Нийслэлийн Онцгой байдлын газраас Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, ISO 45001:2018 “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал” стандарт, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах зарим арга хэмжээний тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангах, алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх, ажлын байрны нөхцлийг сайжруулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “АЛБА ХААГЧ БҮР АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАЯ” уриан дор “ЭРСДЭЛГҮЙ  АВРАГЧ”  аяныг эхлүүллээ.

Тус аяны зорилго нь нийслэлийн хэмжээнд гарсан аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын  500 удаагийн дуудлага, 800 цаг гамшгийн голомтод ажиллах, хүрэлцэн очих, буцах үед тусгай албаны автомашины жолооч, гал унтраах автомашины жолооч, аврагч, жолооч-холбоочин, шуурхай албаны автомашины жолооч, аврагч, гал сөнөөгч нар мэргэжлийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдах эрсдэлээс урьдчилан сэргийлж, аваар осол, бэртэл гэмтэлгүй ажиллахад чиглэгдэж байна.

Аяны хүрээнд бүтцийн нэгжүүдийн өдөр тутмын үйл ажиллагаа, дуудлага мэдээллээр үүрэг гүйцэтгэхдээ мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр алба хаагчдын хувийн бэлтгэл бэлэн байдал, хариуцлага ёс зүйг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадварыг ахиулах,  сорил сургалт, дадлагын чанарыг сайжруулах, анги, салбар, салаа бүлэг, алба хаагчийн түвшинд үйл ажиллагааг идэвхижүүлэх олон ажил зохион байгуулагдана.

“Эрсдэлгүй  аврагч”  аян   2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 01-ний хооронд үргэлжилнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.