Д.Амарбаясгалан: Нийтийн тээврийг шинэчлэх АЖЛЫН ХЭСЭГ байгууллаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 10 сарын 14

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2022.10.14/ өөрийн цахим хуудаснаа "Жил бүр нийслэлийн төсвөөс татаас авдаг нийтийн тээврийн салбар хүний нөөцийн дутагдалд орсон, парк шинэчлэл хийгээгүй, үнэ тарифын нөхцөл байдал гээд олон асуудлыг ярьж байна. Энэ байдал хэвээр байвал ирэх жилүүдэд 300 тэрбум төгрөгийн татаас авдаг болно гэсэн тооцоо гарчээ.

Монгол Улсын Ерөнхий сайд болон холбогдох удирдлагуудын хамт нийтийн тээврийн салбарынхантай өнгөрсөн бямба гарагт уулзсан билээ. Харин өнөөдөр нийтийн тээврийг шинэчлэх ажлын хэсэг байгуулж, Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатарын хамт эхний уулзалтаа хийгээд байна. 

Нийтийн тээврийг цогцоор нь шинэчлэхийн тулд Засгийн газар тус салбарыг либералчлах бодлого баримтлахаа илэрхийллээ. Ажлын хэсэгт хувийн хэвшлийн 17 компани нэгдсэн бүтцэд орж, 1 компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулах боломж бий эсэхийг судлах чиглэл өгөөд байна. 

Иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хувийн хэвшил, төр хоёрын хэн үзүүлэх нь чухал биш. Зөвхөн ая тухтай, хүртээмжтэй автобусаар үйлчлүүлэхийг л хүсэж буй. Тиймээс нийтийн тээврийн салбарт ажиллаж байгаа компаниуд тус тусдаа үйлчилгээ үзүүлэх бус нэгдэж, хувь эзэмших тогтолцоогоор нэг бүтцэд орох нь чухал байна.

Ингэснээр төртэй “нэг цонх”-оор харилцаж, хамтран ажиллах боломжтой. Цаашид засвар үйлчилгээ, цалин хангамжаа компани өөрөө санхүүжүүлэх чадвартай болж эхэлбэл төр нийтийн тээвэр дэх оролцоогоо багасгаж, хувийн хэвшилд нь даатгах юм" хэмээн бичжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top