Монгол иргэд өндөр цалинтай ажлын саналд ХУУРТАЖ, хүний наймааны хохирогч болж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 02

Зүүн Өмнөд Азийн Мьянмар, Камбож зэрэг улсад Монгол Улсын иргэд хөдөлмөрийн мөлжлөгт өртөж, эрх чөлөөгөө хязгаарлуулан, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болж байгаа талаар сэрэмжлүүлсээр байгаа.

(Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу)

Гэтэл “Өндөр цалинтай ажилд авна”, “Хямд зардлаар аялалд зуучилна” зэрэг хуурамч зарын дагуу манай улсын иргэд дээрх улсууд руу зорчиж, гэмт хэргийн хохирогч болох магадлал өндөр хэвээр байна.

Тухайлбал, “KK Park” буюу өөрсдийн сурталчилгаандаа “Asia Pacific New City” гэх нэрийг ашиглаж буй газар нь Тайланд, Мьянмар Улсын хилийн ойролцоо Мьянмарын зэвсэгт босогчдын мэдлийн бүс нутагт байрладаг цахим луйвар, биеэ үнэлэлт, хөдөлмөрийн мөлжлөг болон мансууруулах бодисын хууль бус наймаа эрхэлдэг болох талаар бүс нутгийн улс, орнуудын хууль хүчний байгууллагаас мэдээлсэн.

Үүнд манай улсын иргэд хууртаж, энэхүү байгууллагын хохирогч болсон нь тодорхой болсон бөгөөд одоогоор 15 монгол хүн хоригдож, албадан хөдөлмөр эрхэлж байгаа гэдгийг ГХЯ-наас мэдээлээд байгаа юм.

Иймд, олон нийтийн цахим сүлжээ болон бусад хэлбэрээр тавьсан Зүүн Өмнөд Азийн орнуудад өндөр цалинтай, хялбар ажлын байранд зуучлах саналаас татгалзаж, энэ төрлийн мэдээлэл, санал авсан тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдээлж, өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Анхааруулахад, "КК парк" цахим орчинд англи, хятад хэлний орчуулагч, хүний нөөцийн мэргэжилтэн, оператор зэрэг ажилд өндөр цалин, хангамж амласан худал зар, мэдээлэл оруулж, иргэдийг хууран мэхэлж, авчирдаг байна.

Улмаар онгоцны тасалбар, даатгал, зочид буудал, хоолны зардлыг хариуцсан нэрээр өрийн дарамтад оруулан, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх замаар цэрэгжсэн хамгаалалт дор албадан хөдөлмөр эрхлүүлдэг.

Хохирогчид бусдын хүчинд автан, тус бүсэд шинээр хүн олж авчрах, зуучлах ажлыг гүйцэтгэж байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа талаар Тагнуулын ерөнхий газраас мэдээлсэн билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top