ОЛОН ӨНГӨ: Их хотын тод өнгө их сургуулийн гудамж

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 10

Улсын маань нийслэл Улаанбаатар хотод хамгийн хөл хөдөлгөөнтэй газрын нэг бол Их сургуулийн гудамж. Гэвч хавар болж модод гөлөглөхтэй зэрэгцээд хөл хөдөлгөөн татран татарсаар зуны гурван сар эл хуль болно. Ёстой л нөгөө шувуудаа үдсэн нуур гээч болж хоцорно.

Гэсэн хэдий ч Богд уулын хойд энгэрээр шар туяа татаж, моддын навчис ганц нэгээр тасрах үест эргээд амь орчихдог юм. Оюутан, залуусын хөөр баяр, догдлол, хүсэл мөрөөдөл, хайр дурлал, дуу хуур, яруу найраг энэ гудамжийг ийнхүү амилуулж байдаг билээ. Аль хэзээний л энэ орчим ийм байсан гэдгийг биднээс дээш үеийнхэн ч дурсан ярьдаг.

Харин бидний хэдэн нөхөд хэлэлцсэн юм шиг Их сургуулийн гудамнаа уулзаад, цэцэрлэгийн модон сандал тойрон зогсоод шүлгээ уншицгаадаг байв. Тухайн үедээ бүгд л өөрсдийгөө Ардын уран зохиолч шахуу бодоцгоосон, уншсан шүлгээ хэн ч давтахааргүй бүтээл хэмээн санацгаадаг байжээ.

Энэ ч яахав, 20 хүрээгүй хүн бүхэнд байх л зүйл гэж санадаг юм. Өдгөө тэгж л Их сургуулийн гудамжинаа хөглөрсөн навчисын дунд тойрон сууцгаасан нөхдүүд маань өөр, өөрийн гэсэн өнгө төрхтэй уран бүтээлчид болцгоож, их утга зохиолын ай савд өөр, өөрийнхөөрөө цутгацгааж байнам. Харин тэд маань өөрсдийн өнгө төрхөө Их хотын нэгэн тод өнгө гэрэл болсон Их сургуулийн гудамжнаас л олсон ажгуу. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top