Туркойз Хиллийн хувьцаа эзэмшигчид хуралдаж, Рио Тинтогийн саналыг хүлээж авахаа шийднэ

2022 оны 11 сарын 03

Манай улсын эдийн засгийн урдаа барьдаг гол хөшүүрэг бол Оюу толгойн төсөл. Тэр ч утгаараа Оюу толгойн ордтой холбоотой мэдээлэл монголчуудын хамгийн их анхаарах ёстой асуудал. Тэгвэл өнгөрөгч есдүгээр сарын эхээр Рио Тинто Туркойз Хиллийн 49 хувийн нэгж хувьцааг 43 канад доллароор худалдаж авах зарчмын тохиролцоонд хүрсэн билээ. Гэвч Калифорнид төвтэй Туркойз Хиллийн 2.16 хувийг эзэмшдэг “SailingStone Capital Partners” компани хувьцаагаа бэлэн мөнгөөр худалдах нь Оюу толгойгоос цаашид хүртэх ашгийг хангалттай нөхөж чадахгүй” гэж мэдэгдэж байсан. Мөн Туркойз Хиллийн 10 хувийг эзэмшдэг “Pentwater Capital Management” Рио Тинтогийн сүүлд тавьсан саналын талаар тайлбар өгөхийг хүссэн Ройтерс агентлагийн хүсэлтэд хариу өгөөгүй байна. “Pentwater Capital Management” өмнө нь Рио Тинтогийн гуравдугаар сарын дундуур гаргасан нэгж хувьцаанд 34 канад доллар өгөх саналаас татгалзаж байсан. Анх 2.7 тэрбум ам.доллар санал болгож байсан бол дараа нь 3.1 тэрбум болгосон юм. Харин үнэлгээнд бага зэрэг өөрчлөлт орсон байна. Талууд хоорондоо хэлэлцэж нэгж хувьцааны үнэлгээг дахин нэмж 43 канад доллар болгосон байна. Ингэснээр хэлцлийн нийт дүн 3.3 тэрбум ам.доллар хүрсэн. Энэ бол Рио Тинтогийн хамгийн сүүлийн санал ч гэгдэж буй.

Хэрвээ Рио Тинто Туркойз Хиллийн үлдэгдэл хувьцааг худалдаж авч чадвал Оюу толгой төслийн 66 хувийг, харин үлдсэн 34 хувийг Монголын Засгийн газар эзэмших юм. Оюу толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийн хувьд энэ худалдан авалт хийгдсэн ч уурхайн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын явцад ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй гэх байр суурийг илэрхийлсэн байна. Ямартай ч энэ сарын 1-нээс Туркойз Хиллийн хувьцаа эзэмшигчид хуралдаж, Рио Тинто группийн саналыг хүлээж авах эсэхээ эцэслэн шийдэхээр ярилцаж эхэлсэн гэнэ. Тэд ямар шийдвэрт хүрсэн талаарх албан ёсны мэдээлэл одоогоор гараагүй байгаа ч ойрын өдрүүдэд энэ асуудал нэг мөр болох нь тодорхой болжээ.

 

Ө.БАЯР

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top