Б.Жавхлан: Хувь компаниудын нэр цохож, санхүүжилт олгохыг даалгасан тогтоолууд байна

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 04

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Монголбанкнаас 2021 онд хийсэн шалгалтаар 2012-2016 онуудад Засгийн газрын нийт 120 тогтоолоор тухайн үеийн ханшаар 8.1 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний санхүүжилтийг Хөгжлийн банкнаас гаргуулахаар даалгуулснаас 2.5 тэрбум доллар буюу тухайн үеийн ханшаар 5.4 их наяд төгрөгийн зээлийн санхүүжилтийг олгосон байна.

Тус тогтоолууд нь бүтээн байгуулалт, аж үйлдвэрүүдийг дэмжих хэмээн чихэнд сонсголтой, сүржин нэрийн дор ихэвчлэн техник эдийн засгийн үндэслэл, судалгаа нь бэлэн болоогүй төсөл нэртэй хувь компаниудын нэр цохож, "Зөвхөн энэ компанид санхүүжилтийг олго" хэмээн даалгасан тогтоолууд байна.

Жишээ нь, шинэ бүтээн байгуулалтыг дэмжих нэртэй "Эрэл" ХХК-ийн байшин үйлдвэрлэх комбинат төслийг тусгайлан нэр зааж дурдаад, олонх санхүүжилтийн дүнг нь тогтоолдоо бичиж, үүрэг болгосон байдаг. Мөн "Шинэ яармаг" орон сууцны хороололд 50 сая төгрөгийн зээл олго гэж үүрэгдсэн тогтоол ч байна. Төмрийн үйлдвэрийг дэмжих нэрийн дор "Монлаа" ХХК, "Бэрэн" группт зээл олгохыг Хөгжлийн банканд даалгасан байдаг.

Монгол Улсын засгийн газрын шийдвэр нь тухайлан нэр заасан компаниудад л зээл олго гэж Хөгжлийн банканд үүрэг өгөх байдлаар гарсан нь шударга ардчилсан ёсны зарчимд нийцэхгүй, төр нь өөрөө хэн нэгэнд давуу байдал бий болгосон нь хэзээ ч дахиж давтаж болохгүй алдаа юм.

Засгийн газрын зүгээс Хөгжлийн банкны 10 гаруй жил хуримтлагдсан хур их өртэй тэмцэж байна. Шинэ сэргэлтийн бодлогын томоохон төслүүдийг санхүүжүүлэх чухал үүрэг гүйцэтгэх Хөгжлийн банк сүүлийн нэг жил өр барагдуулах алба болон хувираад байна. Шалгаад эхлэхээр хувь, хувьсгалын олон шахалт, дарамт тулгарч байна. Тэглээ гээд ухарч хулчийхгүй. Хөгжлийн банкны асуудлыг заавал эцэслэн шийдвэрлэж, буруу, зөвийг шүүн тогтоох ёстой.

2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс аравдугаар сарын 25-ныг хүртэлх өдрийн хугацаанд нийт 777 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийлээ. Үүнээс 689,1 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр, 87,9 тэрбум нь хөрөнгөөр эргэн төлөгдлөө. 365 тэрбум төгрөг бүхий нийт 14 зээл бүрэн төлөгдөж хаагдлаа. 

Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 1,3 хувиас 16 хувьд хүрч зохистой харьцааны хэмжээнд хүрлээ. 

Зээлийн эргэн төлөлтийг оны эцэст нэг их наяд төгрөгт хүргэхийг зорин ажиллаж байна. Ингэснээр банкны өөрийн хөрөнгийн үзүүлэлт 20 хувь хүрэх боломж бүрдэнэ" гэлээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэргүй(202.55.188.81) 2022 оны 11 сарын 06

Жавхлан гончигнохгүй ажлаа хий.Бодит үйлдвэр бүтээн босгох зорилгоор зээл өгсөн байх,харин ажлын явцыг ч цаг алдахгүй ажиглан хянаж байх ёстой байсан.

1  |  0
зочин (192.82.72.138) 2022 оны 11 сарын 06

20 ХУВЬ ЧИНЬ ЮУ Ч БИШ БИЗДЭЭ. НӨГӨӨ 80 ХУВИЙГ НЬ ЯАХ БОЛЖ БАЙНА?

1  |  0
Top