$21.4 тэрбумын гадаад өрийг хувийн хэвшлийн байгууллагууд бүрэн хариуцна гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 09 сарын 09

Энэ  оны нэгдүгээр улирлын эцсийн байдлаар  Монгол Улсын нийт гадаад өр 33.9 тэрбум ам.доллар байна. Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн гадаад өрийн нөхцөл байдал, тооцооллын  талаар байр сууриа илэрхийлэхдээ, “Энэ нь ОУВС-гийн аргачлалаар тооцож гаргадаг статистик үзүүлэлт бөгөөд, дотор нь зээл, бондоос гадна хөрөнгө оруулалтууд ч багтдаг. Жишээ нь, Оюутолгой дээр гэхэд хэдийгээр статистик аргачлалаар өр гэж бүртгэж байгаа ч экспорт хийгээд, татвар төлөөд явж байгаа дефолтын эрсдэлгүй цэвэр хөрөнгө оруулалт явж байгаа юм.  

Мөн нийт өрийн 30% орчим нь төрийн байгууллагуудын өр, үлдсэн 70% орчим нь хувийн хэвшлийн өр байдгийг анхаарах нь зүйтэй. Хувийн хэвшлийн гадаад өр гэдэгт улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлгүй буюу Засгийн газраас баталгаа гаргаагүй, банкууд болон аж ахуйн нэгжүүдийн гадаад зээл, худалдааны өглөг, компани хоорондын зээл болон бусад өр төлбөр юм.

Өөрөөр хэлбэл, нийт өрийн дийлэнх нь аж ахуйн нэгжүүд өөрсдөө төлчих өр төлбөр, эсвэл гаднаас татсан хөрөнгө оруулалт юм. Жишээ нь, нийт гадаад өрөөс Засгийн газрын өр 8.4 тэрбум ам.доллар, Төв банкны өр 2.6 тэрбум ам.доллар, мөн төрийн өмчийн оролцоотой банк, аж ахуйн нэгжүүд (Төрийн банк, Хөгжлийн банк, Эрдэнэт УБҮ, Улаанбаатар төмөр зам, Эрдэнэс таван толгой, Монголросцветмет зэрэг)-ийн нийт 1.5 тэрбум ам.долларын гадаад өрийг хасаад тооцвол 21.4 тэрбум ам.долларын өр үлдэж байна.

Энэ үлдсэн 21.4 тэрбум ам.долларын гадаад өрийг үүсгэж, захиран зарцуулсан хувийн хэвшлийн байгууллагууд маань түүнийг эргэн төлөх үүргийг зэээлдүүлэгчдийн өмнө бүрэн хариуцах үүрэгтэй, харин төр засаг, татвар төлөгчид өмнөөс нь ямар нэг үүрэг хүлээхгүй гэсэн үг. Бас нэг жишээ дурдахад, Хонг Конгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголиан Майнинг Корпорэйшн (Энержи ресурс) 2016 онд 600 сая ам.долларын бонд, 100 орчим сая ам.долларын гадаад зээл, хүүний төлбөрөө төлж чадалгүй, улмаар компанийн ханш нь жилийн дотор 83 хувиаар унаж байсныг санаж байгаа байх. Тухайн үед Энержи ресурс компанийн зүгээс бонд эзэмшигчид, зээлдүүлэгч нартайгаа зээлийн бүтцээ шинэчлэх хэлэлцээрийг хийсэн байдаг бөгөөд эргэн төлөлтийн хугацааг 6 жилээр хойшлуулж, хүүний хэмжээгээ бууруулж чадсанаар санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэсэн байдаг. Иймд хэдийгээр нийт өр 33 тэрбум гэх өндөр дүн яригдаж байгаа боловч, үнэхээр дeфолтын эрсдэл бий юу, татвар төлөгчдөд хэр дарамт учруулах вэ гэдэг дээр зөв дүгнэлт хийхийн тулд доторх бүтцийг нь задалж харах нь чухал” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.55) 2022 оны 09 сарын 10

Энэ улсын өр гэдгийг гайхаад байна. Аль хэзээний 8 тэрбум доллар. Гэтэл энэ онд Оюу Толгойн 2.4 тэрбум доллар тэглэгдсэн. Тэгэж тооцвол одоо төрийн 6 тэрбум долларын өр үлдсэн баймаар. Энэ ямар учиртай юм бэ?

1  |  0
Top