Н.Учрал: Дарханаас нэмэлт төхөөрөмж авчирч, e-mongolia системийг хэвийн ажиллагаанд оруулсан

2023 оны 01 сарын 18

Өнгөрсөн өдрүүдэд иргэн хүүхдийн мөнгө авах боломжтой эсэхээ e-mongolia системээр шалгахад, ачаалал үүсэж, гацсан асуудал гарсан. Энэ талаар өнөөдөр /2023.01.18/ Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал дараах мэдээллийг өглөө.


Тэрээр "Төрийн үйлчилгээний нэгдсэн систем бол e-mongolia. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем бол ХУР систем. ХУР системтэй дэмжих системүүд нь холбогдож, мэдээллүүдийг татаж иргэдэд e-mongolia-аар мэдэгдэл, мэдээллүүдийг хүргэж байгаа.

Тэгэхээр өнгөрсөн хугацаанд буюу 2023 оны нэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн хүүхдийн мөнгө авах боломжтой эсэхийг шалгах үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем e-mongolia-д холбож оруулсан. Иргэдэд хүүхдийн мөнгө олгох боломжтой талаар 346.154 иргэний гар утсанд мессежээр нэгдүгээр сарын 16-ны өдөр мэдэгдэл хүргэсэн. Мессеж хүлээн авсан иргэдээс 109.714 нь e-mongolia системд орж баталгаажуулах байдлаар шалгасан.

Нэгдүгээр сарын 18-ны өдрийн байдлаар давхардсан тоогоор 371.656 иргэн хүүхдийн мөнгө авах боломжтой эсэхээ e-mongolia системээс шалгасан. Ингээд холбогдох хүсэлтүүдийг өгсөн.

Нэгдүгээр сарын 16-ны 22:00 цагийн үед 300 мянган хүн зэрэг хандсан. Энэ нь энгийн үеэс 15-20 дахин нэмэгдсэн. Бид бол мэдээлэл хариуцагч нарын мэдээллийг иргэдэд e-mongolia-аар дамжуулж хүргэх үед, бэлтгэл ажлыг хангаж ажиллах үедээ ачааллыг 10 дахин нэмэгдүүлэхэд сервер унах, ямар нэг эрсдэл байхгүй гэдэг тооцооллыг хийсэн байсан боловч 20 дахин нэмэгдсэнээр хэт ачааллын үед сервер унах, ачааллаа дийлэхгүй байх нөхцөл үүссэн. Тиймээс өнгөрсөн өдрүүдэд Үндэсний дата төв, E-Mongolia академи ажиллаж, нэмэлт тоног төхөөрөмжийг байршуулж, Дархан-Уул аймаг дахь Дата төвөөс нэмэлт төхөөрөмжүүдийг авчирч, e-mongolia системийг хэвийн үйл ажиллагаанд оруулсан" гэв.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоригт (64.119.25.109) 2023 оны 01 сарын 18

Үхсэн ацных нь цахим. Шаахаа л больчих. Оюуэрдэнэ боловсролгүй бөөсийг зайлуулаачээ

1  |  0
Top