“Globalvoices”: Монгол Улс ОХУ-аас улам хараат болох магадлалтай

2022 оны 10 сарын 27

“Globalvoices”-т нийтлэгдсэн Монголын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна.


2022 оны аравдугаар сарын хоёр дахь долоо хоногт Монгол Улсад түүхэн дэх хамгийн том эзэнт гүрнийг үүсгэн байгуулагчид зориулсан Чингис хааны музей нийслэл Улаанбаатар хотноо нээлтээ хийлээ. Энэ үеэр монголчууд Украин дахь  цус урсгасан түрэмгийллийг эсэргүүцэн Монгол дахь Оросын Элчин сайд Искандер Азизовыг хөөн гаргахыг уриалан Оросын Элчин сайдын яамны өмнө жагссан. ОХУ-ын Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн бол Монгол Улсад хамгийн олон жил буюу  есөн жил Элчин сайдаар ажилласан. 2022 оны нэгдүгээр сард ОХУ-ын Элчин сайдаас УИХ-ын даргад хандан УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудал, чиглэлийг гардуулахыг хүссэнд олон нийт ихэд дургүйцсэн.

Монгол Улс нефтийн бүтээгдэхүүний импортын 90 хувийг ОХУ-аас авдаг эрчим хүчний импортоос хэт хамааралтай байгаа нь томоохон эрсдэл, эмзэг байдал болж байгаа юм. 2022 оны хоёрдугаар сард Орос Украин руу довтолж эхэлснээр Европын орнууд эрчим хүчний эх үүсвэр, нийлүүлэгчдийг төрөлжүүлэх замаар Путиний "Эрчим хүчний шантааж" бодлогыг эсэргүүцэж байхад Монголд тэгэх ямар ч боломж байгаагүй. 

Учир нь,  Монгол Улс ОХУ-ын импорт, ялангуяа эрчим хүчний эх үүсвэрээс туйлын хамааралтай хэвээр байна. 2022 оны гуравдугаар сарын байдлаар Орос-Монголын худалдаа Монголын нийт импортын бараг гуравны нэгийг эзэлж байгаа нь Кавказ болон Төв Азийн аль ч улсаас илүү байна.

Нэгэн цагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн “Ардчиллын баян бүрд” хэмээн нэрлэж байсан далайд гарцгүй Монгол Улс Орос, Хятад хоёр авторитар хөршийн дунд ганцаараа зогсож байна. Албан тушаалын авлига, тэгш бус байдлын чиглэлээр бага оноо авсан ч Монгол Улсыг "Дэлхийн эрх чөлөө" байгууллагаас 100 онооноос 85 оноо авч "Чөлөөт" гэж үнэлэв. Гэсэн хэдий ч эдийн засаг нь 17 хувийн өсөлттэй байсан Монгол Улс 2016 онд дефолтын ирмэгт ирсэн. Үүний зэрэгцээ хүн амын бараг гуравны нэг нь ядуурлын шугамаас доогуур байсан нь Засгийн газарт гадаадын хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн шинэ боломжуудыг татах шаардлагатай болсон.

Яг энэ үед Орос, Хятад хоёр эдийн засаг, геостратегийн томоохон төслүүдээ эрчимжүүлэв. Монгол Улс хил залгаа цорын ганц улс болох Орос, Хятад хоёрын өрсөлдөөнөөс ашиг олохыг хичээсэн. Гэвч 2014 оноос хойш Орос Хятадаас илүү хамааралтай болохын хэрээр гурван талт тогтолцооны тэнцвэрт байдлын боломж  буурчээ. Эхэндээ Оросыг дэмжсэн байр суурь нь сонгуулийн үеэр Хятадыг эсэргүүцэх үзэл санааг дотооддоо ашиглах ашигтай стратеги байж болох ч удалгүй өөрсдөө үүндээ дарагдсан бололтой.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганыг тасалдуулж, В.Путиний оролцсон арга хэмжээнд оролцохыг илүүд үзэж, харин эрх баригч МАН ОХУ-ын эрх баригч Нэгдсэн Орос намтай албан ёсны хамтын ажиллагаагаа эрчимжүүлсэн гэж шүүмжилсэн. Гэсэн хэдий ч Оросыг чиглэн Хятадаас хараат байдлыг тэнцвэржүүлэх олон жилийн хүчин чармайлт оросууд Украин руу довтолсоноор нурж эхлэв.

Өрнөдийн хориг арга хэмжээнд тулгарсан Орос  дэлхийн ганцаардлыг даван туулахын тулд одоо байгаа холбоотнуудаа ашиглахыг оролдсон бөгөөд Монголын эдийн засгийн хараат байдлыг улам нэмэгдүүлж байна. Хоёрдугаар сарын 28-нд буюу дайн эхлээд тавхан хонож байхад Оросын байгалийн хийн аварга компани "Газпром" Монголын өнөөгийн Засгийн газартай Оросоос Хятад руу чиглэсэн "Союз-Восток" хий дамжуулах хоолойн төслийн зураг төсөл, судалгааны ажлын гэрээнд яаравчлан гарын үсэг зурав. Гэсэн хэдий ч үүнийг хэрэгжүүлснээр Монгол Улсад асар их зардал, ОХУ-аас их хэмжээний зээл авч, Оросоос улам бүр хараат болох магадлалтай.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top