүгийн хуулийн 22.7 дугаар зүйл буюу Улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх гэмт хэрэгт өөрчлөлт оруулсан. Ингэхдээ улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнд оногдуулах ялаас торгох ялыг хасаж, нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ял гурван жил хүртэл оногдуулахаар байсныг 2-5 жил байхаар нэмэгдүүлж, улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан бол хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2-8  жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах нэмэлтийг тусгажээ.

Эрүүгийн хуулийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан үйлдлийн улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан бол энэ гэмт хэрэгт тооцох тайлбарыг нэмж хуульчилж, 22.8 дугаар зүйлийн 1.6 дахь заалтад заасан улсын төсвийн, өөрийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралтад шаардлага хангаагүй бараа, бүтээгдэхүүн ашиглах замаар төсөвт өртгийг бүрдүүлж хөрөнгө завшсан гэмт хэрэгт оногдуулах ялын нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ял 3 жил хүртэл байсныг 2-5 жил хүртэл хугацаагаар нэмэгдүүлэх өөрчлөлтийг тусгав. Мөн төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэгт өөрчлөлт орсон. Тухайлбал, хуулийн 22.9 дүгээр зүйлд заасан Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд оногдуулах ялд нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулах нэмэлтийг хуульчилсан байна. 

 

ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ХӨРӨНГӨЖИХ ГЭМТ ХЭРЭГ

 

Хуулийн 22.10 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнд оногдуулах ялаас торгох ялыг хасаж, нийтийн албанд ажиллах эрх хасах, нэмэгдэл ял хоёр жил хүртэл байсныг 2-8 жил, зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялын хугацаа зургаан сараас гурван жил байсныг 1-5 жил болгон ялын бодлогыг чангатгав.

Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн гэсний “их хэмжээ” гэдэгт нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгох тайлбарыг нэмэв. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн  гэмт хэрэгт оногдуулах ялын санкцаас торгох ялыг хасаж, нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ял 2-5 жил хүртэл байсныг бүх насаар хасахаар нэмэгдүүлж, зорчих эрхийг хязгаарлах болон хорих ял 1-5 жил хүртэл байсныг 2-8 жил хүртэл болгон чангатгаэнн.

 

ДУРААРАА ААШЛАХ ГЭМТ ХЭРЭГ

 

Хуулийн 22.11 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан дураараа аашлах гэмт хэргийн шинжийг тодорхой болгож нийтийн албан тушаалтан өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлсэн, ашигласан бол гэмт хэрэгт тооцохоор, энэ гэмт хэрэгт оногдуулах нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ял 2 жил хүртэл байсныг 2-5 жил хүртэл болгон нэмэгдүүлж, бусад ялын хэмжээг хэвээр үлдээв. Дураараа аашлах гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан бол хүндрүүлэх бүрэлдэхүүнд хамааруулж, нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хасаж зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялыг 1-5 жил хүртэл хугацаагаар оногдуулах нэмэлтийг хуульчлав.

 

ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ШИЙДВЭРЛЭХГҮЙ БАЙХ АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГ

 

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдэх гэмт хэрэгт нэмлт оруулсан.

Ингэхдээ хуулийн 22.4 дүгээр зүйлийн дөрөв дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдэх гэмт хэрэг, хуулийн 22.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдэх гэмт хэрэг хэмээн тус тус заажээ. Мөн УИХ-ын гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар шалгадаг байсныг УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн Авлигатай тэмцэх газар шалгах өөрчлөлтийг хуульчилжээ. 

М.ЗУЛ

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (192.82.86.220) 2023 оны 01 сарын 21

Гэр бүлийн хуульд өөрчлөлт оруулахаар юм гэр бүл салалтаас бол хүүхэд их хохирол амссан байга хүүхдэд ногдох 0-10 нас хүртлээ хүүхдийн мөнгө тэтгэмжийн 50% буюу 119000 төг одоогийн нийгэмд ханаач хүрэхгүй юм нийгмээ дагаж мөнгөн дүнг ядаж 300000-500000 хооронд болгож өгөх хэрэгтэй ш дээ арайл бга бна хууль дүрмээ чангатгах хэрэгтэй ш дээ

0  |  0
Top