Хувь хүний мэдээлэл хамгаалах хуулийг өөрчилж, аюулгүй байдлыг хамгаална

2023 оны 01 сарын 18

Өнгөрсөн өдрүүдэд иргэн хүүхдийн мөнгө авах боломжтой эсэхээ e-mongolia системээр шалгахад, ачаалал үүсэж, гацсан асуудал гарсан. Энэ талаар өнөөдөр /2023.01.18/ Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл өгсөн.


Энэ үеэр тэрээр "Нийтийн мэдээллийн ил тод байдлын хууль, Хувь хүний мэдээлэл хамгаалах хуулийн дагуу цахим шилжилтийн үед сорил бэрхшээлүүдийг бид хамтдаа давж байна. Үнэхээр шийдэх ёстой төрийн үйлчилгээ, төрийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцдоггүй, мэдээллийн зөрүүтэй байдал өнөөдрийг хүргэсэн. Цахим шилжилтэд зарцуулж байсан хөрөнгө мөнгө, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд байгууллага бүр дээр байснаас байгууллага хоорондоо илүү уялдаатай ажиллах, мэдээллээ солилцох нөхцөл байдал бий болоогүйгээс болоод өнөөдрийн энэ байдалд хүрлээ.

Тиймээс энэ цаг мөчид иргэдэд энэ мэдээллүүд ил тод болж байгааг ашиглаж хамтдаа энэ системүүдээ илүү боловсронгуй болгох, дундын сангаа байгуулах, төрийн байгууллагуудаа data exchange буюу мэдээллээ хоорондоо солилцдог болох асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газраас ч төрийн цахим үйлчилгээнд тулгарч байгаа саад бэрхшээлүүдийг шийдвэрлэх шат дараатай арга хэмжээнүүдийг авч байна.

 

Үндэсний дата төвийг cloud provider болгох зорилтыг дэвшүүлээд Засгийн газар шийдвэрлэсний үр дүнд энгийн ачааллаасаа тав дахин ачаалахад унах нөхцөл байдал үүсэж болзошгүй байсныг цаашдаа хэвийн үйл ажиллагаатай байх ажлыг хийнэ. Энэ жилийн төсөв мөнгөний хувьд ч тоног төхөөрөмжийг нь сайжруулах, software талаасаа илүү hardware талдаа техникийнхээ чадамжийг нэмэгдүүлэхэд илүү анхаарч, салбар дундын уялдааг зохицуулах, төрийн цахим үйлчилгээг зохицуулахтай холбоотой давхардал хийдлийн хуулийг гаргаж ажиллана. Хувь хүн, иргэдийн мэдээллийг төр ямар ч тохиолдолд мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр ашиглахгүй байх үндсэн зарчмыг удирдлага болгон ажиллаж байгаа учраас гар утсанд нь та бүхэнд мэдэгдэх хуудас ирдэг, мэдээллийг ашигласан түүх нь он, цаг хугацаатай ирдэг шинэчлэл хуулийг батлагдсаны дараа Засгийн газраас авч хэрэгжүүлж эхэлсэн.

Цаашдаа бид холбогдох хуулиудад өөрчлөлт оруулснаар төр ямар ч үед иргэдийнхээ мэдээллийг иргэний зөвшөөрөлгүйгээр олон нийтэд мэдээлдэг, нийтэлдэг байдлыг халах ёстой. Тиймээс өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлж байгаа Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийг дагалдуулж Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулж, иргэдийнхээ мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах талд онцгой анхаарч байна" гэв.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цахим хөгжилийг...(203.98.76.186) 2023 оны 01 сарын 18

Цахим хөгжил нэрээр хувь хүний бүх мэдээллийг төр болон хувийн компаниудад задруулж байгаа Засгийн газрыг Олон Улсын Шүүхэд өгчих хэл ус,хуулийн бядтай залуус байхгүй л юм байх даа .Чаддаг бол НҮБ хүртэл зарга мэдүүлмээр л байна.

0  |  0
Top