Итгэлцээд зээл авъя

2022 оны 10 сарын 18

УИХ-аар хэлэлцэх гэж буй шинэ хуулиудын нэг нь Итгэлийн зээлийн тухай хуулийн төсөл юм. Жирийн иргэд жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлье гэвч зээл олддоггүй, ар, өврийн хаалга хэрэгтэй болдог, иргэдийн авах зээлийг мэдээлэлд ойр өндөр албаныхан хүртдэг гэх маргаан нэг хэсэгтээ үргэлжилсэн. Түүнээс гадна зээлийн хүрэлцээ бага, хүү өндөр, барьцаа хөрөнгө байхгүй зэрэг олон хүндрэл бэрхшээлтэй нүүр тулдаг. Тиймээс бага хүүтэй, барьцаа хөрөнгө шаардахгүй, санхүүгийн уян хатан нөхцөлтэй бага дүнтэй зээлийг зорилтот бүлгийн иргэдэд хүргэх зорилгоор Итгэлийн зээл бий болгох эрх зүйн орчинг бүрдүүлэхээр УИХ-аар Итгэлийн зээлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх юм байна. Гурван хувийн хүүтэй, барьцаагүй, урт хугацаатай Итгэлийн зээлийн тухай хуулийг баталснаар жирийн иргэд зээл авахад тус дөхөм болох юм.

Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэхийн тулд нэн түрүүнд зөвшөөрлийн тоог цөөлж төрийн хүнд суртал, чирэгдлийг багасгах ёстой. Үүнийг Зөвшөөрлийн хуулиар зохицуулан зөвшөөрлийн тоог тав дахин бууруулжээ. Одоо Санхүүжилтийн бэрхшээлийг арилгахын тулд Итгэлцлийн зээлийг санаачлаад буй нь энэ юм. Энэ хөтөлбөрийг Монголбанк, Сангийн яамтай хамтран боловсруулж байна. Итгэлцлийн зээл нь ядуурлыг бууруулахад хамгийн бодит үр дүнд хүрсэн хэмээн тухайн үедээ санаачлагч нь Нобелийн шагнал хүртэж байсан, хэд хэдэн оронд үр дүнгээ үзүүлсэн ажил ажээ. Монгол Улсын хэмжээнд нийт зээлдэгчдийн 90 хувь нь 20 хүртэлх сая төгрөгийн зээл авдаг гэсэн тооцоо бий. Үүнтэй уялдаад Итгэлийн зээлийн дээд хязгаар 20 сая төгрөг байх юм.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас болон эргэн тойронд үүссэн геополитикийн сөргөлдөөнт нөхцөл байдал, Орос, Украины дайнаас улбаалан суларсан эдийн засгаа богино хугацаанд сэргээх, улмаар өсөлт бий болгох, нийгмийн салбаруудыг дэмжих, иргэдийн амьдралыг сайжруулах зорилт бүхий Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хангах, жижиг, дунд бизнес эрхлэх сонирхол бүхий иргэдэд чирэгдэлгүйгээр зээлийн үйлчилгээ үзүүлэх, нийгмийн итгэлцлийг бий болгоход уг хуулийн төслийн агуулга чиглэжээ.

Уг гурван хувийн хүүтэй, барьцаагүй, урт хугацаатай Итгэлийн зээлд Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн хамрагдах боломжтой. Гэхдээ тэдэнд тавих шалгуур бий. Итгэлийн зээл авахыг хүссэн иргэд хугацаа хэтэрсэн зээлгүй, банк, санхүүгийн байгууллагад муу түүхгүй, өөр зээлдэгчийн батлан даагчаар бүртгэгдээгүй байх шаардлагатай юм. Зээл авагч өөртөө батлан даагчтай байх ёстой. Өрхийн аж ахуй, эсвэл бичил бизнес эрхэлж байсан төсөл хөтөлбөртэй, энэ чиглэлийн туршлагатай, орлогын тогтвортой эх үүсвэртэй иргэн тухайн зээлдэгчийг батлан даах эрхтэйг бодолцох учиртай.

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ оны аравдугаар сарын 3-ны өдөр намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Орлого багатай буюу тогтмол бус орлоготой, аж ахуй эрхлэх, амьжиргаагаа өөд татах эрмэлзэл байвч барьцаа хөрөнгөгүйн улмаас зээл авч чаддаггүй иргэд зөндөө бий. Ийм хүмүүс, аж ахуйн нэгжүүдэд зориулсан “Итгэлийн зээл”-ийг хуульчилж, төрийн санхүүжилтээр дэмжих зайлшгүй шаардлага байна. ХАА-н үйлдвэрлэл эрхэлж, хүнсний ногоо, мод тариалах мэт өрхийн бизнесийг эхний ээлжинд “Итгэлийн зээл”-д хамруулахаар Монголбанк мөнгө зээлийн бодлого боловсруулж байна” гэсэн билээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top